UBLife Logo
Кино

Тамир, Болормаа нарын амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” УСК үзэгчдийн хүртээл болно

Ub.life
Ub.life
Тамир, Болормаа нарын амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” УСК үзэгчдийн хүртээл болно

Хос болгоны хувьд өөрсдийнх нь түүх ямар ч гайхалтай хайрын түүхээс илүү сайхан байдаг болов уу. Гэхдээ зарим түүх хүн бүрт тохиогоод байдаггүй хайрын хүчээр боссон байдаг. Харин би одоо танд ийм нэгэн гайхалтай түүх ярьж өгье.

Цас бударсан өвлийн нэгэн намуухан үдэш...

Халуун цай ууж, дулаацахаар “УБ” гэх кафед орсон Б.Тамир тэнд зүрх сэтгэлийг нь хайр, халамжаар дулаацуулах гэргийтэйгээ учирна гэж төсөөлөө ч үгүй явсан биз. Одоогоос таван жилийн өмнө бадамлаж эхэлсэн Тамир, Болормаа нарын хайрын түүх бусад хосын адил догдлол, баяр хөөр, ирээдүйн тухай гэгэлгэн төсөөлөл мөрөөдлөөр дүүрэн байлаа. Элдвийг ярилцаж хамтдаа хөтлөлцөн алхаж, ирээдүйд босгох амьдралаа төсөөлж, баярлан догдлох өдөр хоногууд үргэлжилсээр...

“Бид хоёрын хамгийн их нандигнадаг зүйл бол хайр минь шүү дээ. Бид хоёр яг нэг хүн шиг бодож сэтгэдэг. Үйлдэл бүхнээ шүү. Хайр хүнийг ийм болгодог байхаа. Болороо өмнө нь дөрвөлжин би таван хошуу хэлбэртэй байсан бол одоо бид хоёр тэр дүрсээ эвдсээр байгаад бөөрөнхий болчихсон байх...”

Гэтэл хурим болоод удаагүй байхад Болормаагийн бие бага багаар өвдөх болжээ. Болормаагийн баруун хөл бүхэлдээ мэдрэлийн судал дагасан өвдөлт өгдөг байв. Өдөр ирэх тусам өвдөлт нь нэмэгдсээр алхаж чадахаа больсон юм. Нэг жилийн турш олон эмнэлгээр үзүүлсэн ч өвчний онош тодроогүй байна.

Болормаа гадаадад очиж өвчнөө оношлуулж, ясны хорт хавдар гэх ховор өвчин туссан болохоо олж мэдээд 2014 оны арваннэгдүгээр сард эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Залуу гэр бүлд ийм том гай тохионо гэж хэн төсөөлөх билээ. Гэхдээ залуу хос хайрын хүчээр бүхнийг даван туулна гэдэг итгэлээр цуцалгүй тэмцсээр байв.

Тэд хүнд өвчнийг хамтдаа давж туулж байгаа тухайгаа олон нийттэй хуваалцах “Бидний хайрын хүч” нэртэй фэйсбүүк хуудастай болов. Үүгээр дамжуулан маш олон хүн тэдэнд сэтгэлийн дэм өгнө. Болормаагийн биеийн байдал муудаж, химийн эмчилгээ хийлгэснийхээ дараа үсээ хусуулсан. Мэдээж Тамир үүнийг гэргийнхээ хамт хийжээ. Тэд хайрын хүчээр бүхнийг даван туулна гэх итгэлээр жигүүрлэж байлаа. Хосууд эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зорив. 

"Итгэл, итгэл. Бас дахин итгэл!"

Хамтдаа олон удаан жил амьдрах гэсэн хүсэл тэдний хайрыг улам хүчтэй болгож байв. Гэсэн ч Болороогийн бие бага багаар муудсаар л байлаа...

Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Аполло фильмийн залуу найруулагч Ц.Анхбаяр ажилласан бөгөөд кино зохиолыг зохиолч, найруулагч МУСТА Л.Таванбаяр болон Ц.Анхбаяр нар хамтран бичсэн юм. 

Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г.Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э.Батнямбуу, ерөнхий зураач МУСТА Ц.Хүрэлбаатар нар өмнө нь “37 –р Точка”, “Маш Нууц”, “Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх” зэрэг шилдэг уран бүтээлд ажиллаж байсан.

“Үүрдийн хайр” УСК-оор Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж залуусын хайр дурлал, үнэнч, нандин сэтгэл зэргийг харуулахаар зорьж буй гэнэ. Тус  бүтээлийн гол дүрийг жүжигчин О.Амгаланбаатар, Б.Хунцэнгүүн нар бүтээжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.