UBLife Logo
Спорт

Азийн АШТ-ээс Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар мөнгө, Б.Ням-Эрдэнэ А.Адъяасүрэн нар хүрэл авлаа

Азийн АШТ-ээс Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар мөнгө, Б.Ням-Эрдэнэ А.Адъяасүрэн нар хүрэл авлаа

Тайландын Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдээр явагдсан жүдо бөхийн Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 29 орны 289 бөх зодоглов.

Энэхүү тэмцээнд Монголын 18 бөх хүч сорьсон юм.


Эмэгтэйчүүдийн:

57 кг-д барилдсан өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай Тэрбишийн Ариунзаяа эхний тойрогт гоц мөргөж, Вьетнамын Туя Нгуен, өнгөрсөн оны залуучуудын ДАШТ-ий үзүүр бөх Хятадын Юуинг Тао, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэлтэй Туркменистаны Маяса Пардаева нарыг буулган авч, финалдсан.

Тэрбээр шигшээ барилдаанд Токиогийн Их дуулгын үзүүр бөх, Парисын Их дуулгын хүрэлтэй Мегуми Фучидад унаснаар мөнгөн медаль хүртлээ.


63 кг-ын жинд хүч сорьсон ДАШТ-ий хошой хүрэлтэй, өнгөрсөн оны Ази тивийн аварга Лхагватогоогийн Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны Зулхумар Дашкинова, Киргызийн Мырзайым Дуйшонбекова, Тайванийн Юан Пэй Чун нарыг ялж финалдсан.

Түүний хувьд Парис болон Токиогийн Их дуулга тэмцээний аварга Японы Кажу Харукатай түрүү булаалдаж, мөнгөн медаль зүүлээ. Улмаар тэр Азийн АШТ-ий иж бүрэн медальтай болсон нь энэ.


70 кг-д Монголоос хоёр бөх зодоглож, хүрлийн төлөө хоорондоо барилдав.

Өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальтай, “Ханжоу-2022” Азийн наадмын V байрын шагналт, өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэлтэй Б.Ням-Эрдэнэ, Өмнөд Солонгосын Ли Еран, Узбекистаны Хуршида Раззокбердиева нарыг даваад хагас шигшээд энэ наадмын түрүү бөх Японы Маюу Хондад унасан.

Харин өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүйгийн тухайд эхний тойрогтоо гоц мөргөөд Азийн залуучуудын хошой аварга Узбекистаны Юлдошова Ширинжоныг давав. Тэрбээр “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн оны Азийн АШТ болон “Ханжоу-2022” Азийн наадмын үзүүр бөх Хойд Солонгосын Сон Хуи Мунд ялагдлаа.

Д.Есүй дагах барилдаанд Туркменистаны Йылдырыз Мурадоваг мулталж, хүрлийн төлөөх барилдаандаа Б.Ням-Эрдэнэд унаснаар V байрт шалгарав.

Харин Б.Ням-Эрдэнэ Азийн АШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль зүүсэн юм.


+78 кг-ын жинд хүч сорьсон өнгөрсөн оны Азийн АШТ-ий үзүүр бөх, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэлтэй, Их дуулга ангиллын хошой мөнгөн медальтан А.Адъяасүрэн, Макаогийн Лай Чин Лам, Тажикстаны Виктория Киселева нарыг давсан.

Тэрбээр хагас шигшээд энэ наадмын түрүү бөх Хятадын Жинесинуэр Айманд ялагдаад хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Акерке Рамазановаг хожсон юм.

А.Адъяасүрэн Азийн АШТ-ээс хоёр жил дараалан медальтай ирэхээр болов.


Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид өмнө нь нийт 26 алтан медаль хүртсэн агаад тэднээс Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.