UBLife Logo
Дэлхий
Япон улсад аялал жуулчлал, жижиглэнгийн худалдааны хувьцаанууд огцом уналтад орлоо

Япон улсад аялал жуулчлал, жижиглэнгийн худалдааны хувьцаанууд огцом уналтад орлоо

БНХАУ, Тайванийг тойрсон маргаан сүүлийн саруудад гүнзгийрч буй. Харин БНХАУ ард иргэддээ Япон руу зорчихгүй байхыг уриалсны дараа Японы аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаатай холбоотой хувьцаанууд өнөөдрийн байдлаар эрс уналтад орсон үзүүлэлттэй байна. Тайванийн асуудлаарх Токио, Бээжингийн зөрчил хурцдаж буй нь зах зээлийн уналтад гол нөлөө үзүүлжээ.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Хятадын цэргийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддагаа хэдэнтээ илэрхийлж байсан бөгөөд “Хэрэв Бээжин Тайваньд хүч хэрэглэвэл Япон цэргийн арга хэмжээ авах нөхцөл үүсч болзошгүй. Тодруулбал, байлдааны хөлөг онгоц, зэвсэг хүч ашиглавал энэ нь зөвхөн Тайвань ч биш, манай улсын оршин тогтнолд заналхийлсэн нөхцөлд тооцогдох боломжтой” гэж мэдэгдсэн нь хоёр орны харилцааг хурцатгасан. Тайвань нь Японы өмнөд хэсгийн хамгийн ойрын арлаас 100 км орчим зайтай оршдог бөгөөд стратегийн хувьд чухал байрлалтай. БНХАУ болон Японы албаны төлөөлөгчид уг асуудлаар мягмар гарагт хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

Харин БНХАУ ням гарагт иргэддээ Япон руу аялах, зорчихоос татгалзахыг уриалж, Японд оршин суудаг хятад иргэд рүү чиглэсэн гэмт хэрэг нэмэгдэж буйг мэдэгдсэн. Хятадын Боловсролын яам Японд суралцдаг оюутнуудад нөхцөл байдлыг сайтар ажиглахыг зөвлөсөн байна. Японы Засгийн газрын мэдээллээр өнгөрсөн жил тус улсад 100 мянга гаруй хятад оюутан бүртгэлтэй байжээ. Түүнчлэн Хятадын томоохон авиа компаниуд болох China Southern, China Eastern, Air China Япон руу нисэх нислэгүүдийн тасалбарын буцаан олголтыг ч зарлажээ. Хятад улс Японд зорчих жуулчдын тоогоор олон жилийн турш дээгүүр бичигддэг байв. 

Үүний дараагаар Японы Мицукоши, Исэтан зэрэг томоохон их дэлгүүрийн сүлжээг эзэмшдэг толгой компанийн хувьцаа 10 гаруй хувиар унасан бол Шисейдо зэрэг нэр хүндтэй брэндүүдийн үнэлгээ ч бас мэдэгдэхүйц буурчээ. Токио хотын арилжааны мэдээлэлд өнөөдрийн байдлаар Такашима их дэлгүүр болон Юникло брэндийн эзэмшигч групп болон Japan Airlines, ANA Холдингс авиа компаниудын хувьцаа таван хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.