UBLife Logo
Кино

"Алтан Өргөө" кино наадамд очих ЗУРГААН шалтгаан

"Алтан Өргөө" кино наадамд очих ЗУРГААН шалтгаан

Монголын кино институтээс зохион байгуулдаг "Алтан Өргөө" Олон Улсын кино наадам VI сарын 2-5-ны өдрүүдэд Тэнгис кино театрт 10 дахь жилдээ явагдана. Тус кино наадмын үеэр монголын болон дэлхийн шилдэг богино хийгээд бүрэн хэмжээний кинонуудыг үзэх алтан боломж олддог гэдгээрээ онцлогтой билээ. Ингээд "Алтан Өргөө" кино наадмыг зорих ЗУРГААН шалтгааныг онцолж байна. 

#1

Энэ жил "Алтан өргөө" кино наадмын 10 жилийн ой тохиож байгаа юм. Иймд өнгөрсөн хугацаанд тус шалгаруулалтын уралдаант хэсгээс Дээд шагнал хүртэж байсан кинонуудыг бүгдийг нь нэг дор гаргахаар болжээ. Мөн 2013-2021 онуудад уралдаант хэсэгт шалгарсан монгол бүтээлүүдээс шилж үзүүлэхээр болоод буй аж. Бас 2021-2022 онуудад дэлхийн хамгийн нэр хүндтэй богино киноны наадмууд болох Оберхаузен, Клермон-Ферранаас гадна гол наадмууд болох Локарно, Венец, Берлин, Каннын богино киноны уралдаант хэсгийн Дээд шагналт бүтээлүүдээс ч толилуулах юм.

#2 

Монгол дахь Канадын Элчин сайдын яамтай хамтран "Гурван мянга", "Ричард Кардинал", "Ариун сахиусан тэнгэрүүд", "Бөө" гэсэн Канадын уугуул уран бүтээлчдийн шилдэг богино кинонуудыг толилуулахын зэрэгцээ "Гурван мянга" бүтээлийн эзэн Асиннажакийг урьж авчрах аж. Тэрбээр кураторын ажлаараа 58 дахь Венецийн биенналед Канадын павильоныг дэглэж байсан бөгөөд VI сарын 4-ний 12:00-14:00 цагт Тэнгис кино театрт "Баримтат богино кино туурвихуй" мастер классыг үнэ төлбөргүй зохион байгуулах юм. Мөн Германы тайз, дэлгэцийн найруулагч Адриан Фигуэроагийн "Эксперименталь баримтат кино туурвихуй" мастер класс VI сарын 5-ны 12:00-14:00 цагт Тэнгис кино театрт явагдана. Мөн л үнэ төлбөргүй.

#3

Харин Бүрэн хэмжээний кино үзвэрийн хэсэгт Донбассын дайны үеийн Украин дайчдын нөхөрлөлийн тухай "Дайны тэмдэглэл", Америкт амьдрах Монгол залуугийн гэр бүлийн харилцааг "Beloved" киногоор, 1980-аад оны Францын жижиг хотод инди радио хүмүүст хүргэх залуугийн түүх "Magnetic Beats", 1922 оны Канадын инуитуудын хүнд хүчир ч жаргалтай амьдрал "Умардын Нанүк", зөвхөн эмэгтэйчүүд амьдрах гараг дээрх ангуучлал, өшөө авалтын түүх "After Blue" кинонуудыг гаргах ажээ.

#4

10 дахь удаагийн "Алтан Өргөө" кино наадамд олон улсаас нийт 245 кино ирсэн бөгөөд тэдгээрээс уралдаант хэсэгт 16 бүтээлийг шалгаруулан кино наадмын үеэр үзэгчдэд толилуулах юм. Олон улсын уралдаант хэсгийн зарим кино өнөөдөр 21:00 цагаас, бусад кино нь VI сарын 4-ний 16:00 цагаас Тэнгис кино театрт гарна. Харин Монгол уралдаант хэсэгт 33 кино ирснээс 17 бүтээл эцсийн шатанд шалгараад буй юм. Энэ хэсэгт шалгарсан кинонууд VI сарын 5-нд 16:30 цагаас гарна.

#5

Найруулагч С.Бямбаагийн "Жаргалтай хүн" Дангаасүрэнгийн Энхбатын хөрөг баримтат киног "Алтан Өргөө" наадмын үеэр "Урлаг ба Улс төр" сэдвийн дор VI сарын 3-ны 14:00 цагаас Тэнгис кино театрт гаргах гэж байна. Мөн найруулагч Г. Балдан, Д.Эрдэнэбулган нарын (John Sheepskin) "Машинд тавтай морил" киног "Жаргалтай хүн" киноны өмнө толилуулах аж. Үргэлжлүүлэн киноны дараа "Урлаг ба Улс төр" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

#6

Мөн "Алтан Өргөө" наадмын хаалтын үеэр Монголын анхны дуугүй кино болох "Норжмаагийн зам"-ыг онц сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэнэ. Энэ удаа "Норжмаагийн зам" (1938) кинон дээр DEMI MOORS-ийн PSYCHEDELICPRISM өөрийн электроник хөгжмийг тоглох аж. PSYCHEDELICPRISM нь DEMI MOORS-ийн үүсгэн байгуулагч бөгөөд электроник хөгжмийн нийт 20 гаруй урсгал, саб жанраар тоглодог билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.