Хүсэл биелж, мөрөөдлөө шивнэх шинэ жилийн баяр ирлээ!
Гадаа цас зөөлөн буугаад л, эргэн тойрон үлгэрийн мэт цав цагаахан цасанд хучигдахад өөрийн эрхгүй ид шидэнд итгэж, хүсэл мөрөөдлөө шивнэмээр санагддаггүй гэж үү? Та "хүсэл биелдэг" гэдэгт итгэдэг ч, үгүй ч энэ шинэ жилээр чин сэтгэлээсээ хүслээ шивнээд үзээрэй. Бидний итгэдэг зүйл л биелдэггүй гэж үү?1. Он солигдох мөчид хүслээ шивнэх
3...2...1...! Он солигдож, ид шид биелэх тэрхэн агшинд нүдээ анин сэтгэлдээ хүслээ шивнээрэй.
2 Гадаа гараад чангаар хашхирах!
Илүү хүчтэйгээр хүслээ тунхагламаар санагдвал он солигдох үед гадаа эсвэл тагтан дээрээ гаран чангаар хашхираарай. Он солигдоод бүх хүн "хөөрсөн" байдалтай байх тул хэнээс ч бүү санаа зов. Хүмүүсийг цочоож айлгахгүй "гялс" л шивнэчих
3. Шинэ оны үдшийн саранд хүслээ шивнэх
Шинэ оны тэнгэрт гялалзах үдшийн саранд хүслээ дайгаарай. Ид шид, хүсэл, нууцлаг бүхэн сартай холбоотой байдаггүй гэж үү?
4. Өвлийн өвгөнд захиа бичих
Энэ удаа чин сэтгэлээсээ өвлийн өвгөнд хандан, хүсэл мөрөөдлөө хуваалцаарай. Хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулгахад үг - үйлдэл болох тул та ч бас өөрийн эрхгүй хүслийнхээ төлөө алхам хийхийг хүсэх болно.
5. Гүн бясалгал хийж, лаанд шивнэх
Дулаахан лаа хүсэл мөрөөдлийг тань сонсох нууцлаг эрчим хүч агуулдагт итгээрэй. Тэгээд яг жилийн дараа биелсэн байгаасай гэж хүссэн бүхнээ зүрх сэтгэлдээ чагнан бодит мэтээр төсөөл. Бодол хүртэл өөрийн энергитэй тул та өөрийн хүслээ шууд л татах болно.
6. Цаасан дээр бичээд ил хадах
Хүслийнхээ төлөө өдөр бүр хичээж, чармайлт гаргах нь хамгийн чухал. Тиймээс хүслээ цаасан дээр бичээд жилийн турш нүдэнд ил харагдах газарт хадаарай. Амжилтад хүрсэн хүмүүс энэ аргыг ашигласаар хүслээ биелүүлсэн тохиолдол цөөнгүй шүү.
Эцэст нь, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүслээ биелнэ гэдэгт итгэж, түүнийхээ төлөө үйлдэл хийж, хичээх нь чухал гэдгийг бүү мартаарай.
Хүсэл биелэх шинэхэн оны мэндийг танд хүргэе!