Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

UB LIFE-ийн түүхүүд: Ганцаардсан сэтгэлийг хөнддөг 16 монгол дуу (№2)


Хүмүүсийн хувьд гунигтай, санаа алдмаар тийм л дурсамж, түүхүүдийг агуулсан дууны тухай нийтлэлийн маань дараагийн хэсэг хүрч байна. 50 түүх ирсэн байх үед би эхний нийтлэлээ бэлдэж байсан бол энэ хооронд дахин олон нийтлэл ирж, нийт 80 түүхээс та бүхэндээ дараагийн хэсгийг сонирхуулан бэлдлээ. Энд таны түүх ороогүй бол дараагийн нийтлэлд орох юм шүү.

Өмнөх нийтлэлүүдийг унших бол:

UB LIFE-ийн Түүхүүд: Ганцаардсан сэтгэлийг хөнддөг 23 монгол дуу

UB LIFE-ийн түүхүүд: Ганцаардал гунигийн дурсамж сэдрээсэн 25 дуу (№1)


1. Madness - Нэг өдөр

Арван жилд миний хажууд нэг хүү суудаг байсан юм. Нэг анги болоод хоёр гурван жил болсон ч нэг ч ярьж, инээж байхыг нь харж байгаагүй. Дандаа л чихэвчтэй сууж байдаг байсан. Урт үстэй, өтгөн хөмсөг, давхраагүй нүд, томдсон хар хүрэм, цэргийн ногоон дан өмд, ширэн бугуйвчтай. Тухайн үед надад их өвөрмөц санагддаг байсан. Миний хажууд сууж эхэлснээс хойш гаран дээр нь зөндөө зүссэн сорви байхыг нь анзаарчихсан. Түүнээс хойш яагаад ингэснийг нь асуумаар санагдаад болдоггүй, яриа өдөж үзлээ. Дараа нь миний чин сэтгэлээсээ ярилцдаг ганц хүн тэр хүү болж хувирав. Бид хоёр олон ч зүйл ярилцаж бүх л зүйл дээр санал нийлдэг байлаа. Тэгж явсаар хичээлдээ бараг тэрэнтэй ярилцах гэж л яаран догдлон очдог болсон. Гэхдээ тэр надад сэтгэлээ нээгээгүй, гараа зүссэн шалтгааныг нь ч мэдээгүй. Түүний дуртай дуу нь "Madness - Нэг өдөр" байсан. Сонсохоор л тэр хүү бодогддог. Намраас хойш хэдэн сарын дараа хавар хичээл амрахын өмнөхөн тэр хичээлдээ ирэлгүй гурав хоносон. Тэр гурван хоногийн хугацаанд сэтгэл нэг л хоосон. Дуртай дууг нь гурван өдрийн турш сонссон. Дөрөв дэх өдөр нь түүнийг амиа хорлосон гэдгийг ангийн багш зарлахад нь л мэдсэн. Тэр өдөр инээх, уйлах ямар ч тэнхэлгүй, юу ч бодож чадахгүй байсан. Одоо ч сонсоход тэр өдөр бодогдож сэтгэл их хөндүүрлэдэг.

-М (22 настай)

2. Lil Thug-E - Hey

2004 онд ах маань компьютер аваад нэг ФМ-д ажилладаг байсан найзынхаа хатуу дискнээс бараг бүх дууг нь хуулж авч байсан. Түүнээс хойш өөртөө таалагдсан дуунуудаа түүвэрлээд нэг фолдер болгочихсон, тэр дунд ихэвчлэн Битлзийн дуу. Тухайн үед манайд ихэвчлэн хип хоп эсвэл хөвгүүдийн хамтлагийн уран бүтээлүүд их хит болдог байснаас болоод ч юм уу мэдэхгүй их л өөр мэдрэмжийг надад өгсөн. Тухайн үедээ өөрийгөө амьд хөгжим сонирхдог гээд ойлгочихсон дунд ангидаа ороод амьд хөгжмийн хамтлагтай хүртэл болчихсон байж байтал 9-р ангиа төгсдөг жил Нарлаг зусланд нэг найзтайгаа хамт амрахдаа Төгөлдөр гээд нэг хүүхэдтэй нэг бүлэг, бүр нэг өрөөнд хамт орчихсон. Тэр нь одоо бол та бүхний сайн мэдэх Lil Thug-E. Анх түүнтэй танилцахад хип хопийн түүх, тухайн үед од болж байсан уран бүтээлчдийн талаар их л дэлгэрэнгүй ярьж өгөөд өөрөө бас сонирхлоороо ая хийдэг гээд л зуслангийн 7 хоногийг маань хип хопоор амьсгалуулж шал өөр өнцгөөс дууг сонсдог болгоход хүргэсэн хүн. Түүнээс хойш нэлээдгүй хит болсон дуу эхлэхэд "Produced by Lil Thug-E" гэх үгнүүд сонсогддог болж, би ч бахархаад дуу хийхгүй юм байх даа гэж бодно. Yahoo messenger-ээр онлайн таарахдаа "Дуу хийгээч ээ андаа" гээд бичнэ. Хааяа МУИС эсвэл энд тэндхийн эвент дээр таарахаараа хэлдэг байлаа. Гэтэл нэг л өдөр "ХӨӨЕ" дуу нь цацагдаад сонсогч бидэнд бүүм гээд л тарж эхэлсэн. Би ч бусад найзууддаа "Энэ миний найз" гээд бахархан ярьж аль чадахаараа л дэмждэг болсон доо. Одоо харин найзынхаа цомог гаргахыг хармаар байгаа учраас заавал эдгээрэй! 

-Або (27 настай)

3. Хурд - Хайрын салхи

Хуучин байрны чинь гадуур өнгөрөх бүрдээ
Хэрэг гарган танайх руу ширтэх юм


Гадаад руу сурах гээд явсан хойгуур нь үнэхээр л ингэж хардаг байж билээ. Ганцаараа мэт санагдсан үеүдэд хамт байсан болохоор их л ханьтай санагддаг байсан. Хүссэн болгоныг минь биелүүлдэг байхад нь их давардаг байж дээ гэж бодогддог юм. Одоо байгаа амьдралд нь, түүнд аз жаргал хүсье дээ.

4. Madness - Бороотой шөнө

Нэг орой борооноор энэ дууг сонсож явахдаа хайртай хүнээ бодож алхсан юм. Яагаад ч юм таарах юм шиг л гэгэлзсэн. Түүнээс хойш энэ дуунд дуртай болчихсон. Тэр миний талаар юу гэж боддогийг мэдэхгүй ч бүтэхгүй гэдгийг л мэднэ. Заавал бүтэх биш зүгээр тэр хүнээс л авч байгаа мэдрэмж гоё байдаг. Энэ дууг л сонсохоор тэр хүний царай санагддаг даа. Үүнийг унших үгүйг мэдэхгүй ч чи миний бодолд байнга байдаг шүү. Хөөрхөн инээдийг чинь санаж байна.

-М.А

5. Softcore - Төгс төгөлдөр

Хэзээ хойно 23 насандаа анх хүнтэй үерхэж үзсэн юм. Анхны юм бүр л сайн, муу олон дурсамжтай байдаг хойно жил гаран үерхээд айхтар хаягдаж билээ. Тэр байдлаасаа гарах гэж их өөрийгөө зовоож, сэтгэл гутрал, шаналал зэргээс гарах замыг буруугаар шийддэг байж. Жил гаран архи, тамхи аль л муу болгонд автаж, энэ дууг өдөр шөнөгүй сонсож л "голоо зогоох" маягтай амь гарсан гэх үү дээ. Олон жил тэмцсэн дээ өөртэйгөө. Одоо ч хааяа сонсохоор тэр хар үеүд шууд мэдрэгддэг ч сонсохгүй байж чаддаггүй дуунуудын нэг юм даа. Нэг тийм увьдастай.

-Г.А (39 настай)

6. Тус дуутай холбоотой бас нэгэн дурсамж ⇧

"Сэтгэл гутралын хамгийн муухай нь сэтгэлээр унаж байгаагаа мэдэх ч улам дордохыг нь болиулж чадахгүй байх..."

Зүгээр л муу муухайдаа дасчихдаг юм шиг, шившигтээ дасаад л шаналандаа дурлачихна. Өөрийгөө аварч чадахгүй болохоор өрөөлөөс авралыг эрээд л тийм үе, тийм үед бүлээхэн үгсээрээ сэтгэлд цана татуулж байсан нэгэн хүний нэг хэсэг гэмээр л санагддаг болчихсон байсан тийм дуу. Анх сонсохоор үг бүр нь аргадаж байгаа мэт  санагддаг байсан сан, тэгээд нэг л мэдэхэд өвлийн хүйтэн шөнө хөл нүцгэн цасан дээр алхаж байгаа юм шиг л мэдрэгдэх болсон доо.

Х.Б (24 настай)

7. Андууд - Чи над руу

Өөрөө түрүүлж дурлаад зөндөө хайртай болсон хүнтэйгээ хамт байж байгаа өөр хүнтэй үерхэхээр болсныг нь мэдээд баяр хүргэж байсан юм. Тэгэхдээ өөрийнхөө ямар их хайртайг ойлгоод, дахиад тэр хоёрыг хармааргүй болоод, гадаад явахынхаа өмнөх шөнө сонсож байсан. Дахиад тэр үед уйлсан шигээ уйлахгүйн тулд дурлахаас айдаг ч тэр хүнийг явлаа гээд гомдож тунихааргүй тийм л их хайртай байсан гэдгээ ойлгох шиг болж билээ.

Ц (23 настай)

8. UB night - Нэг өдөр

Оюутан байхдаа нэг залууд учиргүй дурлаад, аз болоход тэр минь надад түрүүлж сэтгэлээ илчилсэн юм. Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн азтай зүйл. Тэр минь гоё дуулдаг. Сургуульдаа бол од залуу. Үерхээд удаагүй байхад энэ дууг надад дуулж өгч байсан. Энэ дууг сонсох бүрдээ л өөрийн мэдэлгүй нулимс нүдийг минь бүрхээд ирдэг. Хамтдаа 4 жилийг өнгөрөөсөн ч бид бусад шиг гэр бүл зохиож тусдаа гараагүй үерхсэн хэвээр үргэлжлүүлэн сурсаар л байна. Мэдээж сурч байгаа учраас тусдаа гарч амжаагүй. Тэр минь удахгүй гадагшаа сургууль руугаа явах гэж байгаа. Бидэнд маш их дурсамж бий. Заримдаа тэр "Чамайг хангалттай аз жаргалтай бас хүссэн шиг чинь амьдруулж чадахгүй байгаа байж магадгүй. Үеийнхэн бүгд аз жаргалтай сайхан амьдарч байна. Миний хайр ёстой азгүй юм аа" гэдэг. Сургуулиа төгсөж ирээд хайр нь чамайг дэлхийн хаана ч байсан хамаагүй олж очоод ярьдаг шигээ хоёулаа сайхан амьдарна аа гэсэн. Би дураараа болохоороо хаашаа явмаар байна тэр газар луугаа явж мөрөөдлөөрөө сурсаар л байх болно. Чи харин намайг дэлхийн хаанаас ч хамаагүй олж ирээрэй. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэгт үргэлж итгэдэг...

-P (24 настай)

9. Хурд - Нулимсаа тэвчье

Сонсох бүрд хайртай хүнийхээ хурим дээрээс буцсан залууг боддог юм. Дуу эхлэхээр л юу ч хийж байсан анхаарал зөвхөн энэ дуун дээр л төвлөрдөг. Сэтгэлээ огт илчлээгүй ч намайг хүлээгээгүй анхны хайрдаа гомдох сэтгэл ч төрдөг. Сэтгэлээ илчлээгүй би тэнэг... Нэг л өдөр яаж ийж байгаад гэрлэнэ гэдэгтээ итгэсэн болохоор өөртөө л гомдох юм даа. Энэ дуунаас хойш зөндөө монгол дуу сонсдог болсон ч энэ дуунд л хайртай.

-С.Н (19 настай)

10. Enerel - Before and After Her Flight

Энэ дууны тухайд хайртай байсан хүн нь гадагшаа яваад өөр хүнтэй болоод энэ явдлыг тэсэлгүй амиа хорлосон залуугийн  тухай бодит түүх. Үүнтэй төстэй, найз охинтойгоо муудаад хэн хэн нь буулт хийхгүй байх үед намайг хэдэн жил ч байсан хүлээнэ гэж хэлснээсээ хэдхэн хоногийн дараа өөр хүнтэй болсон байсан. Тухайн үедээ энэ дууг хэдэн сарын турш шөнө болгон сонсоод би түрүүлж буулт хийсэн бол өдийд хамтдаа байх байсан даа гэж уйлдаг байж билээ. Одоо сонсохоор асар их харуусал, уй гашуу төрдөг.

-Э****-д

11. Дөлгөөн нуурын хөвөө

Түүх гэхээсээ илүүтэйгээр сонссон үеийн мэдрэмжээ хуваалцъя. 14 настай л байсан байх, тухайн үед фэйсбүүкээр энэ дууг сонсчхоод яагаад ч юм унтах хүсэлгүй болчихсон. Ая нь гунигтайн дээр үг нь зүрх рүү хүрчихсэн юм шиг л болсон. Ганцхан удаагийн ам зөрөлт, бие биедээ туньсан тунилт нь тэднийг дахиж хэзээ ч уулзуулахгүй гэдгийг нь хэн ч мэдээгүй. Залуу ч хайртыгаа алдахаа, охин ч дахиж энэ дэлхийн тоосыг ч хөдөлгөхгүй гэдгээ мэдсэнгүй. Зүгээр л зохиосон дуу яагаад ийм хэрцгий үгтэй байгаа юм бол гэхээс гол харлах шиг л болсон доо. Түүнээс хоёр жилийн дараа энэ дууны үйл явдал яг бодит болсон гэдгийг мэдээд хага шоконд орсон. Ер нь л алдахаасаа өмнө бод гэх мессэж өгсөн дуу шиг санагддаг.

-Г (18 настай)

12. Opozit- Neeh tiim goy baidag daa tee

Анх удаа хүнд үнэнээсээ, зүрхнээсээ хайртай болж байсан юм. Тэр Опозитийн Гантулгатай үнэхээр адилхан. Анх бүр гүйж очоод "Та Гантулгатай үнэхээр адилхан юм аа" гээд хэлж байсан даа. Тэгээд өдөр ирэх тусам тэр хүнд хайртай болоод, Oпозитийн дуунуудад ч дуртай болоод хамт сонсдог, дуулдаг болсон. Тэгээд нэг өдөр надад боломж байхгүй гэдгийг мэдээд ганцаараа баахан уйлж байхдаа энэ дууг дахин дахин сонсож байсан юм. Тэр үеийн цээжний хэсэгт нэг тийм хүнд оргиж хөндүүрлэсэн мэдрэмжийг энэ дууг сонсох болгонд мэдэрдэг. Аххх саначихлаа :') Одоо ч нүдээ анихад шууд тэр хүн дүрслэгдэж байна. Хамар нь, инээд нь, соёо нь, харц нь, намайг дуудаж байгаа нь. Тэр хүнд хайртай болсондоо үнэхээр их баярладаг. Одоо ч гэсэн хайртай... Бас хэзээ ч мартахгүй байх. Зүгээр л түүнийг бодох хугацаа маань л багассан байх. Одоо харж байгаа бол нөгөө нэг үсэндээ дандаа юм наачихсан явж байдаг хүүхэд танд хайртай байсан бас хайртай байсаар л байгаа шүү.

-У.Мишээл (19 настай)

13. Баярцэцэг - Чамайг мартаагүй

2019 оны зун тэр минь Америк улсыг зорьж билээ. Бие биенээ хүлээж чадна гээд түүнийгээ би явуулсан. Явсан хойно нь сар гаран шөнө бүр тасралтгүй уйлж байлаа. Удалгүй тэр надад хайргүй болсон. Бидний сэтгэл холдсон тухай ч хэлсэн юм. Саяхныг хүртэл чамайг л хүлээж, чамайг л бодож өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Салснаасаа хойш энэ дууг их сонсож, их л уйлж билээ. Намайг сайн хүнтэй учраарай гэж зөндөө хэлсэн. Одоо би их сайн залуутай учирсан. Хааяахан энэ дууг сонсож эргээд чамайг боддог юм шүү.

-Б.Х (19 настай)

14. Namuuna - Feels so right

17 эсвэл 16 настай байхдаа юм уу даа анх удаа эрэгтэй хүнээс тийм их хайр халамжийг мэдэрч байсан. Тэр залуу маань надаас нэлээн ах бас бүх юм нь өөрт нь зохисон сайхан ааштай, боловсролтой мундаг хүн. Тэр үед би зүгээр л найзыгаа дагаж ажил дээр нь очиж байсан. Удалгүй тэр газарт очихгүй л бол болохгүй юм шиг санагдаад, өдөр болгон очдог болчихсон. Нөгөө ах тэнд ажилладаг байсан болохоор очиж харах гээд догдолж, хүлээж, хичээлээ хүртэл тасалдаг байсан. Тэгээд анх удаа 10 жилийн төгсөх ангийн охин эрэгтэй хүнтэй хамт гадуур зугаалж байх үедээ энэ дууг сонсоод, тэр залуудаа жинхэнээсээ сайн болсон. Одоо хүртэл хайрладаг хэвээрээ. Заримдаа тэр хүнтэйгээ уулзаж байна гэж бодож догдолдог. Тэр хүнийг минь санагдуулдаг дуу.

-Б.А (20 настай)

15. A Sound - Уянга

10 жилд байхдаа нэг даруухан ичимхий хөвгүүнтэй уулздаг байлаа. Надад их сайн харин би сайн гэдгээ мэдээгүй явж. Гар утасгүй тэр үед намайг хаана ч байсан олоод ирчихдэг байсан. Нэг зун тэр гадаадад сурахаар болоод, утсаар ярьж байна гэж амлаад явсан. Тэр үед манайх нөгөө алдарт Хадгаламж зээлийн хоршоогоор байраа алдаж ум хумгүй нүүхээр болов. Интернетгүй учир бид хоёрын ганц холбоо нь гэрийн утас байсан шүү дээ. Тэгээд л холбоо тасарсан. Ингээд нэлээн хэдэн жилийн дараа нэг олиггүй залуу намайг эргүүлдэг байв. Түүний хоёр найз манай хоёр найзтай уулзалддаг байсан тул аргагүй эрхэнд дургүй ч хүчээр дагаж гурвалсан болзоонд явдаг байлаа. Нэг удаа багын найз нь гээд хүнтэй танилцуулахад тэр маань сууж байдаг юм байна. Бид 2 их баярлаж багын юмаа ярьж инээлдэн, намайг хайгаад олоогүй их хайсан гээд их л догдлол дүүрэн зүйл болов. Харин тэр эргэж яриагүй. Дахиад хэдэн жилийн дараа ажил дээрээ санамсаргүй таарсан. Мэдээж бид хоёр хоёулаа гэр бүлтэй болсон байсан. Харин тэр өдөр нөгөө араас гүйдэг олиггүй залуу бидний дунд хор хутгасан байсныг олж мэдсэн дээ. Энэ дуу надад тэр олиггүй залууг бодогдуулдаг юм. Тэр намайг эргүүлж хоолонд урих тоолонд энэ жинхэнэ хит болж хаа сайгүй явж байдаг байсан юм.

-Э.У

16. Б.Бадрууган - Хонин цагаан үүл

Амьдрал их сонин. Саяхан л бүх зүйл болж бүтэж байхад, гэнэт орвонгоороо эргэж болдог. Бид тавуулаа амьдардаг байлаа. Аав ээж, эмээ, тэгээд ах бид хоёр. Дутах зүйлгүй, эгэл амьдрал байсан. Жилдээ нэг удаа бөөнөөрөө агаар салхинд гараад хоёр долоо хоног орчим амарч байгаад ирнэ. Тэр жил бид Завхан аймаг руу явсан юм. Аав, эмээ хоёр урд суучихсан, ээж ах бид гурав хойно явж байлаа. Зохиолын дуу хангинаад л, хэдэн цагийн турш сонсоод явчихсан болохоор өөр дуу сонсмоор санагдаад болдоггүй. Дээрээс нь би чихэвчээ орхичихсон байсан болохоор яах ч аргагүй байлаа. Ээж хажууд цонхоор юм хараад л, ах нөгөө тал руу хараад дуу сонсоод суучихсан, би голд зам хараад л, хааяа нойрмоглож, толгой дохиод л. Харанхуй болох тусам би яагаад ч юм айгаад байв. Тиймээс ааваас гуйж байгаад утсаа холбоод дуртай хэдэн дуугаа сонсож, өөрийгөө сатааруулж явлаа. Машинууд гэрлээ шилжүүлэхгүй, нүд сохлох шахам зөрнө. Тэгээд 5, 6 дуу сонссоны дараа сэтгэл ханаад, аавд дуртай дууг нь тавьж өгсөн юм. Яг энэ дууг сонсоод, дууг нь амандаа аялаад л их л тухтай давхиж явсан. Ямар ч санаа зовох зүйлгүй, хайртай бүх хүмүүсээ дагуулчихсан амарч, жаргаж яваа, амьдралаас дутах юм юу ч үгүй тийм амар амгалан тайван дүр төрх. Гунигтай дуу л даа, гэхдээ аав минь дуулахад тийм биш санагдаж байлаа. Санаа зовох зүйлгүй дууг даган дуулсаар... Эмээ хажууд нь тайван унтаж явлаа. 3 минут. Ердөө гурван минутын дараа бид осолд орсон. Гүйцэж түрүүлж болохгүй газар гэнэт нэг машинд өөдөөс давхиад гараад ирсэн. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Жаргалтай мөчөөс хэдхэн секундийн зайтай... Нүүр дагаж цус урсаж байсан. Гэхдээ ямар ч өвдөлт байхгүй. Шоконд ороод, би юу болоод байгааг ч ойлгоогүй. Хэн нэгэн орилоод, зөрж явсан машины жолооч л бидэн рүү хашхираад, дуудаад байх шиг байсан. Зам дээр гарч ирээд суухдаа би урд талын суудал руу аавыг хайж харсан. Тэр огт хөдлөхгүй байлаа. Би аавыгаа дуудаад л байх шиг болсон ч амнаас дуу гарч байгаа сонсогдохгүй байсан. Тэр өдөр аав, эмээ хоёроо бид алдсан. Одоо болтол машинд хамгийн сүүлийн удаа явж байсан дуу, тэгээд хүчтэй тоормослох чимээ чихэнд сонсогддог. Бүх зүйл орвонгоороо эргэхэд хэдхэн хором л шаардлагатай. Амьдралд юу болохыг бид мэддэггүй. Хайртай хүмүүс минь хэдхэн хормын дотор байхгүй болж, бид ганцаараа үлддэг. Энэ л хамгийн аймшигтай. Би одоо ч машинд сууж явна гэхээс айдаг. Хэзээ нэгэн цагт жолоо барьж сурах болов уу гэсэн ч үгүй байх. Хүмүүс дүрмээрээ, болгоомжтой, хариуцлагатай явж суртал би хэзээ ч машин барьж чадахгүй. Яарч, галзуу солиотой юм шиг давхиж, бусдын амьдралыг үгүй хийж хаядаг тийм хүмүүсээс болж би маш олон зүйлээ алдсан. Хэзээ ч уучлахгүй байх. 

-Г.У


Түүхээ хуваалцсан та бүхэндээ баярлалаа <3 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
6
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

b.bat 2021.10.13 66.181.161.51

Гоё нийтлэл байна.

0 Хариулах


D 2021.10.12 124.60.83.163

Sanah yumaa chamaig

0 Хариулах