Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ub.life-ийн түүхүүд | Гадаадад амьдардаг монголчуудын наадам хэрхэн болж өнгөрдөг вэ


Монголчууд хаана байна тэнд монгол ёс заншил их, бага хэмжээгээр байдаг л юм байна. Дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй монголчууд хэдий эх орноосоо хол ч наадмаа дор бүрдээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэвч "Энэ жил хэрхэн наадамлах гэж байна?" гэх асуултанд маань тэд бүгдээрээ "Энэ жил наадамлахгүй ээ. Гэхдээ хуушуураа хийж иднэ" гэцгээж байлаа. Энэ жил аль ч улсад суугаа монголчууд баяр наадмаа тэмдэглээгүй бололтой. Харин асуултын хариуд тэд өмнө нь хэрхэн наадамладаг байсан түүхээ ийнхүү ярьсан юм. 

С.Жавхлант /Япон улсын Токио хотын оршин суугч/

Би Японд 12 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Энд нэгэн америк зочид буудлын Япон дахь салбарт менежерээр ажилладаг юм. Ажлынхаа хажуугаар хувиараа найзтайгаа хамтран “Pique-Nique” эвентийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн чөлөөт цагаараа акрил будаг ашиглан уран зураг зурах сонирхолтой. Үүгээрээ 8 сард япон уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэн гаргах гээд бэлдэж байна. Жоохон байхад ардын дуу аялангаа өглөөний цай бэлдэх ээжийн дуунаар сэрдэг байж билээ. Наадмын өглөө сүүтэй цайгаа самран, нийслэл салатны төмсөө арилгаж, зурагтаар урсах уртын дууг даган дуулснаар ээж бид хоёрын наадам эхэлдэгсэн. Арван жилээ төгсөөд Японд суралцахаар ирснээс хойш наадам ер тэмдэглээгүйгээ санав. Хичээл, ажил гэсээр байгаад нэг л мэдэхэд ганцаараа арван наадмыг өнгөрөөчихсөн байдаг шүү. Харин Токио хотод жил бүрийн 5 сард “Хаврын баяр” гэж болдог нь энд амьдардаг монголчуудын хувьд наадам нь болдог. Хаврын баяраар монгол соёлыг япончуудад танилцуулж, бөх барилдаж, хуушуур идэцгээж өнөр тэмдэглэдэг. Ойрын жилүүдэд хаврын баяр цахимаар болж байгаа болохоор наадмын уур амьсгал мэдрэхгүй нь жаахан харамсалтай ч амар тайван наадамлах өдөр удахгүй ирэх байх аа. Оюутан байхдаа нэг удаа Хаврын баярын арын албанд найзуудаараа ажиллаж өдөржин хуушуур хийж байсан дурсамж бий. Хуушуур хийсэн хөлсөндөө “Чингис хаан” хамтлагийн тоглолтыг үнэгүй үзээд авсан шүү.

Б.Сарантуяа /Аялагч/

2015.07.10 буюу яг баяр наадмын өмнөх өдөр Индонезийн Балид сурч байсан сургуулиа төгсөөд, Тайландын Бангкок хотоор дамжиж Улаанбаатар руу нисэх гэж байсан нь наадмыг анх удаа гадаадад өнгөрүүлсэн тохиолдол байж билээ. Тухайн үед Монголдоо ирээгүй 5 сар болсон учраас гэрээ, гэрийнхнийгээ их санасан. Тэмдэглэлт баярыг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг их хүсэж байсан нь намайг Монгол руу улам их яарахад хүргэсэн юм. Хүсэхэд хясна гэгчээр яг нислэгийн өдөр Балигийн зэргэлдээх Жава арлын Раунг галт уул идэвхжиж, галт уулын утаа зэргэлдээх арлуудыг бүрхсэнээр бүх нислэг тодорхойгүй хугацаагаар цуцлагдав. Анх удаа ийм нөхцөл байдалтай тулгарсан би их айсан даа. 24 цаг тодорхойгүй нөхцөлд байсны эцэст нэг юм намжиж, нислэгтээ суун нутаг буцаж гэрийхэнтэйгээ аз жаргалтайгаар уулзсан юмдаг. Энэ явдлаас хойш яг нэг жилийн дараа Монголдоо ажилд орсон бөгөөд наадмын амралтаа тааруулан Бали арлыг дахин зорьсон юм. Тэгэхэд өмнө нь тохиолдсон айдас хүйдэс бүх зүйлийг мартчихсан л аялж явсан санагдаж байна. Ингэж л жил бүр наадмын өдрүүдэд 10-14 хоногийн хугацаанд Зүүн Өмнөд Азийн Индонез, Тайланд, Филиппин, Сингапур, Мальдив зэрэг улсуудаар аялж, амарсаар 4 жилийг өнгөрүүлсний дараа 2019 онд Евроазийн Гүрж, Азербайжан улсад наадмын өдрүүдийг өнгөрүүлсэн нь хамгийн сүүлд хийсэн аялал. Наадмыг хэдий өөр улсаар аялж өнгөрүүлдэг ч хамт яваа аялагчидтайгаа өргөн тэмдэглэдэг шүү. Харин сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалан эх орондоо “наадамлалаа". Яг одоо үүссэн нөхцөл байдлын хувьд гэр бүлийнхэн, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх нь чухал. Удахгүй халдварт өвчин намжиж, наадмыг дахин өөр улсад тэмдэглэж өнгөрүүлэхийг маш их хүсэж байна. 

Р.Сэргэлэн /Сөүлийн Их Сургуулийн оюутан/

Энэ жилийг оролцуулаад дөрвөн удаа гадаадад наадмаа өнгөрүүлж байна. 2016 онд Америкт аялангаа ажиллаж явсан юм л даа. Би Монгол, Эквадор, Румин улсаас ирсэн 3 залуутай хамт амьдардаг байсан юм. Тухайн үед сонгууль болж байсан юмдаг. Сошиалаар сонгууль гэж нэг шуураад л араас нь наадам болох гэж байна гэж бас нэг шуурч байв. Наадам эхэлж цахимаар есөн хөлт цагаан тугийг хараад сэтгэл их хөдөлж, дотно санагдаж билээ. Монголд байхдаа тэгж их ойшоодоггүй байсан ч хилийн дээс алхан, эх орноосоо хол байсан болоод л тэгтэл сэтгэл хөдөлгөсөн байх. Ингээд би хэсэг найзууд руугаа ярьж байгаад хамт амьдардаг гадаад найзууддаа наадмаар иддэг үндэсний хоолоо хийж өгөхөөр болсон юм. Нөгөө хэддээ наадмын тухай ярьж өгөөд бид бүр ч их сэтгэл хөдөлсөн. Тэгээд 7 сарын 10 боллоо. Өглөө эртлэн босож наадмын нээлт үзэв. Бөхийн барилдааны нэгийн даваа залгуулж үзээд л. Хэзээний наадамлаад сурчихсан хүмүүс шиг санагдав. Өмнө нь хуушуур хийж байсан туршлагагүй ч найзууддаа анхны хуушуураа хийж өгсөн. Онгирсондоо найзуудаа уруу татаж зүлгэн дээр барилдсан гээч. Анхны хийсэн хуушуур гэхэд тэдэнд маань таалагдсан гэж байсан. Монгол хүн байна даа.

Р.Алдар /Швед улсын Стокхольм хотын оршин суугч, сэтгүүлч, гэрэл зурагчин/

Шведийн Вант улсад ажиллаж амьдардаг монголчууд Үндэсний Их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Гэвч энэ хоёр жил цар тахлаас үүдэн бидний наадам болоогүй. Гэлээ ч бид хэрхэн наадамладаг тухайгаа дурсан ярья. Энд яг л Монголд байгаа мэт өргөн дэлгэр наадамладаг. Ойролцоогоор 10,000 орчим монголчууд ажиллаж, амьдардаг Шведийн нийслэл Стокхольмын тэнгэрт Монгол төрийнхөө далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэн нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлийг огшоож, бахархлыг бадраасан баяр наадам хамгийн сүүлд “Монгол наадам-Стокхольм 2018” гэсэн нэрийн дор амжилттай болж байлаа. “Стокхольм-2018” наадмыг Элчин Сайдын Яамны төлөөлөл мөн баяр наадмын ерөнхий зохион байгуулагч болох Швед дэх Монголчуудын Холбооны удирдлагууд оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэн албан ёсоор нээж билээ. Тэр жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон цолгүй 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Аймгийн начин С.Оргилболд түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн начин М.Батмөнх үзүүрлэсэн бол уран барилдааны шагналыг залуу бөх Б.Тэмүүжин хүртсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс баяр наадмын үеэр хоёр ч шинэ дуу, клипээр наадамчин олондоо бэлэг барьсан. Энэ нь Шведэд ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид болон яруу найрагч Б.Энхтуяа, ая зохиогч СТА М.Энхмэнд нарын хамтын бүтээл “Дөлгөөн намуун Швед минь” дууны клип мөн “СлаваФото” студийн захиалгаар бүтээсэн Америкийн Чикаго хотод амьдардаг яруу найрагч Х.Тэргэл, Монголын хүүхдийн ордны дуулаачийн багш, хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа нарын “Хөх Монголын Үрс” дуу байсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.15
UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж
2
2021.10.12
UB LIFE-ийн түүхүүд: Ганцаардсан сэтгэлийг хөнддөг 16 монгол дуу (№2)
3
2021.10.05
UB.LIFE-ийн түүхүүд | Багш нарын тухай сэтгэл хөдөлгөм 9 ТҮҮХ
санал болгох
1
11 цагийн өмнө
Уран гулгалтын тойм | Гранпри цувралын эхэнд олимпын найдварууд бүдэрлээ
2
13 цагийн өмнө
Өмнөд Солонгосын тэмцэгчид "Squid Game" цувралын хувцас өмсөн жагсжээ
3
16 цагийн өмнө
"Squid Game"-ийн хувцас Хэллоуиний хамгийн эрэлттэй өмсгөл байх нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.