Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна асан Хакүхо буюу Миягино ояката Японы сүмо бөхийн холбоонд халагдах өргөдлөө өгсөн талаар бид мэдээлсэн. Холбооноос өнөөдөр Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаа хийж, хүсэлтийг хүлээн авсан байна. Хакүхо одоо аавынхаа буюу дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөний нээлтэд оролцохоор Монголд ирээд байгаа. Дараа нь буюу энэ сарын 9-нд Токиод хэвлэлийн бага хурал хийх болно гэж зарим хэвлэл мэдээлжээ.
Сүмо бөхийн холбооноос өнгөрсөн жилийн хоёрдугаар сард дэвжээний бөх Хокүсэйхо хэрэг тарьсны улмаас Миягино дэвжээг хаах, оякатад нь хоёр зиндаа бууруулах шийдвэр гаргасан. Гэхдээ нэг жил гэж тогтоож байсан юм. Харин нэг жил өнгөрсөн ч холбоо Миягино дэвжээг дахин нээх талаар ярихгүй байгаад мэдээж Хакүхо сэтгэл дундуур байсан нь аргагүй.
Ийнхүү сүмогийн түүхийг шинэчлэсэн, давтагдашгүй их аварга сүмо бөхөө орхих боллоо.