Дөрвөд бий биелгээг өвлөн уламжлагч Гэндэнгийн Баяртай. Тэрбээр Увс аймгийн Сагил сумын уугуул бөгөөд удам дамжсан дөрөв дэх үеийн бийч юм. "Өв-Эрдэнэ" соёлын биет бус өвийн театрын нээлтийн үеэр түүнтэй ярилцлаа.
-Дөрвөд бий биелгээ хөдөлгөөний хувьд хэр баялаг вэ?
-Дөрвөдийн 13 биелгээ бий. Би зарим мартагдсаныг нь сэргээгээд бусдад заан сургаж байна.
-Дөрвөдийн эдгээр 13 биелгээ бусад ястныхтай давхцах тохиолдол байдаг уу?
-Давхцахгүй. Дөрвөд, баяд, захчин, хотон, урианхай, торгууд гээд бий биелгээгээ өдийг хүртэл өвлөн уламжилж ирсэн зургаан ястан бий. Эдгээр ястнуудын бий биелгээний хөдөлгөөн болоод хөгжмийнх нь айзам хоорондоо ялгаатай. Миний хувьд, биелгээний хөдөлгөөнөөс урьтаж дөрвөд хүний ёс заншил, амьдарч ирсэн түүх, замналыг заадаг юм. Дөрвөд бий биелгээг хийхийн өмнөх суулт, хөлийн тавилт их чухал. Хамгийн чухал нь сэтгэл зүрхээ бэлдэх ёстой. Өдөр тутмын ахуй амьдралын зан үйл бий биелгээнд шингэсэн тул түүнийг сэтгэл зүрхээрээ биелж гэмээнэ үзэж буй хүнд сэтгэлийн тааламж өгдөг.
-Та икэл хуур татдаг уу?
-Икэл татна аа. Аав маань алдартай икэлч. Увс аймгийн Соёлын ордноос Улаан гэрийн Соёлын ордон хүртэл 23 жил ажилласан алдарт хүний үр сад болохоор ааваасаа их зүйл сурсан. Өвлөн уламжилсан өв соёлдоо нас ахих тутмаа улам сэтгэл зүрхээ зориулж, түүгээр л амьсгалж байна. Биелгээгээ хийхгүй гэртээ жаахан суугаад л бие хөшчихдөг юм.
-“Өв-Эрдэнэ” соёлын биет бус өвийн театр нээлтээ хийлээ. Энэ театр соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад ямар өгөөжтэй байх бол?
-“Өв-Эрдэнэ” театрын хэвлэлийн бага хуралд ач, зээ нартайгаа очиж дөрвөд бий биелгээ хийсэн. Соёлын биет бус өвийн театртай болсонд сэтгэл үнэхээрийн тааламжтай байгаа. Өв уламжлалыг ерөөсөө орхиж болохгүй. Цаашид Монгол үндэстэн оршин тогтноход өв уламжлал, ахуйн соёл чухал. Бий биелгээ нэг талаараа эрүүл мэндийн болон сэтгэл оюуны дасгал юм. Эмэгтэй хүн өглөө босоод өрхөө татаж, улмаар үхрээ саагаад цайныхаа дээжийг өргөхөөс биелгээ эхэлнэ. Тухайлбал, хүүхдийнхээ үсийг самнаж, сүлжихэд биелгээний бүх хөдөлгөөнүүд ордог. Аав маань баяд, ээж маань дөрвөд ястан. Аль аль талаасаа бийч.
-Баядууд бас л соёлын биет бус өвөөр баялаг шүү дээ. Та ер нь баяд бий биелэх үү?
-Баяд биелгээг хийнэ. Удам байгаа болохоор. Өдгөө би 68 настай. Бий биелгээг 62 жил хийж байна. Увс аймгийн театрт мэргэжлийн бүжигчнээр 30 жил ажилласан. Хүүхэд байхдаа уран нугаралтаар мөн хичээллэдэг байсан.
-Та бий биелгээнийхээ хувцсыг өөрөө хийдэг үү?
-Насны залууд хийдэг байсан. Одоо дандаа хүнээр хийлгэдэг. “Хувцас бурхан, бие чөтгөр” гэдэг шүү дээ. Хувцсаар бий биелгээний бүх утгыг илэрхийлнэ.
-Та өдийг хүртэл хэчнээн шавьд өөрийн авьяас билгийг өвлөн уламжлуулаад байна вэ?
-1995 оноос өөрийн эзэмшсэн өв уламжлалыг бусдад заан сургах ажил маань эхэлсэн. Өдийг хүртэл бий биелгээ сурах хүсэлтэй 18 мянга гаруй хүмүүст зааж сургаад байна. Нийслэлийн бүх сургуулиуд, Дорноговь аймгийн Өргөн сум, Увс аймгийн дөрвөд ястан амьдардаг сумдаар явж бий биелгээ зааж өвлүүлэх ажлыг хийгээд байгаа. Миний биелгээ заах арга барилын бусдаас ялгарах нь эхлээд биед нь суулгаж өгдөг. Надаас өөр ингэж биелгээ заадаг багш байдаггүй юм билээ. Эхлээд хавирганы биелгээг зааж, дараагаар нь сээр, нуруу, хүзүү, гар, толгойны хөдөлгөөнийг заана. Гэхдээ анхдагч нь дотоод сэтгэлээ бэлдэх юм. Нүүр гараа угаахдаа хүртэл голын ус урсаж байна хэмээн сэтгээд хөдөлгөөн хийгээрэй гээд аажим аажмаар сургаад байхаар хүүхдийн оюун санаанд нь бий биелгээ суучихдаг. Ингээд хамгийн сүүлд жороо морины чичиргээг заана.
Гэрэл зургийг: Д.Давааням