Эмээ өвөө дээрээ очин, эрхлэн дайлуулах шиг сайхан зүйл хаа байх вэ? Харин энэ удаа хайртай эмээ өвөөгөө болзоонд урья. Зөвхөн тэдэнд зориулан цаг гаргаж, өдрөө төлөвлөхөд дараах “хөөрхөн” санаанууд туслах болно.
Эмээ өвөөтэйгөө хамт зуны өдрийг зугаатай, хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх үү?
1. “Та тэгэхэд” - Ярилцлагын цаг
Эмээ өвөөгөө бага залуудаа ямар хүүхэд байсан, юунд дуртай байсныг мэдэх үү? Анхны хайр, анхны үерхэл, анхны ажил гээд л тэдний тухай бид үнэхээр мэддэг болов уу? Хамтдаа гадуур болзож, дуртай газраа тухлангаа тэднийг “хөөрхөн” асуултуудаар булаарай. Ингэхдээ дараах асуултуудаас санаа аваарай.
Та багадаа ямар хүүхэд байсан бэ? “Том” болоод юу хийхийг хүсдэг байсан бэ?
Та ээжийг/ аавыг төрүүлэхдээ юу мэдэрсэн бэ?
Та анхны ажлаа хэзээ хийсэн бэ? Ямар ажил хийдэг байсан бэ?
Анхны үерхэл, хайр дурлалаа надтай хуваалцаач?
Танд залуудаа “хийхсэн” гээд чадаагүй зүйл байдаг уу? (“Байдаг бол одоо хамтдаа хийцгээе” гэхээ мартуузай)
2. “Хүссэн зүгтээ” - Аяллын цаг
Эмээ өвөөгөөсөө хаашаа явмаар, аялмаар байгааг нь асуугаарай. Тэгээд бэлтгэлээ хангаад “Яг одоо явцгаая” гэж хэл. Хүн бүхэнд очихыг хүсдэг газар байдаг шиг эмээ өвөө нар сэтгэлийн гүндээ хаа нэгтээ ахин очихыг хүсдэг л байж таараа. Магадгүй төрсөн нутагтаа, ажилладаг байсан газраа, багадаа өссөн газраа гээд чиний мэдэхгүй гайхалтай газарт тэр таныг хөтлөх болно.
3. “Бид хамтдаа” - Гэрэл зургийн цаг
Эмээ өвөөтэйгөө цагийг их өнгөрүүлдэг ч хамт даруулсан зураг байдаггүй юм биш биз? Гунигтай боловч үнэнг хэлэхэд, эмээ өвөө нар тань насан туршдаа хамт байхгүйг санаарай. Тиймээс байгаа цаг мөчөө хайрлаж, халуун дотно өнгөрүүлэхийг хичээгээрэй. Мөн хамтдаа гэрэл зураг даруулан, зориуд угаалгаж жаазлаад түүнд бэлэглээрэй. Тэр харах бүртээ инээмсэглэх болно гэдэгт итгээрэй.
4. “Та хүндлэл хүлээж, хайр татсан нэгэн шүү” - Дурсамжийн цаг
Энэ санаа хамгийн сэтгэл хөдлөм нь шүү! Эмээ өвөөгийнхөө хүүхэд нас, өсвөр нас, залуу идэр насны гэрэл зургуудыг “яаж ийгээд” олоод авахад л болно. Азаар эмээ өвөө нарын авдранд “хав” дарсан гэрэл зургийн цомог байж л таараа. Тэдгээр гэрэл зургуудыг нэгтгэн, зурагчинд өгөн өнгө оруулж сэргээлгээд, ханандаа өлгөх цуглуулга эсвэл ном шиг “хөөрхөн” бэлэг болгоод бэлэглээрэй. Өвөө эмээ нар тань ямар хөөрхөн хүүхэд байсан, ямар адал явдал туулж, ямар жаргалтай амьдарсан гэдгээ мартчихсан байх вий. Мартах ёсгүй, жаргалтай амьдарсан гэдгийг нь түүнд сануулаарай.
5. “Хоёулаа болзоё” - Үдшийн болзооны цаг
Эмээдээ цэцэг бэлэглэж, хамт үсчин, гоо сайхан орж, хамтдаа “хөөрхөн” болоорой. Өвөөтэйгөө хамт дуртай газраар нь явж, дурсамжаа бүтээгээрэй. Хамтдаа үдшийн зоог барьж, гэрэлт гудамжаар сугадалцан алхаарай. Гэрийхнээсээ “нууцаар” хоёулхнаа булагнан, гэрийнхээ үүдэнд зайрмаг идээрэй. Түүнд сэтгэлийн үгээ хэлж, хүсэл мөрөөдлөө хуваалцаарай. Түүнээс сурсан зүйл амьдралд нь хэрхэн нөлөөлж, хүч өгдөг гэдгийг хэлээрэй.
Эцэст нь, эмээ өвөөгийндөө цаг гарган зочилж, утсаар ярьж, сонин хачин хуучилж, тэдэнд санаа тавьж, хэрэгтэй зүйл бий эсэхийг нь асууж, шатсан гэрлийг нь сольж өгөх гэхчлэн жижигхэн зүйлст ч тэд маш их баярлана гэдгийг санаарай.
Багахан зөвлөмж:
Эмээ/ өвөөдөө болзооны санал тавихдаа дараах зүйлсийг анхаарахаа мартуузай.
Тэд магадгүй маш их баярлаж, догдлон хүлээх тул болзооны цагаа бодож төлөвлөж “яг таг” болсон хойно нь хэлээрэй. Хүлээж байтал гэнэтхэн цуцалчихвал гомдоно шүү!
Тэдэнд хүндрэл учруулахгүйн тулд болзооны төсвөө урьдчилан бэлтгээрэй.
Хол явахад эмээ өвөө тань ядарч мэдэх тул аль болох машин унаагаар үйлчлээрэй.
Гадуур гаралгүй удсан өвөө/ эмээ тань магадгүй гарахаас санаа зовж мэдэх тул хамтдаа “гоё” хувцсаа өмсөн гараарай.
Өөрийн хүслээр тэдэнтэй хамт байгаагаа ойлгуулж, жаргалтай байлгахыг хүсдэг гэдгээ мэдрүүлээрэй.