UBLife Logo
Ном

Өнөөдөр яруу найрагч Р.Чойном, О.Дашбалбар, Л.Ганзул нарын мэндэлсэн өдөр тохиож байна

Ub.life
Ub.life
Өнөөдөр яруу найрагч Р.Чойном, О.Дашбалбар, Л.Ганзул нарын мэндэлсэн өдөр тохиож байна

Монголын яруу найргийн томоохон төлөөлөгч Р.Чойном, О.Дашбалбар нарын мэлмий гийсэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийн тохиолдуулан тэдний уран бүтээлийн тухай судлаачдын тодорхойлолт болоод тэдний бичсэн шүлгүүдээс хуваалцая. 

Ренчиний Чойном

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төржээ. Түүнийг "улс төрийн хэрэгтэн" болгож хилсээр хэлмэгдүүлснээ 1990 оны 4-р сарын 26-нд Монголын төр хүлээн зөвшөөрч  "Р.Чойномын бичсэн шүлгүүд БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилготой байсан нь тогтоогдохгүй байх ба зориуд бэлтгэж тараасан баримт байхгүй байна" хэмээн үзэж цагаатгажээ. Тэрээр Хажуу-Улааны чанга дэглэмтэй хорих газарт дөрвөн жилийн ял эдэлж, Батноровт гурван жил нутаг заагдсан билээ. Монголын төр түүнийг цагаатгаснаас хойш зохиол бүтээлийг нь ард түмэн чөлөөтэй унших боломжтой болсон юм. 

Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна

Сэтгэл эмзэглэх үед гитар хүртэл уйлна

Өнгөтэй өөдтэй явахад бусдын эхнэр ч дагана

Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана

Ахархан жаргалаа хүмүүс ч зуун жил гэж эндүүрдгээс

Амьдралын хэдэн жилд зунаасаа намар нь элбэг

Өргөл ихтэй хорвоог хүн найрын ширээ шиг андуурдгаас

Өөрт нь оногдох цөөн жилд намраасаа өвөл нь элбэг

Бараан толбыг нь бодоод байвал энэ орчлон таг харанхуй

Баяр зугаагий нь дагаад байвал эргэн тойрон дандаа зун!

Мөнхийн зунаар нь цэнгэх гэвэл мөнгө болоод ухаан хэрэгтэй

Мөстэй өвөлд нь дааръя гэвэл мөрөөрөө шударга явах хэрэгтэй

Ялзрал ихтэй хорвоогийн явдал паянг нь тунгааж бичсэн нь

Яруу найрагчийн түүхэнд ганцхан би бишээ.

Тэр бүхнийг мэдсээр байж тэргэн дугуйнд нь хэрчүүлэгч

Тэсгэлгүй шүлэгчийн тоонд би бас ганцаар биш!

"Социализмын үед хүн ямар байх ёстойг үзэл сурталчид утга зохиолд номлож байхад, бодит амьдрал дээр "Хүн" ямар байсныг Чойном шууд ил үнэнийг бичсэнээрээ "зохиогч өөрийгөө ганцаардуулжээ"  хэмээн судлаач Д.Ганболд бичсэн байдаг. 

Ахар богино насалсан их яруу найрагчийн 

Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо би. 

Аль ч газрын урчуулын бүтээгээ нь үгүй хөшөөг

Ард түмний зүрхэн–тольтноо цогцлууллаа.

Хүний ертөнцөөс, хүн нэг дутаж, 

Хүндэтгэлийн ертөнцөд хөшөө нэг нэмж, 

Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн 

Ринчиний Чойномын цусгүй дайн дууслаа.

Хэнтий их уулын, цэнгэлд шартам хормойд 

Хэрлэн их мөрний, цэцгийн гурван сард 

Эхний шүлэг бичсэн, алтан өдрөөс хойш 

Эгэл миний биед, хоёр хүн багтсан юм.

Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн иргэн 

Жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг дагаж 

Ядуу шүлэгчийн бууринаас яруу найрагч болтол нь

Ядрал, ялалт хоёрыг нь мөрөндөө үүрч явлаа.

Энхрийхэн гоо минь ээ,

Ээмэг, бөгж, бугуйвч, 

Эрдэнийн чулуун зүүлт 

Энэ бүхэн чинь юу юм бэ?

Хүн, алттай ханилдаггүй, 

Хүйтэн чулуу тэвэрдэггүй, 

Халуун цогцосыг тэвэрч, 

Хайрын үгэнд уярдаг юм!

Алт, үг хэлдэг, 

Алаг чулуу, дуу дуулдаггүй.

Яруу найрагчийг, мөрөн дээрээ үүрч

Ядрал–цэнгэлий нь амсалцсан биеэрээ 

Ялалтын нь алтан хөшөөг бүтээлцлээ. 

Үүрийн гэгээ шиг залуу зандан насаараа 

Үнэ, харгүй олсон энэ ялалтынхаа 

Үр шимийг, хүмүүс танаа барья.

Очирбатын Дашбалбар

Яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд мэндэлжээ. Судлаачдын үзсэнээр О.Дашбалбар бол ГУНУ урсгалын гол төлөөлөгч юм.

Гэрэлт сараана цэцэг агаар дунд дэлбээлсэн юм шиг хайр сэтгэл минь 

Гэгээн оддын дунд би тохирох байраа олсон юм шиг хайр сэтгэл минь

Орчлонгийн цоо шинэ аялгуулгаар намайг хулдан, уян зөөлөн болгоно

Оршин тогтнохын шинэ хэлбэр, биет бус яруу сайхныг мэдэрнэм...

Оюун бодлын шинэ туяа, өөрийгөө өргөмжлөх анхны сэрэл

Одоог минь маргаашаар гэрэлтүүлэх ариун нандин хайр!

Гурван настай охин гартаа атгасан алимыг энхрийлэх шиг

Гуа сайхан амраг минь чинийхээ ягаахан хацрыг илбэмүү!

Намрын улаахан алим охины гар дээрээс алга болох шиг

Надад сонин сэрэл төрөвч, шим шүүс нь биед үлдэнэ...

Аяа, хайр сэтгэлээ би ягаахан алимны шим шүүс гэмүү!

Амьдрах хүчийг дотроос минь өгч, хацар дээр гэрэлтнэм.

Ухаангүй гэнэн, учирсан чинийхээ төлөө галзуурч чадахаар дурланам

Униар дунд шувуудын далавч гялсхийх шиг яруу тансаг дурланам

Урин ялдамхнаар надад мишээсэн өдөр чинь ухаан суусан би

Уян зөөлөн бүсгүй хүнийг хайрлах нь гавьяа болохыг ойлгосон!

Хөвгүүн биед минь тохиолдсон анхны хувьсгал хайр юм

Хөөрхөн чиний минь нүд энэ хувьсгалын бэлгэдэл юм...

Дурлалын инээмсэглэлээ туг болгон өөрийгөө өөрчлөх тулалдаанд

Дуу чимээгүй орохдоо би Итгэл, Мөрөөдөл, Хүлээхийн гаригийг нээсэн.

Утга зохиол судлаач П.Батхуяг "О.Дашбалбарын яруу найраг ТЭГ чанартай юм. Түүний шүлгүүдэд ахуйн натурал шинжүүд ч байдаг. Хүн, хүнээ хайрлах, аав ээжээ энэрэх, эх орноо өмөөрөх, туг сүлд тусгаар тогтнол, эх хэл, газар шороо, луйварчдыг гэсгээх тухай, урвагчдаас ял асуух эсэх, өвгөдөө бүү басамжилцгаа гээд ердийн түгээмэл “ЭХЛЭЛҮҮД” үүсгэдэг. Гэтэл мөнх бусын дууг сонсох, ертөнцийг олох, ертөнцөөс үүдэх, ертөнцийн хуулийг таних, бүх юм нам  гүмийг мэдэх, төрөх шиг үхэхэд сурах гээд дээд оюуны хэмжээст хамаарах “тэг хүртэлх орон зай, цаг хугацаа “ бас бүтээж чаджээ. Нэг удаа би асуув. –Багшаа, үйлийн үрийн тухай хамгийн сайн ном юу вэ? Тэр шууд л “АМЬДРАЛ” гэж хариулж билээ. Алиа шаргал намар байсан санагдана. “Яагаад амьдрал...” гэж асуухад минь “дуугай дагаад яв” гэж л хэлж билээ..." хэмээн Хүн ертөнцийн "Тэг" хүүрнэл" эсээндээ бичжээ.

Хамаг бvгдээр чамайг 

Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! 

Хамгийн сайн хvн гэж 

Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! 

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч 

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан... 

Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч 

Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг... 

Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч 

Хан тэнгэр нурчхаагvй цагт, бүү зов! 

Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч 

Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бүү ай! 

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч 

Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна 

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч 

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! 

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч 

Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай! 

Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч 

Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай 

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай 

Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай 

Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт 

Орчлон дээр аавын хүү шантрах ёсгvй!... 

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай 

Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ... 

Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч 

Цөс ихтэй хvний үр гэдгээн бүү мартаарай!... 

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь 

Цохолж ирэх vйлийн vрээс бүү зугт, бүү ай!... 

Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай... 

Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шүү!... 

Орох оронгvй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи! 

Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи ! 

Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм 

Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм ...

Жамаараа ертєнцєд юм бvхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ 

Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !... 

Атаатан тvмэнтээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ . 

Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ... 

Ямагт чиний зөв байх албагvй , сайтар тунгаа 

Ярьж хэлэх , хөдлөх бvхнээ өөрөө хяна , сэтгэ 

Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь, 

Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!... 

Юм бvхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргvй 

Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй 

Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм... 

Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм 

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг 

Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай ! 

Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм 

Саваагvй амьтдын зиндаанд бүү уна !... 

Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй 

Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй 

Ертөнцийн бvх юм хэмжээтэйг бүү март 

Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина 

Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай 

Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!... 

Yнэтэй цайтай бvхнээ бусдад өгч сур, бүү харамс 

Yүрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!... 

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай 

Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай! 

Yг яриа хэрэггvй газарт харцаараа өгүүлж сур, 

Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир! 

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст 

Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!... 

Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд ноомой явдлыг дээдэл 

Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!

Лхамсүрэнжавын Ганзул

Яруу найрагч Л.Ганзул 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт сумын төржээ. Баян-Агт сумын номын сан түүний нэрээр овоглодог билээ. 

Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ

Эхлээд чи гараараа алгадсан

Үүлэн нүүхийн хоромд эргээд ирэхэд минь

Үгээрээ алгадсан

Сарны гэгээ залгин халамцаж хоноход 

Салхиараа алгадсан

Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алс суухад минь 

Сургаараа алгадсан

Хачин их саначихаад хавраар зочлоход минь

Харцаараа алгадсан

Намрын дунд сарын билэгт өдөр харин 

Намайг чи сүүлчийн удаа тоосоороо алгадсан

Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө

Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи

Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо

Шаналан туучин ирдэг жаргал болсон чи

Дэндүү ариун хайрыг минь чи

Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол

Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж

Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ

Чамд би гомдох эрхгүй...

Утга зохиол судлаач Х.Чойдогжамц "Яруу найрагч Л.Ганзулын шүлэгт цаг улирлын  гоо сайхныг мэдрэх дотоод алсын тун өвөрмөц  гүн сонсголууд байдаг. Түүний найргийг нэгэн хаалга нээн орохтой/өнөөх өндөрлөгт гарахын тулд юу яах шиг/ зүйрлэвээс  НАМАР, НАВЧ, БҮСГҮЙ, ГОО хэмээх үгсийн оролцоо гол түлхүүр болно. Түлхүүрдэн татваас ГОМДОЛ, ГУНИГ, ГАНЦААРДАЛ, УЯРАЛ тунаруулсан, эгээ л өөрийнх нь шүлэглэсэн шиг бүдэгхэн өвдөлт шиг эмзэглэлийн анир сонсдох аж. Ялангуяа намрын навчсыг гүнзгий сонсож дуулдаг нь мэдрэгддэг. Түүний сэтгэлийн навчис хөллөх чимээн дунд  та ганцаардлын уйг мэдэрч, навчис дусалд нэвт норон нэт гуниж, бугын урамдаан солонгороход навчистай хамт үймэн, он цаг навчсын судлаар хээлэн лугшсаар сэтгэлд тань зүрх зүсэх шиг хийсч, эсвээс хөвүүн насаа гээх шиг унана. Хаврын хөлд ч навчис гандахыг харж байхдаа балчир хяруу навчны алганд дулаацахыг бас үзэх төдийгүй гомдлын шаргал анир сонсон сэрэх болно.  Дэндүү уйтай мэт санагдавч алхан орсны дараах тэр мөчид ЖИНХЭНЭ НАВЧ, ЖИНХЭНЭ НАМАР, ЖИНХЭНЭ АМЬДРАЛ, ЖИНХЭНЭ ГОО ЗҮЙН төгс зохицлын яруу сонсголыг ухааран ЗОГТУСАХ вий..." хэмээн "Бурхан хэний бүтээл вэ?" өгүүлэлдээ бичсэн байдаг.

Гоо сайхан гэдэг

Түүний минь зүрхэн тус газар оршдог

Тод үзэсгэлэн юм

Голын цүнхээлд загас цойлох үдшийн

Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм

Гоо сайхан гэдэг

Түүний минь зүрхэн зүгээс нисэн алдах

Түг, түг анир юм

Үсийг нь илэх төдийхөнд

Өвсөн дээр алчуур унах мөч юм

Гоо сайхан гэдэг ямагт

Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм

Гоо сайхан гэдэг үргэлж

Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм

Гоо сайхан гэдэг ердөө

Намрын жимсний гашуун амт юм

Гоо сайхан гэдэг зөвхөн

Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм

Гоо сайхан гэдэг энгийнээр

Хорвоо бид хоёрын дундын өмч юм

Гоо сайхан гэдэг эцэстээ

Хайр гэдэг үгний өргөмөл охин юм

Гоо сайхан гэдэг

Надад оршиж

Надаар хэмжигдэнэ

Гоо сайхан гэдэг

Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх

Нүцгэн биеэс цааш

Бүр хэний ч олж үзээгүй

Миний төсөөллийн гүн дэх

Ягаанхан хацартай охины

Инээмсэглэл юм аа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

“Зөвхөн хайр” яруу найргийн эвентэд зохиолч Б.Батрэгзэдмаагийн охин Б.Анар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин, зохиолч Б.Сарантуяа нар зочноор хүрэлцэн ирж, Б.Батрэгзэдмаа найрагчийн бүтээлүүдээс уншсан юм.

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

Үүр цүүрээр түгшүүрийн дохио таван минутын зайтай гурвантаа дуугарав. Дуугарав гэсэн үгийн оронд уртаар гааруулан улив гэж хэлсэн ч болохоор чихэнд сонсголгүй, айдас түгшүүр тэр дорхноо сумын нам гүм шөнийг үргээж, хүн бүрийн дотрыг зарсхийлгэж, амтат зүүднээс нь сэрээлээ.

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

“Монголд учирсан адал явдал” хэмээх цувралын хүрээнд Монгол орноо тохиолдсон адал сонин үйл явдал, тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн нөхцөл байдал, дүр зургийг тодорхой дүрслэн бичсэн Хеннинг Хаслунд, Свен Хедин, Режи Хюк, Херман Констен, Вальтер Боссхард нарын аялагчдын тэмдэглэлийг эх хэлнээ сорчлон орчуулаад буй орчуулагч, дипломатч Базаррагчаагийн Баярсайхантай ярилцлаа.