Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Зуны тэмцээний банцүкэг зарласан. Өнгөрсөн тэмцээнд маэзүмод барилдсан Исэгахама дэвжээний Сато ирэх башёд “Үсаги фүжи” нэрээр барилдана. Үсаги гэдэг нь туулай гэсэн үг юм.
Исэгахама ояката “Хөөрхөн нэр шүү. Утгыг нь янз янзаар тайлбарлаж болно. Ямар ч гэсэн туулай өндөр үсэрдэг шиг банцүкэ нь ч хурдан дээшлэх гэсэн нэг утга бий. Шинэ бөхчүүдэд гаднах төрх, байдлыг нь хараад тохирох шикона нэр өгдөг” гэж тайлбарлалаа.
Үсагифүжи Чиба мужийн уугуул. 182 см өндөр, 125 кг жинтэй.

Мэргэжлийн сүмод амьтны ханзтай нэртэй сүмоч цөөнгүй. Гэхдээ ихэнх нь луу, бар, морь, бүргэдтэй нэр байдаг. Урьд өмнө туулайтай нэр авч байсан сүмоч байхгүй гэнэ.