Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё онцлох зүйл олонтой, сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө. Дохён дээрх барилдаанаас гадна дэвжээний гадна ч онцлох зүйл олон байв.

Үүний нэг нь озэки асан Такакэйшёо буюу Минатогава ояката. Өчигдөр Сүмо бөхийн холбооны твиттер хуудсан дээр тэрээр гарч, Тусгай шагналтнуудын нэрсийг зарласан. Гэвч түүнийг бөх сонирхогчид таньсангүй. “Энэ хэн гэдэг ояката вэ”, “Огт хараагүй ояката байна” гэх зэрэг сэтгэгдэл цувж байлаа.

Гэтэл тэр ояката 2024 оны есдүгээр сард зодог тайлсан озэки Такакэйшёо байх нь тэр. Арсланг таньсны дараах сэтгэгдлүүдээс дурдвал “Зүгээр биз? Арай хэтэрхий туржээ”, “Ингэж жин хасаж болохгүй шүү”, “Огцом турж болохгүй”, “Ямар аймаар юм бэ” гэх зэрэг санаа зовсон сэтгэгдэл олон байлаа.

Нагоя башё эхлэхээс өмнө Тэрүнофүжитэй цуг нэвтрүүлэгт орж, түрүү бөхийн таамаг дэвшүүлж байхад нь ч олон хүн гайхаж байсан юм. Тэрүнофүжигийн тэргэд жаахан хүүхэд шиг л харагдаж байлаа.

Ид барилдаж байхдаа 165 кг байснаа 40 кг жин хассан гэж тэр үед ярьж байсан билээ. Харин одоо бараг 100 кг хассан мэт байна гэж тайлбарлагчид гайхаж байгаа юм. Аравдугаар сард болох зодог тайлах ёслолын үеэр улам турсан байж ч мэдэх юм.