Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Вакцины гурав дахь тунгийн талаар мэдвэл зохих 4 зүйл


Коронавирусийн дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхлээд байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдэгдсэнээр манай улсад коронавирусийн альфа хувилбар зургаадугаар сард оргил үедээ хүрч, буурсан бөгөөд түүнээс хойш дельта хувилбар өсөж буй гэнэ. Тооцоолж буйгаар энэ сарын дунд үед тархалт дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна.

Герман, Франц, Израил, Чех зэрэг олон оронд дельта хувилбарын эсрэг вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн бөгөөд АНУ-д энэ сарын 20-ноос хийхээр товложээ. Энэхүү гурав дахь тунгийн талаар эргэлзээ дагуулж буй 4 асуултанд хариулт өгье. 

Booster shot буюу гурав дахь тун гэж юу вэ?

Вакцин биднийг вирусээс хамгаалах үүрэгтэй. Зарим вакцины үр нөлөө насан туршид үргэлжилдэг. Цөөн тохиолдолд вирус нь мутацид орж хэлбэрээ өөрчилснөөр дархлаажуулалтын үр нөлөө сулардаг байна. Тиймээс дархлааны системийг дахин нэг удаа дэмжиж, вирусээс идэвхтэй хамгаалахын тулд нэмэлт тун хийдэг. Жишээлбэл, гепатитын эсрэг бүрэн дархлаа тогтоохын тулд гурван тун вакцин хийдэг бол полиомиелитийн эсрэг дөрвөн тун тарих шаардлагатай байдаг аж. Түүнчлэн бага насанд хийдэг сахуу, татрангийн эсрэг вакциныг 10 жил тутамд хийлгэх ёстой. Тиймээс Ковид-19 шинэ төрлийн вирусээс бүрэн хамгаалахын тулд хоёроос дээш удаа эсвэл тогтмол вакцинд хамрагддаг болох ч магадлалтайг судлаачид хэлж байна.

Вакцины гурав дахь тун хүний биед сөрөг нөлөөтэй юу?

Жорж Вашингтоны их сургуулийн профессор, анагаах ухааны шинжээч доктор Лэана Вэн CNN-д өгсөн ярилцлагадаа “Нэмэлт тун бол хэвийн зүйл. АНУ, Франц, Герман зэрэг томоохон гүрнүүд үүний талаар байнгын судалгаа хийсний үр дүнд зөвшөөрч байгаа. Түүнчлэн дельта хувилбар хурдацтай тархаж буй энэ үед гурав дахь тун хийхгүй байх нь хийхээсээ илүү эрсдэлтэй юм” гэжээ. Мөн долоодугаар сараас эхлэн нэмэлт тун хийж эхэлсэн Израилийн эрдэмтэд “Pfizer-BioNTech” вакцины гурав дахь тун ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд үр дүнтэй байгаа талаар мэдээлжээ.

Олон сарын өмнө хийлгэсэн вакцин биднийг хамгаалсаар байгаа юу?

Дархлаажуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй Израил улсын Эрүүл мэндийн яам сүүлийн нэг жилд хийсэн вакцинжуулах ажилд дүн шинжилгээ хийжээ. Тэдний мэдээлснээр вакцины үр дүн судалгааны эхэн саруудад 90 хувьтай байсан бол хагас жилийн дараа 40 хувь болтлоо буурсан нь дельта хувилбарын тархалттай холбоотой гэнэ. Түүнчлэн 1,2-р сард вакцин хийлгэсэн хүмүүсийн дельта хувилбараар өвчлөх магадлал 3,4-р сард вакцин хийлгэсэн хүмүүсээс 53 хувиар өндөр байгаа аж. Эндээс үзэхэд хэдий олон сарын өмнө вакцин хийлгэсэн байна төдий хэмжээгээр дархлаа буурсан байх хандлагатай байна. 

Гурав дахь тун биднийг дельта хувилбараас хамгаалах уу?

АстраЗенека вакциныг бүтээсэн эрдэмтдийн нэг Сэр Эндрю Полард дельта хувилбар хурдтай тархаж буй нь сүргийн дархлаа үүсэх боломжийг үгүй хийж байна гэжээ. Гэсэн ч эмийн компаниуд болон зарим эрдэмтэд вакцины гурав дахь тун тархалтыг зогсоож чадна гэдэгт итгэж байгаа юм. Pfizer компанийн хийсэн 3 үет туршилтаар нэмэлт тун хийлгэсэн 18-55 насныханд дельта хувилбарын эсрэг биет 5 дахин, 65-85 насныханд 11 дахин өссөн нь батлагджээ. Гэсэн ч бид коронавирустэй бүрэн танилцаж, дарж амжаагүйг санах хэрэгтэй гэж Йелийн их сургуулийн Анагаах ухаан, халдварт өвчин судлалын мэргэжилтэн Альберт Шоу сануулж байна. 


Эх сурвалж: CNN, Yale Medicine, Medical Mews Today

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.