Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Б.Хосбаяр: Сэтгэлээрээ хийсэн, гэхдээ зохион байгуулалт муу болчихлоо гэж хэлж болохгүй


Мөсөн Өргөөд спортын 15 холбоодын Нэгдсэн Улсын АШТ өчигдөр эхэлж, энэ сарын 22-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Тус тэмцээнийг TV5 Mongolia, С1 Telеvision-ээр шууд дамжуулж байна. Спортын 15 холбоодын Нэгдсэн Улсын АШТ-ий талаар зохион байгуулагч Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяртай ярилцлаа. Тэрбээр Монголын Үндэсний олимпын хороо, Саудын Арабын Үндэсний олимпын хороо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын Рагбигийн холбоонд ажиллаж байсан туршлагатай, спортын салбарын чадварлаг менежер билээ.


"Монголын спортын менежментийн зах зээл цэнхэр далай л гэсэн үг"

-Дотоодын тэмцээнийг дэлхийн томоохон спорт наадмын түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын тав тухтай байдлыг хангах талаар холбоод төдийлөн анхаарч ажилладаггүй санагддаг юм. Тэмцээн гэхээр тэрхэн зуурт бужигнаад өнгөрдөг, хүртээмжгүй үйл ажиллагаа төсөөлөгдөнө. Харин Монголын спортын корпорац оролцогч спорт холбоодод өгөөжтэй, үзэгчдэд хүртээмжтэй, тав тухтай спортын үйл ажиллагаа хийдэг болжээ гэж ойлгож байна?

-Бид анхнаасаа хамтын үнэ цэнийг бий болгохыг зорьсон. Спорт холбоод нийлээд ямар үнэ цэн бүтээж болохыг харуулах хүсэлтэй гэх үү дээ. Монголд ажиглагддаг нийтлэг зарчим гэвэл, бөөн юм болж 40, 50 сая төгрөг босгоод Улсын АШТ-ээ зохион байгуулж, тэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй хуваарилагддаг. Спорт холбоод энэ босгож байгаа мөнгөө бидэнд төвлөрүүлчихвэл нийлүүлээд илүү том үнэ цэнийг бий болгох боломжтой. Бид энэ жил тэмцээний шууд дамжуулалтын эрхээ худалдаалсан. Үүнээс өмнө спорт холбоод хэзээ Улсын АШТ-ий шууд дамжуулалтын эрхээ зарж байсан бэ?. Монголд ийм түүх байхгүй. Тасалбар худалдаалах гэдэг хүртэл менежменттэй ажилласны үр дүн. Бид 2026 онд хангалттай ашиг олдог болохоор холбоодын нэгдсэн Улсын АШТ-ий төслөө урт хугацаагаар төлөвлөж байна.

-Энэхүү төслөө ивээн тэтгэх боломжтой байгууллагуудад танилцуулахад ямар байдлаар хүлээн авсан вэ?

-Хамтын үнэ цэн зөвхөн биетээр ч биш биет бусаар ч мөн илэрч байгаа учраас хүмүүст төслөө танилцуулахад нэг холбооны санал барьж орохоос тэс өөр байдаг. Бидний төслийг дэмжиж байгаа байгууллагууд хамтын үнэ цэнийг онцолж хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн. Өө, энэ чинь зохион байгуулалтын хувьд тэмцээн гэхээсээ илүүтэй фестиваль шинжтэй юм байна. Бид фестивальд бол хөрөнгө оруулалт хийж болно оо гэж байгаа юм. Кэндогийн Улсын АШТ л гэхэд, манай төсөлд нэгдсэнээрээ мэдээлэлд ойр 100 хүнд бус гурван сая хүнд дурсамж үлдээх, улмаар кэндогийн спортыг сонирхогчдын тоо ч нэмэгдэх юм. Ивээн тэтгэгчид ч гэсэн зорилтот зах зээл рүүгээ аль спортоор дамжиж хүрэхээ сонгох боломжтой. Өнөө жилээс бидний төсөл зах зээлийн зарчим руу бүрэн шилжээд байна. Монголын спортынхонд зах зээлийн зарчим руу шилжих тухай ойлголт дутмаг байдгаас бүх юмыг сэтгэлээрээ хийнэ гэсэн хандлагатай байдаг. Үүнээс хойш сэтгэлээрээ хийе гэдгээ болъё, тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж байя. Аливааг сайхан, эсвэл муухай сэтгэлээр хийнэ гэж байхгүй, харин зохион байгуулалтын хувьд сайн уу, муу юу л гэдэг зүйл яригддаг. Би сэтгэлээрээ хийсэн, гэхдээ зохион байгуулалт муу болчихлоо гэж хэлж болохгүй.

Бид гадаадын улс оронд спортын менежментээр суралцаж ирсэн мэргэжилтнүүдийг тоолоход 28 хүн байсан. Эдгээр хүмүүс спортын салбарт ажиллахгүй байна. Шалтгаан нь бага цалингаар, асар их ажил хийлгэдгээс үүдэлтэй.

-Спортын менежер гэдэг мэргэжлийн үнэ цэн юугаар тодорхойлогддог юм бэ?

-Монголын спортын корпорац Монголдоо анхны спорт менежментийн компани. Бид үндсэн ажлаа хийхээсээ илүүтэй боловсролын байгууллага шиг ажиллах болдог. Учир нь спортод менежмент яагаад чухал болохыг эхлээд ойлгуулахгүй бол хүмүүсийн мэдлэг дутмаг байна. Гэтэл бидэнд ядаж л цалин, түрээсээ аргалах хэмжээний мөнгө олох хэрэгцээ бас байдаг. Бид Монголдоо “Мөс хагалж” байгаа учраас өнгөрсөн жилийн хугацаанд олон бэрхшээлийг даван туулсан. Спорт олон оролцогч талуудаас бүрддэг систем. Энэ дунд менежер ажиллаж, уялдааг нь хангах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд Монголд спорт менежер байгаагүйн сул тал нь юу байсан бэ? гэхээр дасгалжуулагч нь үндсэн ажлаа хийхгүй, гадуур мөнгө хайгаад явдаг байлаа. Мөн холбоод шүүгч нараа дайчлаад тэмцээний зохион байгуулалтын ажлаа хийлгэдэг байсан. Энэ байдал яваандаа системийг сүйтгэдэг. Гэтэл менежер ажиллуулаад тус тусынхаа ажлыг хийвэл хэн ч илүү ачаалал үүрэх шаардлагагүй болно. Менежер бялууг хуваах бус томруулж, бүгдэд хүртээмжтэй, өгөөжтэй болгох ажлыг хийдэг. Ер нь нөөцийн асуудал яригдаж л байгаа бол тэнд оновчтой хуваарилалт, менежмент хийх шаардлага гарна гэсэн үг. 

-Монгол улс спортын зах зээлд хэр нөөц бололцоотой гэж боддог вэ?

-Спортын зах зээл улс орны эдийн засагтай шууд уялдана л даа. Бид зах зээлийн хувьд ирээдүйтэй гэж бодоод л энэ салбар руу орсон. Монголчуудад идэвхтэй хөдөлгөөн, энтертайнмент контентын хэрэгцээ байна. Хоёрдугаарт, бидний зах зээл гаднын улс орон руу тэлэх боломжтой. Монголын спортын менежментийн зах зээл цэнхэр далай л гэсэн үг. Энэ нь нэг талаараа бидэнд хортой. Яагаад гэхээр, өмнө нь Монголд юу ч хийгдэж байгаагүй учраас бүх юм боломжтой санагдаад төвлөрөл сарних гээд байдаг. Гэхдээ бид эхлэлээ зөв тавихыг хичээж байна. Бид зах зээлийн хувьд, спортын менежментийг цэвэр бизнесийн утгаар нь харахыг хичээдэг.

-Спортын менежментийн салбар боловсон хүчний хувьд хэр хүрэлцээтэй байгаа юм бол?

-Бид гадаадын улс оронд спортын менежментээр суралцаж ирсэн мэргэжилтнүүдийг тоолоход 28 хүн байсан. Эдгээр хүмүүс спортын салбарт ажиллахгүй байна. Шалтгаан нь бага цалингаар, асар их ажил хийлгэдгээс үүдэлтэй. Бид үүнийг зөв голдиролд нь оруулахыг хичээж, өөрсдөө мөн дэргэдээ хүүхдүүд бэлдэж байна. Цаашдаа спортын менежментийн академик хэлбэрийн нэгжтэй болохоор төлөвлөж байгаа. Монголын спортын холбоодод ерөнхий нарийн бичгийн дарга нар нь л бүх зүйлийг хийдэг. Гимнастикийн холбооны ЕНБД Г.Ерөөлбат “ЕНБД гэдэг чинь ер нь 32 мэргэжлийн ажил хийдэг юм байна” гэж байсан.

Бид өнөө жил аль болох залуучууд руу хандсан спортын төрлүүдийг нэмсэн. Тодруулбал, Laser run, брэйк бүжиг, корнхол, виртуал дугуй, кэндо, скейтборд, авиралтын спортууд энэ жил шинээр нэмэгдсэн.

-Монголын спортын корпорацийн анхны том төсөл болох 15 холбоодын нэгдсэн Улсын АШТ-ийг 2022 онд Азийн наадмын түвшинд зохион байгуулж, монголын спортод шинэ стандартыг тогтоосон билээ. Харин өнөө жил оролцогч талуудыг идэвхтэй хамруулах тал дээр хэрхэн ажиллав?

-Өнгөрсөн жилийн алдаа оноогоо дүгнэж, зохион байгуулалтын хувьд илүү сайжруулсан шинэ өнгө төрхтэй үйл ажиллагаа хийхийг эрмэлзэж байна. Оролцогчид маань “Клубүүдийн сурталчилгаа бага байна” гэсэн учраас өнөө жил бүх холбоонд клубүүдээ сурталчлах павильон засаж өгсөн. Бас тайлбарлагчдыг өөрсдөө гардан бэлдэж байна. Олон оролцогч талтай ажиллаж байгаа учраас зүүгээр өргөс авч байгаа мэт бүхнийг шууд сайжруулж чадахгүй. Бид спортын холбоодод платформыг нь бэлтгэн өгч байгаа. Тэгэхээр платформ дээр байгаа спорт холбоод маань сайн байх ёстой. Үүнд зориулж, спорт холбоодыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн сан ажиллуулж байна.

-Өнөө жил тэмцээний хөтөлбөрт ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Бид өнөө жил аль болох залуучууд руу хандсан спортын төрлүүдийг нэмсэн. Тодруулбал, Laser run, брэйк бүжиг, корнхол, виртуал дугуй, кэндо, скейтборд, авиралтын спортууд энэ жил шинээр нэмэгдсэн. Бид нэгдүгээрт, хэн ч оролцож болох спортын төрлүүдээс оруулах. Хоёрдугаарт, олимпын төрлийн спортын тоог 50-иас дээш хувьд байлгахыг эрмэлздэг.

Та бүхэн бидний өмнөх ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
14 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
14 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.