UBLife Logo
Спорт

Марта, Бразил,  "Копа Америка"...

Марта, Бразил,  "Копа Америка"...

Эквадор улсад долдугаар сарын 11-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Өмнөд Америкийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн "Copa America-2025" тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, хамгийн сонирхолтой үедээ ирлээ.

Тэмцээнд Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны (CONMEBOL) гишүүн 10 орны баг хоёр хэсэгт хуваагдан тоглосноос "А" хэсгээс Аргентин (нэг ч оноо алдалгүй, дөрвөн хожилтой хэсгээ тэргүүлсэн), Уругвай, "Б" хэсгээс Бразил, Колумбын шигшээ багууд хагас шигшээд шалгарсан. "Б" хэсгийг хэн нь тэргүүлэхийг шийдвэрлэх тоглолтод 10-уулаа (Хаалгач нь улаан хуудсаар торгуулсан) үлдсэн ч Бразилийн бүсгүйчүүд Колумбтай тэнцэж, хэсгээсээ нэгээр гарлаа.

Хагас шигшээд ийнхүү Аргентин-Колумб (07.28-нд), Бразил-Уругвай (07.29-нд) учраа таарав.

Хагас шигшээд хожсон хоёр баг "Лос Анжелес-2028" олимпын наадамд оролцох эрхээ шууд авах болохоор тун хариуцлагатай, бас ширүүн тулаанууд болох байх.

Хүрэл медалийн төлөө тоглолт наймдугаар сарын нэгэнд, алтан медалийн төлөө тоглолт наймдугаар сарын хоёронд Кито хотын "Цагаан ордон" (La Casa Blanca) хэмээх 42,000 хүний суудалтай цэнгэлдэхэд болно.

1991 оноос эхлэн 9 удаа зохиогдсон  эмэгтэйчүүдийн "Копа Америка" -д Бразил бүгдэд нь финалд үлдэж, 8 удаа түрүүлж байв. Харин Аргентин бүсгүйчүүд 2006 онд цорын ганц удаа Бразилийг хожиж аварга болж байсан билээ.  Марадонагийн нутгийнхан бас гурван мөнгөн медальтай, энэ тэмцээнээс.

Бразил, Аргентиний дараа амжилтаараа Колумб орно. Хоёр Эскобартай нэг довны хүүхнүүд "Копа Америка"-д гурван удаа финалдаж, үзүүрлэж байв.

"Копа Америка-2025" тэмцээний гол гоёл, чимэг нь Бразилийн Марта. Энэ жил 39 нас хүрсэн бүх цаг үеийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч маань 22 жилийн өмнө 17 настайдаа анхны "Копа Америка"-д түрүүлж байж. Мөн 2010,2018 оны аварга. Одоо дахиад нэг аварга болоход хоёрхон хожил хэрэгтэй боллоо.

Эмэгтэйчүүдийн ДАШТ-д зургаан удаа оролцож, хамгийн олон гоол (17 гоол) оруулсан рекордыг эзэмшдэг Марта дараагийн ДАШТ оролцохыг гол зорилгоо болгож буй нь ойлгомжтой. Тэгвэл "Юбкатай Пеле" хэмээн алдаршсан Марта маань ДАШТ-д долоон удаа оролцсон цорын ганц эмэгтэй хөлбөмбөгч, нутаг нэгт Формигагийн амжилтыг давтана.

Бас Марта олимп, дэлхийн аваргад түрүүлж үзээгүй, Олимпийн гурав, ДАШТ-ий нэг мөнгөн медальтай. Гол нь 2027 оны ДАШТ Бразилд болно. Эх орондоо Дэлхийн аварга болоод зодгоо тайлахыг хүсч буй нь гарцаагүй ээ.

Эмэгтэйчүүдийн "Копа Америка-2025"-ын тухай бичиж байгаад Бразил, Марта руу "хазайчихлаа". Гэхдээ энэ гурав салшгүй холбоотой нь маргашгүй үнэн бөлгөө.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.