Бүх найзууд, хамт олон, хамаатнууд хаа нэг тийшээ яваад ганцаараа л энэ хотод үлдсэн мэт санагдаж байна уу? Тэгвэл олон хүнгүй сэлүүхэн гудамж талбайг ашиглаад ганцаараа, найзтайгаа дараах санаануудаас хэрэгжүүлээд үзээрэй. Мэдээж илүү "зугаатай" болгохын тулд өөрийн санаагаар баяжуулахаа мартуузай.
1. Бяцхан зугаалга хийх
Агаар салхинд гарахын тулд заавал хотоос гарч, хол явах хэрэгтэй гэж хэн хэллээ? Богд уул, цэцэрлэгт хүрээлэнгүүд, парк гээд хаанаас ч очих боломжтой "ногоон" сэлүүхэн газрыг зориорой. Гэхдээ энэ удаа тусгайлан өдрийн хоол, амттан бэлтгээд яг л зугаалга хийж байгаа юм шиг ая тухтай явах хэрэгтэй.

2. Дугуй, скүүтер, автобусаар аялах
Машин багатай, түгжрэлгүй гудамжаар аялах шиг сайхан зүйл хаа байна?

3. Хүнгүй кафе, задгай талбайгаар үйлчлүүлэх
Дуртай кофе шоптоо хүн ихтэй болохоор нь оролгүй удсан уу? Амттай хоол идэх гэтэл дандаа л дараалал дунд хамаг цагаа бардаг уу? Тэгвэл наадмаар ажиллаж байгаа газруудаас сонгоод тааваараа үйлчлүүлээрэй.

4. Агаарт дуртай зүйлээ хийх
Гэрийнхээ урд талын сааданд ном унших, паркаар алхах, Зайсан толгой гараад сэрүүхэн агаарт дуу сонсох гээд хүнгүй гудамж талбайд дуртай зүйлээ хийгээд аваарай. (Ахиад хэзээ ийм боломж олдоо билээ дээ?)

5. Сонирхолтой эвэнтүүдэд явах
"Гүзээлзгэнэ түүцгээе, дуулцгаая"
Хотод үлдсэн "хэдээрээ" ч агаар салхинд гарцгаах уу? Ил гал, дүүжин ор, кофе, хөгжимтэй эвентэд очоорой.

6. Жүжиг, тоглолт, үзэсгэлэн үзэх
Наадмын үеэр ч арга хэмжээнүүд тасрахгүй нь ээ. "Тамгагүй төр" драмын жүжиг, "Тусгал" драмын жүжиг тоглогдохоос гадна Морин хуурын чуулга, рок поп хамтарсан "Монголын сайхан орон" тоглолт болох юм байна.
7. Хамгийн гоё суудалд кино үзэх
Кино театрт очих бүрт л хамгийн гоё суудлууд амархан дүүрчихсэн байдаг уу? Тэгвэл энэ удаа та хүссэн суудлаа сонгоод сэлүүхэн хотод үлдсэн хэргээ гаргаарай.

8. Хүссэнээрээ зургаа даруулах
Хотын хаа нэгтээ зураг дарахыг, даруулахыг хүсдэг үү? Тэгвэл камер эсвэл гар утсаа аваад л гараарай. Одоо танд хэн ч саад болохгүй.

9. Чишш... (Чимээгүйхэн болзох)
Дээрх бүх санааг ганцаараа эсвэл найзтайгаа, таалагддаг, хайртай хүнтэйгээ хамт хийвэл бүр ч дурсгалтай байх болно. Шинэхэн хосууд хөтлөлцөөд гудамжаар явсан ч яадаг юм!