Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүрэх уг төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ.
Төслийн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй. Өнөөдөр Хүннү хотын цахилгааны эх үүсвэр шийдэгдсэн. Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын олон улсын нээлттэй тендерийг зарлаж байна. Дамжуулах магистрал шугам сүлжээний ажил дуусаж, салбар шугам сүлжээний зургийн ажлын тендер зарлагдлаа. Хүннү хотын авто замын зураг төслийн олон улсын тендерийг нээлээ. Энэ жил Улаанбаатар хотод анх удаа газрын гүний дулааныг ашиглах хайгуул өрөмдлөгийн ажлыг ирэх намар хийхээр төлөвлөж байна. Урьдчилсан судалгаагаар Хүннү хот орчимд газрын гүний дулаан байх магадлал өндөр болохыг дүгнэсэн. Судалгаа батлагдвал Хүннү хотод нүүрс биш газрын гүний дулаан ашиглах боломж бүрдэнэ. Инженерийн шугам сүлжээний ажлууд дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд газар олгож эхэлнэ” гэдгийг онцоллоо.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтэн оролцож, дөрвөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм. Уг төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэснээр хотын төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа юм. Тэгвэл төслийн үр дүнд ачаалал 20-30 хувиар буурна гэж тооцож байна.