Жонс Хопкинсийн Их сургуулийн судалгааны дүнгээс үзвэл АНУ-д 2020 оны гуравдугаар сард цар тахал тархсанаас хойш өнөөдрийг хүртэл 907 мянган хүн коронавирусийн улмаас амь насаа алджээ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд тус улсад өдөр бүр 2400 гаруй хүн амиа алдаж байна. АНУ-д нийт 77 сая тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Калифорни мужид хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
АНУ-ын иргэн 37 настай Алекс Голдштейн коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн түүхийг "FacesOfCovid" нэртэй твиттер хаягт оруулах болсон нь олон нийтийн анхаарлыг ихээр татах болжээ. Тэрээр "Тооны цаана нуугдсан түүх" хэмээн хаягаа онцолсон бөгөөд "Коронавирусийн улмаас ... хүн амиа алдлаа" гэх мэдээний цаана хэдэн мянган амьдрал орхигддогт эмзэглэн хаягаа нээжээ.
"Миссисипи мужийн оршин суугч 45 настай Томми Кит Куртни 2022 оны хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн улмаас нас баржээ. Түүнийг та гэрийнхээ ард өөрийнхөө барьсан дэлгүүрт хөвгүүд болон найзуудынхаа хамт тохойгоо тос болгочихсон машинаа засаж буйгаар нь харж болох байв"
Алекс одоогоор хаягтаа 7000 гаруй түүх оруулсан бөгөөд амиа алдагсдын гэр бүл, ойр дотнынхон нь "Танихгүй нэгнээс авч болох хамгийн дулаахан үгс" хэмээн талархлаа илэрхийлэх болжээ.
"Массачусетс мужийн Гротон хотын 7 настай Кассади Баракка 2022 оны нэгдүгээр сарын 18-нд нас барлаа. Тэр өдөр бүр өнгө өнгийн солонго зурж, хүмүүст талархал илэрхийлэх юм уу, нэгэн өдрийг гайхалтай өнгөрүүлэхэд нь зориулан зургаа бэлэглэдэг байв"
"Аризона мужийн Фонтайн Хиллст амьдардаг 65 настай Том Курлейхейр хоёрдугаар сарын 2-нд коронавирусийн улмаас амиа алдлаа. 2019 онд тэрээр Худалдаа аж үйлдвэрийн танхимд ажиллахаар шалгарч байв. Тэр тэнд төрөлх навахочууддаа бизнесээ хөгжүүлэх хүсэл мөрөөдөлд нь туслахаар зорьж байсан юм"