“Огцрох амархан” тайван жагсаалын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт шаардлага хүргүүлжээ.
Тэд “Олон нийтийн анхаарлыг татаад буй Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ болон гэр бүлийн гишүүдийнх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал, түүнийгээ ил тод тайлагнахгүй байгааг нь эсэргүүцэн 15 хоногийн турш жагсаж буй иргэдийг үл ойшоож, хариуцлага үүрэхээс улс төрийн бүхий л аргыг ашиглан зугтаж байгаа зэрэг нь засаглалд итгэх иргэдийн итгэлийг нурааж болзошгүй ирмэгт иржээ.
Сүүлийн жилүүдэд эрх чөлөө хязгаарлагдаж, эдийн засгийн хуурмаг тоон өсөлт иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэхээ больсон энэ цаг үед Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ мэт асуудалд хутгалдсандаа зайлшгүй ёс зүйн, болоод улс төрийн хариуцлага хүлээх шаардлагатай. Гэтэл өөрийн хувийн асуудлыг Монгол Ардын намын, Засгийн Газрын, Улсын Их Хурлын хэмжээний асуудал болгож, олон нийтийн сэтгэл зүйг хагалан буталж байгааг бид эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Тиймээс иргэдийн төлөөллөөс бүрдсэн Парламентын институтыг даргалж буйн хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг 24 цагийн дотор жагсагчдын төлөөллийг хүлээн авч дараах асуудлаар уулзахыг шаарджээ.
Улсын Их Хурал нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах;
Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох;
УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээс булзааруулсан шинжтэй байгааг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлэх.
Харин Ардчилсан намын удирдлагуудад хандан 2024 сонгуулиар Улсын Их Хурал дахь хоёр дахь том улс төрийн хүчин болж сонгогдсон Ардчилсан намыг эрүүл засаглалыг хангахад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ үү хэмээн өөрсдийн шаардлагыг биечлэн танилцуулах хүсэлтэй байна гэсэн байна.