UBLife Logo
Эрүүл мэнд

Аутизмыг ойлгохуй

Аутизмыг ойлгохуй

Сүүлийн хэд хоногт цахим орчинд Аутизмын эмгэгийн тухай шинжлэх ухааны үндэстэй бус, худал баримтууд ихээхэн газар аваад буй билээ. Харин энэ удаад эрүүл мэнд булангаараа бид Аутизмын хүрээний эмгэгийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг эх сурвалжийн хамт хүргэхээр зэхлээ.


Аутизмын тухай

Аутизмын хүрээний эмгэг гэдэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг эмгэгийг хэлдэг. Хүнийг гаднаас нь шууд хараад  аутизмтай эсэхийг мэдэх хэцүү. Аутизмтай хүмүүс бусад хүмүүсээс нийгэмтэй харилцах, харилцаанд орох, суралцахдаа бусдаас ялгаатай. Мөн аутизмтай хүмүүс өөр хоорондоо харилцаа, суралцах чадварын хувьд өөр өөр байдаг. 

Тухайлбал, зарим нь өндөр төвшний харилцан ярианы чадвартай байхад, зарим нь үгүй байх тохиолдол бий. Тэдний зарим нь аливааг түргэн сурдаг бол, бусад нь удаан сурах хандлага ажиглагддаг. Өдөр тутмын амьдралын хувьд зарим хүмүүст тусламж хэрэгтэй байдаг бол, зарим нь бие даан амьдарч, ажиллах чадвартай байдаг.


Мөн тус эмгэг нь 3 наснаас өмнө эхэлдэг бөгөөд насан туршид нь үргэлжилдэг. Түүнчлэн шинж тэмдгүүд нь цаг хугацааны явцад өөрчлөгдөн хувьсаж болдог. Ийм төрлийн эмгэгтэй хүүхдүүдийн заримынх нь хувьд  шинж тэмдэг нь 12 сартайгаас мэдэгддэг бол үлдсэн нь 24 сартайгаас хойш илэрдэг. 

Эдгээр хүүхдүүд өсвөр нас, идэр насанд хүрэхдээ найз нөхөдтэй харилцах, насанд хүрэгсэдтэй харилцах, сургууль эсвэл ажлын байранд нийгэмтэйгээ дасан зохицоход хүндрэл үүсч болзошгүй хэдий ч шинж тэмдгийг багасгах эмчилгээг тогтмол хийснээр энэ эрсдэл буурах боломжтой. Зарим тохиолдолд анхаарал дутмагших, сэтгэл гутрал, ADHD зэрэг нөхцөлүүдтэй тулгардаг нь сүүлийн үеийн судалгаануудад ажиглагджээ.


Илрэх ерөнхий шинж тэмдгүүд

  • 12 сар хүрсэн боловч нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй байх

  • 14 сар хүрсэн боловч анхаарлыг нь татсан зүйлээ хуруугаараа зааж чадахгүй байх

  • 18 сар хүрсэн боловч төсөөллийн тоглоом тоглохгүй байх (ж: хүүхэлдэй хооллох)

  • Бусдын нүд рүү харахаас зайлсхийж ганцаараа байхыг илүүд үзэх

  • Бусдын сэтгэл санааны байдлыг ойлгох болон өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ муу байх

  • Хэл ярианы хоцрогдолтой байх

  • Ямар нэг үг эсвэл авиаг давтан хэлэх дуртай байх

  • Асуултад хамааралгүй зүйл хариулах

  • Ялихгүй зүйлүүдэд бухимдах

  • Ямар нэг зүйлд хэт их дуртай байх

  • Гараа сэгсрэх, биеэ займчих, доороо эргэлдэх зэрэг өвөрмөц давталттай хөдөлгөөнүүд хийх.

  • Дуу авиа, үнэр, амт, харах, ба хүрэлцэхүйн мэдрэмжид өвөрмөц хариу үзүүлэх


Эрсдлийн хүчин зүйлс

Одоогоор аутизмын эмгэг үүсэх эмнэлзүйн шалтгаан хараахан бүрэн тодорхойгүй байгаа хэдий ч эмгэг үүсгэгч хэд хэдэн нөлөө байх магадлалтайг эрдэмтэд судалжээ. Нөгөөтээгүүр аутизм нь дан ганц шалтгаанаар үүсдэггүй. Эрүүл мэнд, биологийн болон генетикийн олон хүчин зүйлс нь аутизмын эмгэгтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг байна.


Аутизмын эмгэгийг  нэмэгдүүлэх магадлалтай хүчин зүйлс:

  • Аутизмтай ах, эгчтэй хүүхдүүдийн 20% нь аутизмтай болох магадлалтай 

  • Fragile X синдром, Tuberous sclerosis гэх мэт зарим генетик буюу хромосомын нөхцөл байдлаас үүдэх

  • Ахимаг насны эцэг эхээс төрөх гэх мэт. (Эх сурвалжуудыг бичвэрийн доор оруулав)

Одоогоор эдгээр шалтгаанууд нь зуун хувь батлагдаагүй хэдий ч аутизмтай болох магадлалыг өсгөж байгааг зарим судалгаанд харуулжээ. Мөн удамшилын гаралтай гэх мэдээлэл нь худал бөгөөд яг аутизмыг үүсгэгч гол хүчин зүйл нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эрдэмтэд шалтгааныг нь олохоор ажилласаар байгаа билээ. 


Шалгалт, оношлогоо

Аутизмыг оношлох нь цусны шинжилгээ гэх мэт шууд шинжилгээгээр илрэхгүй, нарийн сэтгэлзүй болон ажиглалтын үндэс дээр оношлогддог. Эмч нар хүүхдийн зан авир, хөдөлгөөн, хөгжлийг нь ажиглан тодорхойлдог.Тус эмгэгийг 18 сартайгаас илрүүлж болох ч тэр хүртэл ажиглаад 2 насанд нь оношилох нь илүү найдвартай гэж үздэг. Гэвч шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн эмчийн хяналтад орох нь хүүхдийг тусламж авч чадалгүй, хүндрүүлэхээс сэргийлэх боломжтой.


Эмчилгээ

Одоогоор шалтгаан нь батлагдаагүй тул бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй, эмчилгээ нь зөвхөн өдөр тутмын амьдралд саад учруулж буй шинж тэмдгийг бууруулахад чиглэгдэн ажиллаж байна. Аутизмтай хүн бүр өөр өөр тул эмчилгээний хэрэгцээ нь ч мөн өөр байдаг ажээ.


Нөөц, тусламж

Хэрвээ та хүүхдийнхээ хөгжлийн талаар санаа зовж байвал:

  • Хүүхдийн эмчтэй холбогдож оношлогоо, үнэлгээ хийлгэх

  • Хэрэв хэрэгтэй бол хөдөлгөөний эмч, хүүхдийн мэдрэлийн эмч, хүүхдийн сэтгэл зүйч/сэтгэл засалч мэргэжилтэнд чиглүүлэх

  • Эрт илрүүлэгт орох, хүүхдийн хөдөлгөөн, зан авирыг ажиглах

Ихэнх судалгаанд аутизмын эмгэгийн эхэн үед эрт үеийн тусламж үйлчилгээ авах нь хүүхдийн хөгжлийг сайжруулахад чухал нөлөөтэй нь тогтоогджээ. Тиймээс таны хүүхдэд аутизмын шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид даруй хандаарай.

Аутизмын эмгэгтэй хэдий ч бид бүгдээрээ хүн, энэ нийгмийн нэг хэсэг гэдгээ санаж нэгнээ гадуурхалгүй, биесийнхээ ялгаатай байдлыг хүндэтгэн, эмнэлзүйн шинж тэмдгийг мэдэхгүй тохиолдолд асран хамгаалагчид болон тухайн хүүхдэд мэдрэмжгүй үгс бүү хэлээрэй. Мөн тухайн эмгэг хэнд ч тохиолдож болох тул судалгаагаар батлагдаагүй үед цахим орчинд хамаагүй худал мэдээлэл бүү тараагаарай.

Дэлгэрэнгүй унших эх сурвалжууд: аутизмын тухай ерөнхий мэдээлэл, аутизмтай ах, эгчтэй тохиолдолд, эцэг, эхийн нас аутизм-д нөлөөлдөг эсэх, монгол хэл дээр дэлгэрэнгүй.

Ковер зургийг: Г.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.