Өнгөрсөн башёд гурав дахь түрүүгээ авсан озэки Ооносато ирэх сарын 11-нд Токиод эхлэх Зуны тэмцээнд анх удаагаа ёкозүна цолны болзол сонслоо. Мэргэжилд ороод ердөө 13 башё барилдаж байгаа Ооносато ёкозүна болж чадвал түүхэн рекорд тогтоох болно. Шёовагийн үеэс хойш хамгийн хурдан ёкозүна болсон Хагүрояма, Тэрүкүни нар 16 башё барилдаад аварга болж байсан юм. Жилд 6 башётой болсон 1958 оноос хойших аваргууд дотор дээд зиндаанд 11 башё барилдаад ёкозүна болсон их аварга Тайхогийн амжилтыг ч Ооносато эвдэж чадна. Тэрээр дээд зиндаанд 9 дэх башёдоо зодоглох гэж байгаа билээ. Мөн мэргэжилд ороод нэг ч удаа макэкоши үзүүлэлгүй, ёкозүна болбол түүхэнд анхны тохиолдол болно. Оюутны ёкозүна нараас мэргэжлийн сүмогийн ёкозүна болсон бөх одоогоор ганц Важима аварга л байгаа билээ.
Харин Ооносато дээрх түүхэн амжилтуудын талаар болохгүйг хичээж байна. Хэвлэлийн бага хурал дээр Ооносато “Рекорд тогтооно гэж өөрийгөө шахаж хүчлэхгүй. Ёкозүна болно гэж дайрч, стресст орохгүй. Тайван амгалан барилдахад үр дүн гарна гэж итгэж байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.