Заримдаа бид яасан нь мэдэхгүй байнга ядарч, эрч хүчгүй, сэтгэл санаа тогтворгүй болчихдог шүү дээ. Үүний шалтгааныг утас их ширтсэнээс болж, орой хүнд хоол идсэн учраас хэмээн ганц хоёрхон хүчин зүйлд тулгуурлан тайлбарлах боломжгүй юм. Харин таны идэж буй хоол хүнс тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэвэл үнэнд илүү ойр тайлбар болно.
Эрдэмтэд хоол хүнс хүний бие махбодод хэрхэн нөлөөлдгийг урт хугацааны турш судалсаар ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хоол тэжээлийн сэтгэл зүй (nutritional psychiatry) буюу хоол хүнс, шим тэжээл болон хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн холбоо хамаарлыг судалдаг шинэ салбар эрчимжиж байна. Энэ удаа хооллолт сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, сонирхолтой мэдээллийг хуваалцаж байна.
Гэдэс бол хүний хоёр дахь тархи
Хүний тархи 24/7 ажилладаг. Учир нь, тархи бодол санаа, хөдөлгөөн, амьсгал, зүрхний цохилт, мэдрэхүй гэх мэт амин чухал үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэгтэй тул унтаж байхад ч идэвхтэй ажиллаж байдаг аж. Тиймдээ ч тархи байнгын "түлш" шаарддаг эрхтэн юм. Энгийнээр хэлбэл, тархи хоол хүнснээс "түлш"-ээ гаргаж авдаг тул таны идэж буй хоол тархины бүтэц, үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэсэн үг билээ. Үнэтэй машинд сайн түлш хийвэл эвдрэл гэмтэлгүй, эдэлгээ сайтай байдгийн нэгэн адил витамин, эрдэс бодис, антиоксидант агуулсан өндөр чанартай хоол хүнс хэрэглэх нь тархи эрүүл байх үндэс билээ.
Тэгвэл тархи, гэдэстэй хэрхэн холбогддог вэ? Ходоод гэдэсний систем (gastrointestinal system)-д хэдэн арван тэрбумаар тоологдох бактери агуулагддаг бөгөөд тэдгээр нь ямар бодис үйлдвэрлэснээс шалтгаалж тархинд очих мессеж тодорхойлогддог. Үүний хамгийн энгийн жишээ бол допамин болон серотонин юм. Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх нь гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжиж улмаар допамин, серотонин гэх мэт аз жаргалын даавар ялгарахад нөлөөлдөг. Эдгээр даавар нь сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай байхад хүргэдэг гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Эсрэгээрээ сахартай, хэт их боловсруулсан хоол идвэл допамин гэх мэт таатай мэдрэмж төрүүлдэг дааврыг түрхэн зуур ялгаруулдаг ч тун удалгүй алга болдог байна. Үүнээс гадна эрүүл бус хоол нь гэдсэн дэх ашиггүй бактерийг тэжээж байдаг.
Иймээс гэдсийг хүний хоёр дахь тархи хэмээн нэрийддэг ба гэдсэнд ямар хоол орсноос шалтгаалж таны сэтгэл зүйн байдал өөрчлөгдөх боломжтой гэсэн үг.
Судалгаа: Эрүүл хоол идэж эхэлсэн хүмүүсийн 30 орчим хувь нь 3 сарын дараа сэтгэл гутралаасаа гарчээ
Харин одоо хоол хүнс нь хүний сэтгэл хөдлөл, хүний зан цаашлаад сэтгэл зүйн асуудлуудад хэрхэн нөлөөлдөг талаар ярилцъя.
Гэдэсний микробиом нь төрөл бүрийн сэтгэцийн эмгэг, тэр дундаа сэтгэл гутралд чухал нөлөөтэй болох нь сүүлийн үеийн олон арван судалгааны үр дүн харуулж байна" гэж Харвардын Сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлд өнгөрсөн жил бичжээ.
Шим тэжээлээр баялаг хоол хүнс их иддэг хүмүүс сэтгэл зүйн хямрал багатай, аз жаргалтай байж, оюун санааны хувьд ч тогтвортой байдаг нь төрөл бүрийн судалгаагаар батлагдсаар байна. Тухайлбал, 12,400 хүнийг хамруулж долоон жилийн турш хийсэн судалгааны үр дүн 2016 онд гарсан байна. Судалгааны явцад жимс, ногооны хэрэглээгээ нэмэгдүүлсэн хүмүүс илүү аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байна хариулсан байжээ.
Хоол хүнс болон сэтгэл санааны байдлын хамаарлыг тодорхойлох зорилготой өөр нэг томоохон судалгааны үр дүн 2017 онд хэвлэгджээ. Судалгааны багийнхан хооллолт сэтгэл гутралыг бууруулахад тустай эсэхийг мэдэхийн тулд сэтгэл гутралтай хэмээн оношлогдсон 67 хүнийг сонгож, хоёр хэсэг хуваасан байна. Эхний бүлгийн хүмүүс шим тэжээлийн мэргэжилтний зөвлөсний дагуу Газар дундын тэнгисийн хоолны дэглэмийг мөрдөж эхэлсэн бол нөгөө бүлэг нь хооллолтдоо ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй аж. Судалгаа эхлэхэд хоёр бүлгийн хүмүүс хоёулаа чихэрлэг хоол хүнс, боловсруулсан мах, давстай хөнгөн зууш түлхүү хэрэглэдэг, харин эслэг, өөх тос, уурагтай хоол хүнс, жимс, хүнсний ногоо бага хэрэглэдэг байжээ.
Эхний бүлгийн хүмүүс чихэр, түргэн хоол, нарийн боовны оронд самар, шош, жимс, буурцаг зэрэг бүхэл үрийн хүнс хэрэглэж, цагаан талхны оронд бүхэл үрийн эсгэсэн талх идэж, чихэртэй сериалаас татгалзаж оронд нь овьёосны будаа хэрэглэдэг болжээ. Түүнчлэн хиам, утсан гахайн мах гэх мэт боловсруулсан махны оронд далайн гаралтай, мал, амьтны мах иддэг болсон байв.
Туршилтын хугацаанд судалгаанд оролцогчид бүгд өөрт тохирсон сэтгэл гутралын эсрэг эмийг үргэлжлүүлэн ууж байсан аж.
12 долоо хоногийн дараа туршилтад оролцогсдын сэтгэл санааны байдал тодорхой хэмжээгээр дээрдсэн байв. Гэхдээ эрүүл хооллолтын хэв маягт шилжсэн эхний бүлгийн хүмүүс хавь илүү үр дүнд хүрч, 30 орчим хувь нь сэтгэл гутралаасаа гарсан байжээ. Харин хоёр дахь бүлгийн оролцогчдын ердөө 8 хувь нь сэтгэл гутралаа даван туулжээ. Эрүүл хооллолт нь та бидний өдөр тутмын сэтгэл хөдлөл төдийгүй сэтгэл гутрал гэх мэт сэтгэл зүйн хүнд асуудлуудад эерэг нөлөөтэйг дээрх судалгаануудын үр дүнгээс харж болно.
Тавган дахь хоолноосоо эхэлье
Хэрэв та бие махбод хийгээд сэтгэл зүйн хувьд эрүүл саруул байж, булчингийн массаа нэмэгдүүлэн илүүдэл өөхөө шатаахыг хүсэж байвал хоногт авах калорио тооцож, түүндээ тохируулан эрүүл хооллох нь зүйтэй. Эмэгтэй хүн хоногт дунджаар 2000 калори, харин эрэгтэй хүн 2500 калорийг хоол хүнснээсээ авах шаардлагатай байдаг. Тэгвэл хүний биед зайлшгүй хэрэгцээт уураг, өөх тос, бүхэл үр тариа, жимс, ногоог хэр хэмжээгээр идвэл зохих талаар дараах тайлбараас хараарай.