UBLife Logo
Спорт

“Үргэлж бясалгагч нүд юу хардаг вэ, Хорхэ?...”

“Үргэлж бясалгагч нүд юу хардаг вэ, Хорхэ?...”

Өөдөөс цоргих түүний тунгалаг нүд бүхнийг нэвт ширтэх шиг санагдана. Анх удаа л шатарчны өмнө гэмтэн мэт толгой гудайж хэдэн асуултаа зэхэн суугаа маань энэ юм. “Үргэлж бясалгагч нүд юу хардаг вэ, Хорхэ?...” хэмээн эхэлдэг зохиолч Г.Аюурзанын шүлгийн мөрүүд гэнэтхэн санаанд тэмтрэгдсэнээс ийн тавгүйтэхэд хүргэсэн юм болов уу. Урьдын олон ялалтынх нь цуурайнаас түүнийг эчнээ таних боловч харин дотор хүн нь хэзээд л үл таних зочин байлаа.

Шатрын эмэгтэй их мастер цолны болзлыг арван таван насандаа Монголоос анхлан биелүүлсэн. Тухайн үед манайх Москвад ойн хажууд амьдардаг байсан юм. Аавын боловсруулсан тогтсон нарийн хуваарийн дагуу өдөр, хоногуудыг өнгөрүүлж асан үе. Долоо хоногт гурван удаа талдаа цаг орчим метрогоор явж, нэг өрөг тоглодог, харин бусад өдөрт нь дараагийн өрөгтөө бэлдэж, тархиа амраах, агаарт алхахад цагаа зарцуулна. Ихэнхдээ шатрын хөлгийн ард сууж өнгөрүүлэх ачаалал өндөртэй амьдрал. Зурагтыг өдрийн цагаар ер асаахгүй, харин оройд нэгээс хоёр цаг үзэх боломжтой. Аав маань багш байсан болохоор бүх зүйлд хатуу дэгтэй, зарчимч ханддаг байсан” хэмээн оюутны Дэлхийн хошой аварга, МУГТ Батхуягийн Мөнгөнтуул яриагаа эхлүүлэв. Үеийнх нь хүүхдүүд гадуур тоглож наадан, чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө хүслээрээ өнгөрүүлж  байхад харин Их мастер Б.Мөнгөнтуул бүх зүйлээс хязгаарлагдмал байжээ. Гэхдээ тэр хэзээ ч энэ байдлаа “Би эрх чөлөөгүй байна” гэж хүндээр бодож байгаагүй гэлээ.

Аав 30 нас хүрээд шатар сурсан. Ингээд сонирхолдоо онцгой ач холбогдол өгч, шатрын ном, сэтгүүлийг ч олноор нь цуглуулах болж. Удалгүй эгч, ах бид гуравт шатар зааж эхэллээ. Багад аав маань олон хүнийг гэртээ урьж, надтай шатар тоглуулдаг байв. Тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс гэдэг шатрын хүчирхэг дэг сургууль байлаа. Шатрын тухай ихэнх ном болоод мэдээлэл орос хэлээр. Тиймээс намайг долоон настайд шатарчин болгохоор төлөвлөж, Орос 14 дүгээр сургуульд элсүүлсэн юм. Орос хэлийг маань сайжруулахын тулд аав номын сангаас орос хэлт зохиолууд авчирч уншуулна. Түүнчлэн шилдэг шатарчдын өргүүдэд хийсэн шинжлэлт болон онцлон М.И.Дворецкийн номуудыг багадаа их уншдаг байсан. Гэхдээ номоос үзсэн өрөг тоглолтын үеэр давтагдах магадлал бага. Тиймээс өөрийнхөө тоглолтын арга барилд тохирох гарааг олж, түүнээ цааш нь хэрхэн өрнүүлж болохыг бясалган, хөгжүүлэх нь шатарчны гол бэлтгэл юм. Би тэмцээний үеэр оюун санаагаа шатраас түр ч болов чөлөөлөхийн тулд адал явдалт номууд цүнхэлж явдаг байлаа. Одоо ч надад орос хэлээр унших нь илүү амар санагддаг” хэмээн тэрээр өгүүлэв.

Ирээдүйн эмэгтэй их мастерыг 12 настайд эднийх гэр бүлээрээ Москва руу нүүхээр шийджээ. Түүний аав уг явдлаас жил гаруйн өмнө ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчийн ажлаа орхиж охиныхоо дасгалжуулалтад бүрэн анхаарч эхлээд байв. Тухайн үеийн Монголд шатрын тэмцээн цөөн зохиогддог бөгөөд дасгалжуулагчийн хомсдолтой байсан учраас ийнхүү Орос руу нүүх боломжийг эрэлхийлсэн аж. Энэ бол цэвэр түүний шатрын карьерын төлөө гаргасан гэр бүлийн шийдвэр байлаа. Хүн тухтай орчиндоо удаан байгаад түүндээ дасчихсан нөхцөлд нүүх гэдэг хэчнээн төвөгтэй ажил билээ дээ. Б.Мөнгөнтуулын гэр бүлд ч ялгаагүй, тухайн үед цахим харилцаа төдийлөн хөгжөөгүй байсан тул Москвад тэднийг тодорхойгүй нөхцөл л угтжээ. “Хүнд гагц итгэл байх хангалтгүй шүү дээ. Аав, ээж маань хэдийн төвхнөсөн орчноо орхих зоригтой шийдвэр гаргасан юм билээ. Харин энэ үйл явдал ахад маань хүндээр туссан. Хэлний хувьд өөр орчинд очихын сацуу найз нөхдөөсөө ч холдсон юм. Тиймээс Москвад арван жилийн сургуулиа төгссөн даруйдаа Монголдоо сурна гэж зүтгэсээр биднээс түрүүлээд буцсан даа”.

Өдгөө ч Монголд мэргэжлийн шатарчнаар дагнан аж төрөхөд цалин, санхүүгийн баталгаат байдал хумигдмал хэвээрээ. Тухайлбал, шатрын Үндэсний шигшээ баг 2012 онд байгуулагдаад дөрвөн жилийн дараа татан буугдсан нь саяхнаас буюу 2020 оноос ахин сэргээгдээд буй. Гэхдээ урьдын адил дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагчийн квоттойгоор. Гэтэл дэлхийн хамгийн том тэмцээн болох  шатрын олимпиадад 10 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох журамтай тул бусад зургаан тамирчны зардал сох дутагддаг ажээ. Өөр нэг жишээ дурдахад, шатрын их мастер цолны болзлыг хангахад улсаас нэг удаад 35 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох журамтай. Б.Мөнгөнтуулыг их мастер болох үед энэ дүн таван сая төгрөг байжээ. Хэдий өдгөө урамшууллын хэмжээ нэмэгдсэн ч 35 сая төгрөг гэдэг болзол хангахын тулд зайлшгүй оролцох шаардлагатай чансаа өндөр гурваас дээших тэмцээний зардалд ч үл хүрэлцэх билээ.

Б.Мөнгөнтуул Москва руу нүүхийнхээ өмнө насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхээ аваад байв. Улмаар Москвад зуны турш бэлтгэлээ базааж, намар нь дэлхийн шатрын олимпиадад тоглож олон улсын мастер цолны болзлыг биелүүлжээ. Харин хойтон жил нь буюу 2001 онд өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв. Энэ нь монгол шатарчин өсвөрийн ДАШТ-ээс медаль авсан анхны тохиолдол.

Тухайн дэлхийн аваргад эхний долоон өрөгтөө хожоод буй ганц тамирчин нь би байлаа. Гэтэл найм дахь өрөгтөө хожсоны дараагаар гадаад хүүхдүүд надаас “Хөөх, чи найм хожчихсон байгаа юм уу” гээд гайхах, шагшихын сацуу байнгын асууж, шалгаах болов. Тэгэхэд “Би ингээд л түрүүлчхэж байгаа юм байх даа” гэж бодогдоод, догдлол ч ихсэж сүүлийн гурван өргийн өмнө нойр хүрэхээ больчихсон. Аргагүй ээ, гол өрсөлдөгчдөө бүгдийг нь хожчихоод байсан юм. Харин үлдсэн тоглолтуудаасаа хагас оноо авахад л түрүүлэх учиртай. Гэтэл гурвууланд нь хожигдчихов. Уг нь сүүлийн өрөгт тоглосон Хятадын тамирчныг хожих, үгүй гэхэд  л тэнцэх боломжууд олон байсан ч тэр болгоныг харалгүй өнгөрөөсөн байгаа юм. Тухайн үед ядрал, сэтгэл зүй нөлөөлөөд  л алдаа гаргасан гэж боддог. Би ер нь хожигдчихоод уйлдаггүй. Харин 2001 оны өсвөрийн Дэлхийн аварга өндөрлөхөд “Медаль авахгүй нь” гэж бодогдоод тэсэлгүй уйлчих нь тэр. Аав маань “Миний охин хүрэл медаль хүртлээ” гэхэд нь сая нулимсаа арчаад уйлахаа больчихсон гэсэн (инээв)”.

Их мастер Б.Мөнгөнтуул бага насныхаа алдаа хийгээд тухайн үеийн мэдрэмжээ ийн хуваалцсан юм. Хэдий түүнд өсвөрийн дэлхийн аварга болох нөөц бололцоо, боломж байсан ч өдгөө тэр бүхэн гагц түүний дурсамжид л үлджээ. Гэсэн ч монголчуудын анхны медаль гэдэг утгаараа тэрхүү хүрэл медаль бүх цаг үеийн туршид үнэ цэнээ үл гээх биз ээ. 

Их мастер цолтой, Монгол Улсын шилдэг тамирчин болсон ч тэмцээн бүрийн өмнө санхүүгийн асуудал тулгардаг нь өнөө л хэвээрээ. Нислэгийн зардал өндөр байдгаас нэг явдлаар хоёр, гурван тэмцээнд дараалж оролцохыг илүүд үзнэ. Гэтэл дунд нь амрах хугацаа урт болчихвол санхүүгийн зардал ихэснэ, харин эсрэгээрээ ойрхон байвал ачаалалдаа ядраад түүнээс болж амжилт маань буурах нөхцөл үүсдэг

Монголд ганцхан байдаг Хүүхдийн ордон Оросын дүүрэг болгонд бий. Тэндхийн дасгалжуулагч нар өндөр цолтой, олон жилийн туршлагатай. Гадаад хүүхэд ч ялгаагүй, үнэ төлбөргүй дугуйланд хичээллэж болно. Төлбөргүй учраас долоо хоногт орох хичээлийн цаг бага. Тиймээс аав төлбөр төлж, намайг нэмэлт цагийн хичээлд хамруулдаг байлаа. Бас өөр нэг хувийн багш гэрт маань ирж шатрын хичээл заадаг байв. Гэхдээ аав л бэлтгэлийн үйл явцыг удирдаж, ямар дасгалжуулагчаар аль төрлийн хичээл заалгахыг шийддэг байсан”. 

Б.Мөнгөнтуулыг 2002 онд их мастер цолны болзол биелүүлэхэд тухайн үеийн Монголын шатрын холбооны удирдлагууд УАШТ-д тоглолгүй дэлхийн шатрын олимпиадад шууд оролцож байх эрхийг олгожээ. Иймээс тэр 2018 онд л анх удаа Улсын аваргад түрүүлсэн юм. Харин төдийг хүртэлх хугацаанд эрэгтэйчүүдийн УАШТ-д дөрвөнтөө оролцохдоо хоёр ч удаа дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Дэлхийн шатрын олимпиадад Монголын эмэгтэй шигшээ баг 19 удаа оюун ухаанаа сорихдоо 2008 онд “С” категорид, 2014 онд “В” категорид алтан медаль хүртэж, тамирчдын дундаж чансааны оноо урагшилсан тул 2016 оноос хойш “А” категорид өрсөлдөх болсон билээ. Их мастер Б.Мөнгөнтуул хамгийн олон буюу есөн удаа эх орноо төлөөлөн шатрын олимпиадад оролцоод байна. Тэрээр улс бүрийн шилдгүүд өрсөлддөг Нэгдүгээр ширээнд хоёр ч удаа дөрөвдүгээр байрт шалгараад буй юм. Мөн 2023 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай. Энэ нь 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Мөнхзулын амжилттай энэ зэрэгцэх Монголын шатарчдын оргил амжилт билээ. Б.Мөнгөнтуулд үүнээс өмнө ч тивийн АШТ-ээс медаль зүүх боломж байсан ч гагц түрүүлсэн тамирчинд олгогддог ДАШТ-д оролцох эрхийн төлөө түүнээ дэнчин тавьж тоглоод алдсан түүхтэй. 

Ер нь амжилтад өргөөс гадуурх хүчин зүйлс нөлөөлөх тохиолдол цөөнгүй байдаг. Монгол тамирчид ихэнхдээ тэмцээний зардлаа хувиасаа гаргана шүү дээ. Гэтэл сүүлийн өргөөс хамааран хожвол медальд хүрч, хожигдвол шагналын мөнгөө бүр алдах нөхцөл үүссэн үед эрсдэл гаргахгүйг эрхэмлэж, тэнцээд зардлын мөнгөтэйгөө үлдсэн нь надад хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь амжилт, карьерт маань сөргөөр нөлөөлдөг л дөө. Тэмцээний өмнө ч ялгаагүй, зардлаа хөөцөлдсөөр бэлтгэл тасалдах үе цөөнгүй. Багад аав л зардал мөнгөний асуудлыг шийддэг байсан. Их мастер цолтой, Монгол Улсын шилдэг тамирчин болсон ч тэмцээн бүрийн өмнө санхүүгийн асуудал тулгардаг нь өнөө л хэвээрээ. Нислэгийн зардал өндөр байдгаас нэг явдлаар хоёр, гурван тэмцээнд дараалж оролцохыг илүүд үзнэ. Гэтэл дунд нь амрах хугацаа урт болчихвол санхүүгийн зардал ихэснэ, харин эсрэгээрээ ойрхон байвал ачаалалдаа ядраад түүнээс болж амжилт маань буурах нөхцөл үүсдэг” хэмээн Б.Мөнгөнтуул ярилаа. Энэ бол Монголын бүх шатарчдад нийтлэг тулгардаг бэрхшээл юм. Гэтэл Б.Мөнгөнтуул олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, өндрөөр үнэлэгдээд буй тамирчин билээ. Түүнд Австрийн клубээс хүртэл тоглох санал ирсэн ч Монголоос тийш нисэхэд хэт өндөр зардалтай учраас саналыг нь зөвшөөрөөгүй. Харин Европоор тэмцээнд оролцох үедээ бол хэдийд ч очоод тоглоход нээлттэй байхаар тохирчээ.

Гэхдээ л Б.Мөнгөнтуул ОХУ болон БНХАУ-ын шатрын лигт багагүй хугацаанд тоглоод амжсан юм. Тиймээс ч ярианы завсарт Хятадын лигтэй төстэй систем бүхий дотоодын шатрын лиг үгүйлэгдэж буйгаас гадна журмын хувьд ч аль болох тамирчдад үр өгөөжтэй байхаар зохион байгуулах нь чухал гэдгийг онцлов.

Хятадын лигт тоглоход бүх зардлыг маань даагаад өргийн тоогоор үнэлдэг байсан. Тэндхийн багууд гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нийт таван хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд харин тоглогчдын 50-иас илүүгүй хувь нь гадаадынх байх журамтай. Түүнчлэн тухайн гадаад тоглогч нь бусад багийн мөн гадаад тоглогчтой тоглох боломжгүй байдаг.  Заавал хятад шатарчинтай тоглоно гэсэн хатуу журамтай”. Хятадын лигийн дээрх журам нь дотоодын тамирчдынхаа чансааг ахиулах, ур чадварыг нэмэгдүүлэхэд өгөөжтэй байдаг ажээ. 

Б.Мөнгөнтуул Москвад харин яг 10 жил амьдарсан юм. Тэгэхдээ ОХУ-ын Нийгмийн их сургуульд Нийгмийн сурган хүмүүжүүлэгч, шатрын ажлыг зохион байгуулагч, шатрын дасгалжуулагч мэргэжлээр суралцаад амжжээ. Тус сургууль түүнийг элсэхийн өмнөх жил “Шатар нийгэмд эергээр нөлөөлнө” гэж үзээд шатрын танхим нээж, мөн жил болгон “Moscow open” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Харин танхимын эрхлэгч нь Б.Мөнгөнтуулыг арваннэгдүгээр ангиа төгсөх өвөл зорьж уулзаад, төлбөрийг нь бүрэн даах, тэмцээнд оролцоход нь дэмжих санал тавьжээ. Тухайн үед тэрээр ОХУ-ын дотоодын тэмцээнүүдэд тоглодог төдийгүй Москвагийн дэд аварга болчихоод байв. Харин Их сургуулийнхаа багт элсээд Оросын багийн АШТ-ээс хошой мөнгөн медаль авсан юм. Тус тэмцээний эхний гурван байр эзэлсэн багт Европын АШТ-д оролцох эрх олгодог билээ.

Тэмцээний өмнө өрөг зүүдлэх тохиолдол олон бий. Түүнчлэн оюун ухааны болон сэтгэл зүйн ядрал, зовнил ихсэхээр нойргүйдэл үүсдэг юм билээ. Тэмцээний дунд хэсгээс унтах цаг маань бага багаар оройтоод, нойроо нөхөхийн тулд өглөө босох цаг маань бас хойшилж эхэлдэг. Багадаа унтаж чадахгүй байна, ядарчихлаа гэж бодогдох бүрийд цаг руу байн байн харж, сэтгэл их зовнидог байлаа. Гэтэл багш маань “Унтаагүй ч тайван хэвтэх нь бас амралт болно. Шаналаад байвал харин тэр илүү ядраадаг” гэж хэлсэн нь надад тайвшрал мэт санагдсан”. 

Шатрыг үл сонирхогч нэгэнд бол хачин дүнсгэр төдийгүй хөлгийг эзэгнэгч хоёр хүнд л хамаатай тоглоом мэт санагдаж магадгүй. Гэвч яг Б.Мөнгөнтуул шиг маш олон хүний хувьд шатар амьдралынх нь утга учир байдгийг анзаарвал түүний аав шиг энэ тоглоомын төлөө сэтгэлээ асгаж бас магад.

Ковидын жилүүд тамирчдын амьдралын хэв маягийг өөрчилж, дасал болсон хуваарийг эвджээ. Иймээс их мастер тэр хугацаанд гэр бүлдээ илүү анхаарах болов. “Хүүхдүүддээ урам өгөхийн тулд түвшинд нь тааруулж тоглох болдог. Гэтэл мэдсээр байж муу нүүх гэхээр эвгүй байдаг юм. Ер нь тоглож байхад дайчин болчих шиг л санагддаг шүү дээ. Багадаа харин Юдит Полгарыг хүндэлдэг, түүн лугаа шатарчин болохыг хүсдэг байв. Эгч, дүү гурвуул гэрээр боловсрол эзэмшин шатрын спортоор амжилтад хүрсэн. Гэхдээ гэр бүлийн эгч дүүсээс бага нь болох Юдит Полгар илүү өндөр амжилт гаргасан. Юдит эрэгтэйчүүдийн их мастер цолны болзлыг хангасан төдийгүй эрэгтэй шатарчдын чансааны шилдэг 10-т багтаж байсан”.

Улаанбаатар хотноо 2010 онд шатрын Гран при тэмцээн зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг 12 тамирчин тойргоор тоглосон билээ. Б.Мөнгөнтуул тэрхүү тэмцээний үеэр дэлхийн чансааг тэргүүлж байсан Энэтхэгийн Их мастер Конеру Хампитэй цагаанаар тоглон, гараан дээрээ бод шидэж шийдэмгий довтолж тоглосоор хожиж байв. Уг өрөг нь тухайн оны наймдугаар сарын дэлхийн шилдэг таван тоглолтын нэгээр шалгарсан билээ. Гэхдээ энэ бол Хоу Ифаньтай тоглохоор бэлдсэн хувилбар байсныг Их мастер маань онцолсон юм. Тэр үед эсрэг тамирчинд хэдийгээр хамгаалах боломж байсан боловч түүнийг эрс шийдэмгий тоглож эхлэхэд тэнцвэртэй байдал нь алдагдан, хожигдсон байдаг. Их мастер Батхуягийн Мөнгөнтуулын шатарчны замнал яг л тэрхүү өрөг лугаа шийдэмгий байж өдийг хүрчээ. Энэ намар гэхэд л Монголын бүх ард түмний спортын их наадмын үеэр онгоцны нислэг нь гэнэт хойшлогдсоноос эхний өрөгтөө тоглож чадаагүй ч тэмцээнээ тэргүүн байраар өндөрлүүлсэн билээ.

Шатрыг үл сонирхогч нэгэнд бол хачин дүнсгэр төдийгүй хөлгийг эзэгнэгч хоёр хүнд л хамаатай тоглоом мэт санагдаж магадгүй. Гэвч яг Б.Мөнгөнтуул шиг маш олон хүний хувьд шатар амьдралынх нь утга учир байдгийг анзаарвал түүний аав шиг энэ тоглоомын төлөө сэтгэлээ асгаж бас магад. Бид түүний алдрын цуугаас баярын сэтгэлийг хэчнээн хуваалцсан билээ дээ. Хуваалцсан баяр бүхний цаана, хүртсэн алдар болгоны урьталд гагц бэлтгэлд үрсэн залуу насны багахан гунигтай ч, бардам ч урт өдрүүд бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
3
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.