UBLife Logo
Спорт

Болгарт хэлмэгдсэн бөхчүүд зодог тайлах уу, шүүхдэх үү?

Болгарт хэлмэгдсэн бөхчүүд зодог тайлах уу, шүүхдэх үү?

Болгарын бөхийн холбооны шинэ тэргүүн Златева Станка болон Гүйцэтгэх зөвлөлөөс олимпын аварга Магомед Рамазанов, Семен Новиков нарыг шигшээ багаас хасах шийдвэр гаргасныг дэлхийн спортын хэвлэл мэдээллүүд хачирхан, мэдээлсээр байна. Эхлээд ОХУ, Украинд бичиж байсан бол одоо бөхийн их гүрэн болох АНУ, Иранд ч бичиж эхэллээ.

АНУ-ын flowrestling.org цахим хуудас “Болгарын бөхийн холбоо хоёр олимпын аваргаа хаслаа” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан байна.

Нийтлэлд:

“Бөхийн ертөнцөд тун хачирхалтай үйл явдал боллоо. Болгарын бөхийн холбоо 2024 оны олимпын хоёр аваргаа ДАШТ, олимпын наадамд Болгарын өмнөөс барилдуулахгүй байх шийдвэр гаргалаа. Магомед Рамазанов Болгарт ОХУ-аас 2024 онд шилжсэн бөгөөд чөлөөт бөхийн 86 кг жинд олимпын алтан медаль авсан. Тэр Парис олимпод Аарон Брукс, Хассан Яздани нарыг ялсан билээ. Харин Семен Новиков 2023 онд Украинаас Болгарт ирсэн бөх. Парис олимпын наадамд сонгомол барилдааны 87 кг-д алтан медаль авсан юм.

Болгарын бөхийн ертөнцөд болж байгаа зүйлийг ойлгоход бэрх байна. Энэ бүх асуудлын гол үндэс нь өнгөрсөн гуравдугаар сард болсон Бөхийн холбооны тэргүүний сонгуульд Златева Станкаг сонгосон явдалтай холбоотой. Златева бол олимпын хошой мөнгөн медальтай, дэлхийн 5 удаагийн аварга болсон Болгарын хамгийн алдартай бөхчүүдийн нэг байсан. Бөхийн холбооны тэргүүний сонгууль нь Болгарын бөхийн ертөнцийг хоёр хуваасан. Нутгийн бизнес эрхлэгч Ганчев,  Златева Станка нарын өрсөлдөөн маш хатуу, ширүүн болж өнгөрсөн. Ялалт байгуулсан Станка шигшээ багийн дасгалжуулагч Сослан Фарниев, Валентин Ангелов, Мирослав Гочев нарыг халсан. Шигшээ багаа залуужуулна, гадаад тамирчдыг урихгүй гэсэн ирээдүйн төлөвлөгөөгөө гаргасан байлаа. Ингээд эхний шийдвэр нь олимпын аварга Магомед Рамазанов, Семен Новиков нарыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй боллоо.

ДБНХ-ны дүрэм ёсоор “Тамирчин хүн замналынхаа туршид ганцхан удаа иргэншлээ сольж болно” гэж заасан байдаг. Тэгвэл Болгарын паспорт авсан Рамазанов, Новиков хоёр эх орондоо эргэн очиж, барилдах эрхгүй болж байгаа юм. Одоо тэдэнд сонголт тун цөөхөн үлдсэн. Магадгүй цорын ганц зам нь тэд зодог тайлах, эсвэл шүүхэд хандах байх.

Мэдээж ДБНХ энэ асуудалд оролцох ёстой. Хэрэв тэднийг ДАШТ-д оролцуулахгүй бол Рамазанов, Новиков хоёр ДБНХ-ноос гадна Спортын арбитрын шүүхэд хандах бүрэн эрхтэй” гэж бичсэн байлаа.

Ираны телевиз ч энэ асуудалд анхаарал хандуулж байна. Ираны шинжээчид ч хоёр олимпын аваргыг зодог тайлах аюулд орлоо гэж үзэж байгаа юм.  

Тус улсын ТВ мэдээнд “Болгарын бөхийн холбооны шинэ дарга Станка Златева Болгарын хоёр шилдэг бөхийг шигшээ багаас зайлуулахыг хүсэж байна. Станкагийн гаргасан шинэ дүрмээр шигшээ багт орсон гадаад бөхчүүд бүгд болгар хэлээр ярих ёстой ажээ. Гэхдээ энэ шийдвэр нь өөртэй нь сонгуульд өрсөлдсөн бизнес эрхлэгч Гриша Ганчеваас өс авч байгаа мэт харагдаж байна. Ганчев маш олон жил Болгарын бөхийг ивээн тэтгэсэн бөгөөд сонгуулийн дараа хөрөнгө оруулалтаа зогсоосон. Үүнд Станка дургүй байгаа. Мөн Ганчев бол Магомед Рамазанов, Семен Новиков хоёрын харьяалагддаг ЦСКА багийн эзэн нь юм. Болгар улс 24 жил олимпын аваргагүй байлаа. Харин Ганчев ОХУ, Украинаас Рамазанов, Новиков хоёрыг авчирснаар Болгар улс Парист хос алтан медальтай болсон билээ. Харин Станка хувийн өс хонзонгоор хоёр легионер бөхөө хөөхийг хүсэж байна” гэж дурджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.251.156.161
Ширүүн юм болж байгаан байна. Одоо шүүхдээд л үзэж дээ