Тун удахгүй завгүй ажлуудаас түр амсхийж, гэр бүлтэйгээ сайхан дурсамж бүтээх цаг хугацаа олгох шинэ жилийн баяр айсуй. Энэ үеэр л тухтай буйдан дээрээ гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн, цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суудаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл уншигч танд бага насны тань гэгээлэг сайхан дурсамжийг чинь сэдрээж, гэр бүлийн хөгжилтэй, хөгтэй үйл явдлуудыг өгүүлэх “Өвөөгийн хайр” олон ангит киног санал болгоё.

Энэхүү кино нь “Brosis pictures” кино компани болон VOO-гийн хамтын уран бүтээл бөгөөд олны танилаас эхлээд шинэ, залуу уран бүтээлчид дүр бүтээснээрээ онцлог юм. Тухайлбал, тус кинонд МУГЖ Н.Нэргүйбаатар /Борис/, МУГЖ А.Цэгмэд /Аня/, МУГЖ Ш.Доржсүрэн /Тамираа/ болон залуу жүжигчид болох О.Эгшиглэнт-Од /Болдоо/, С.Бишрэл /Тэмка/, Б.Нандинзаяа /Нандика/ гэх мэт уран бүтээлчид дүрээ амилуулжээ.
Нэрнээсээ эхлээд л сэтгэлд нэг л дотно тус кино нь өвөө нарын амьдралд тулгардаг бэрхшээл, ганцаардал, аз жаргал, гэр бүлийн гишүүдийн алдаа оноо, өсвөр үеийнхний ертөнц, хүн хүнээ хайрлахын ухааныг мэдрүүлж, таниулах юм. Энэ тухай тус киноны найруулагч Д.Болорцэцэг хэлэхдээ “Аав хүн бол амьдралын эх сурвалж, ээж хүн бол амьдралын эх үндэс байдаг. Эр хүн, эцэг хүний үнэлэмж өндөр байгаасай хэмээн боддог. Тиймээс ч энэ кинондоо энэ тухай түлхүү хөндсөн. Өвөөгийн хайр кино нь миний 9 дахь уран бүтээл юм” гэжээ.
Мөн та киноноос амьдралын хатуу бүхэнд бууж өгөлгүй, даван туулсаар аз жаргалаа олж буй Аня хэмээх эмэгтэйн дүртэй танилцах болно. Тус дүрийг МУГЖ А.Цэгмэд бүтээсэн байна.
Ингээд гэр бүлээрээ, баярын өдрүүдээр хамтдаа болон өвөөдөө хайртай хүн бүрийн заавал үзэх “Өвөөгийн хайр” киноогоо “VOO originals” цэснээс хүлээн авч үзээрэй.
