Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигт ес дэх удаагаа түрүүлээд хэдхэн хонож буй “Хасын Хүлэгүүд” багийнхан ахин нэг цом өргөв.
Тэд Зүүн Азийн Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн шатнаа зургаа тоглож, бүгдэд нь хожсон.
Улмаар хагас шигшээд “Пелита Жаяа”-г хожсон бол финалд “Таоюан Пауиан”-г 86:77 оноогоор буулгаж авснаар энэ тэмцээний аварга баг боллоо.
Зүүн Азийн Аваргуудын лигийн финалын Үнэ цэнтэй тоглогчоор “Хүлэгүүд”-ийн Иан Миллер тодорсон.
“Хүлэгүүд” уг тэмцээнд түрүүлсэн Монголын анхны клуб болж, түүхэн амжилтыг дархалсан нь энэ.
“Хүлэгүүд”-ийн энэ улирлын аялал дуусаагүй. Тэд 6-р сарын 7-13-ний өдрүүдээр болох Азийн Аваргуудын лигийн тэмцээнд хүч сорино. Монголын баг уг тэмцээнд 13 жилийн дараа ахин оролцож байгаа нь энэ.
