Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэрийн хамт энэ сарын 25, 26-ний өдрүүдээр Монголд айлчиллаа.
Энэ нь Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад газардсан анхны төрийн айлчлал юм.

Төрийн тэргүүн нар “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.
Мөн дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.
Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор болов.
Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцжээ.
