UBLife Logo
Улс төр

Огцрох амархан | УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Асуудлыг үндсэн хуулийн дагуу шийдвэрлэж эцэслэнэ

Ub.life
Ub.life
Огцрох амархан | УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Асуудлыг үндсэн хуулийн дагуу шийдвэрлэж эцэслэнэ

“Огцрох амархан” жагсагчдын төлөөллүүд өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон сөрөг хүчин АН-ын удирдлагуудад хандаж 24 цагийн дотор уулзах шаардлага хүргүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр 16.30 цагт УИХ-ын дарга болон парламентад төлөөлөл бүхий таван намын төлөөллүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад:

  1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан

  2. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ

  3. УИХ-ын гишүүн, МАН-ын төлөөлөл П.Сайнзориг

  4. УИХ-ын гишүүн, АН-ын төлөөлөл Б.Жаргалан

  5. УИХ-ын гишүүн, ХҮН намын төлөөлөл Г.Уянгахишиг

  6. УИХ-ын гишүүн, ИЗНН-ын төлөөлөл Б.Батбаатар

  7. УИХ-ын гишүүн, Үндэсний Эвслийн төлөөлөл Д.Пүрэвдаваа

  8. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Тодорхойлсон 3 шаардлагын хүрээнд товлосон уг уулзалтаар дараах байр суурийг УИХ-ын Дарга болон гишүүд илэрхийлснийг “Огцрох амархан” хуудаст мэдээлжээ;

  • Залуусын тайван замаар эвлэлдэн нэгдэж байгаа жагсаалыг ихэд үнэлж, хүндэтгэж байна. Та бүхний шаардлагыг чих тавин сонсож байгаа.

  • 126 гишүүнтэй болж өргөжсөн Улсын Их Хурал хариуцлагатай, ёс зүйтэй, ил тод улс төрийн соёлыг бэхжүүлэхээр ажиллаж байна. Улс төрийн намуудын үзэл баримтлалаас үл хамааран зарчмын асуудлууд дээрээ нэгдмэл буй.

  • Үүсээд буй асуудлыг Парламент зохих үйл явцын дагуу шийдвэрлэнэ. Шийдвэрлэх явцдаа Үндсэн Хуулийг дээдэлнэ. Даваа гарагт Төрийн Байгуулалтын Байнгын Хороогоор ороод, ирэх пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй.

  • Зөвхөн Засгийн Газраас өргөн барьсан тогтоолын төслийн хүрээнд хязгаарлалгүйгээр УИХ-ын бүх гишүүд нээлттэй асуулт асууж, тодруулга авна. Иймд жагсагчдын тодруулмаар байгаа асуултуудыг ч гишүүд бүх талаас нь илэрхийлнэ.

  • Асуудлыг зөв шийдэх дээр хичээнгүйлэн ажиллаж буй тул иргэдийг парламентад итгэх итгэлээ алдахгүй байхыг уриаллаа.

Энэ уулзалтын талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас:

УИХ-ын даргын зүгээс жагсагчдын УИХ-ын хяналтын тогтолцоог сайжруулах гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлснийг онцлов.

Уг тогтоолын төслийг Байнгын хороо гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх бөгөөд арав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гарагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, үргэлжлүүлэн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэлээ. УИХ-ын гишүүдийн зүгээс жагсагчдын тавьж буй шаардлага, асуултуудыг УИХ-ын 126 гишүүн бүгд чуулганы нэгдсэн хуралдаанаар асууж, хариулт авна гэдгийг тодотголоо гэж мэдээлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.