“Манчестер Сити” клубийн ахлагч, 33 настай Кевин де Брейне энэ улирлын төгсгөлд буурь сэлгэнэ гэдгээ зарлаад удаагүй байна.
Тэрбээр хэлэхдээ “Бүтэн жилийн туршид надад зориулсан нэг ч санал ирээгүй. Клубийн удирдлагууд миний гэрээг сунгахгүй гэдгээ аль эрт шийдчихээд байсан юм билээ. Миний хувьд бага зэргийн гайхсан хэдий ч, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. Уг нь би өөрийгөө өндөр түвшинд тоглож чадна гэж бодож байгаа авч, эцсийн шийдвэрийг клуб гаргадаг. Мэдээж өөрийгөө 25 настай байх үеийнх шигээ багтаа нөлөөтэй байна гэж бардамнахгүй, тэгсэн ч надад клубтээ өгөх бүтээмж арвин бий.
Би хөлбөмбөг тоглох дуртай. Тэмцээнд оролцохдоо ч бас таатай байдаг. Тиймээс замналаа дуусгах тухайд юу ч хэлж чадахгүй. Би бэлтгэлээ базаахдаа залуустай өрсөлдөхийг, тэднийг ялахыг хүсч байгаагаа мэдэрдэг юм” гэв.
Де Брейне 2016 онд “Вольфсбург”-ээс одоогийн багтаа ирсэн. Тэрбээр Премьер лигийн зургаан түрүүгээс гадна Аваргуудын лиг тэргүүтэй 16 цомыг “Сити”-гийн хамтаар өргөсөн билээ.
Түүнд шинэ гэрээ санал болгохоос татгалзсан өөр нэг онцгой шалтгаан нь бэртэл бэртлийн асуудлаас үүдэлтэй. Тэрбээр өнгөрсөн улиралд бүх тэмцээний хүрээнд 26 тоглолтод оролцсон бол энэ улиралд ердөө 19 тоглолтын үеэр талбайд гарсан. Тэгэхдээ бараг таван сарын хугацааг талбайн гадна өнгөрүүлсэн юм.
Де Брейне дөрөвдүгээр сарын эхээр эгнэгт шийдсэнээ зарлахдаа “Хүссэн ч, эс хүссэн ч баяртай гэж хэлэх цаг маань болжээ” гэсэн.
Харин дасгалжуулагч Гуардиолагийн тухайд “Түүнийг одоогийн багтаа үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг хэлэх надад ч бас амаргүй байсан” гэж мэдэгдсэн. Түүний нэр өдгөө Америкийн лигтэй, тэр тусмаа “Интер Майами” клубтэй холбогдох болсон.
Түүнээс энэ зун болох клубүүдийн ДАШТ-д тоглох эсэхийг нь лавлахад “Би хэлж мэдэхгүй байна” гэлээ.
