Словакт болсон Европын АШТ-ий үеэр Албанийн бөх Валиев, ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили нарын дунд гарсан будлиан дуусаагүй байна. Тэр үед Мамиашвили шагнал гардуулах үедээ Валиевыг урвагч хэмээн нэрлэсэн юм.
Хойд Осетид Мамиашвилигийн үйлдлийг маш бүдүүлэг, хүндэтгэлгүй явдал гэж үзсэн. Владикавказын төлөөлөгчдийн хурлын дэд тэргүүн Сослан Бестаев “Бид ОХУ-ын Спортын яаманд энэ явдлыг шалгахыг хүссэн албан бичиг илгээсэн. Бид хамгийн багадаа Мамиашвилигаас Чермен Валиев, чөлөөт бөх сонирхогчид, осетин ард түмнээс уучлал гуйхыг хүлээж байна. Яамнаас шударга шийдвэр гаргана гэж итгэж байгаа. Спорт бөхийн холбооны тэргүүн хүн яагаад манай бөх Чермен Валиев иргэншлээ сольсныг сайн мэдэж байх ёстой. Мамиашвили Оросын спортын нэр хүндийг унагааж, доромжиллоо” гэсэн.

Тэгвэл энэ удаад Украинд байлдаж байгаа осетин цэргүүд Мамиашвилиг уучлал гуйхыг шаардлаа. Бичлэгт “Цэргийн тусгай ажиллагааны эхний өдрөөс эхлэн алба хааж байгаа осетин дайчид бид манай нутгийн бөх, залуу тамирчин, Европын аварга Чермен Валиевыг доромжилсон Михаил Мамиашвилигийн бүдүүлэг үйлдлийг жигшин буруушааж байна. Энэ хүний зан авир Бөхийн холбооны тэргүүн байхад таарахгүйгээс гадна спортын ёс журмыг зөрчиж байна. Осетин ард түмнээс уучлал гуйхыг шаардаж байна” гэсэн байлаа.
Харин ОХУ-ын тэргүүн Михаил Мамиашвили уучлал гуйхгүй гэдгээ зарлаад “Яагаад би осетинуудаас уучлал гуйх ёстой гэж? Яагаад албанчуудаас уучлал гжуйхгүй гэж? Яалаа гэж би хүлцэл өчих ёстой билээ? Энэ бүх явдал осетьин ард түмэнтэй ямар хамаатай вэ? Би өөрөө осетин хүн, миний үйлдэл осетин ард түмнийг гомдоосон гэж үзэхгүй байна. Осетинтой муудалцах ямар ч шалтгааныг би олж харахгүй байна. Хагалан бутаргагчид яс хаяж байна. Залуу авьяаслаг бөхчүүд иргэншлээ солихгүй байх асуудлыг зохих түвшинд шийдэх ёстой. Энэ бол гүнзгий асуудал. Таван минут яриад шийдчихгүй. Энэ тамирчид иргэншлээ соличихоод Орост үлдээд, Орост бэлтгэл хийгээд байна. Яагаад гэвэл тэдэнд өрсөлдөөн хэрэгтэй. Хэрэв чи иргэншлээ солиод Зимбабве хүн болсон юм бол Зимбабведаа бэлтгэл хий л дээ. Гэтэл тэд энд шигшээ багийн бэлтгэл дээр хүртэл байж байх юм” гэжээ.