Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр Азийн аваргад гурав дараалан түрүүлээд байсан Австралийн багийн 24 дараалсан хожлыг тасалж Монгол Улсын эрэгтэй шигшээ Азийн хошой аварга боллоо. Тус тоглолт 18:18-аар тэнцээд байх үед А.Ананд хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн нэмэлт алдаа авч, торгуулийн шидэлт нь шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм. Бид Монголын шигшээ багийн "Алтан баззер" Ариунболдын Анандын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.
#1 "Ялалт. Гэхдээ дөнгөж эхлэл..."
2022 оны 11-р сарын 11. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод анхны оноог А.Ананд авсан юм. Улмаар Монголын шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан нэг болон хоёрдугаар шатанд амжилттай өрсөлдөн дараагийн түвшинд тоглох эрхээ аваад буй билээ. Сингапурыг хожсон шийдвэрлэх тоглолтын дараа А.Ананд "Энэ бидний хувьд дөнгөж эхлэл" хэмээн хэлснийг ФИБА сайтдаа онцолсон юм. Түүний үгийг эшлэхдээ "А.Ананд багийнхандаа итгэлтэй байх нь зүйн хэрэг. Өдгөө түүний багийнхан ахан дүүс болж нэгджээ. Бүтэн багаараа нэгэн гэр бүл болсон" гэжээ.
#2 3х3 төрлийн Дэлхийн шилдэг сагсан бөмбөгчин
2018 оны Азийн наадмаар шигшээ багт анх дуудагдсан А.Ананд үүнээс жилийн дараагаас 3х3-ын төрлөөр хичээллэхээр шийдэж, шигшээ багийн тоглогч болж, ур чадварын хувьд тогтвортой өссөн юм. "Сансар ММС Энержи" багтайгаа 3x3 төрлийн "World Tour" тэмцээнүүдэд амжилттай тоглож, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар тодруулдаг сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар тодорсон билээ.
#3 "Би мөрөөдлөөрөө амьдарч байна"
А.Ананд 16 настайдаа буюу Японы дунд сургуульд суралцаж байх үедээ мэргэжлийн боксчин болохыг мөрөөддөг байжээ. "Эх орноо төлөөлөх нь тамирчны хувьд мөрөөдөл. Би мөрөөдлөөрөө амьдарч байна. Монголын сагсан бөмбөгийн баг ирээдүйд Азийн том гүрнүүдтэй эн зэрэгцэж дэлхийн дээд түвшинд өрсөлдөж чадна гэж боддог. Азийн хүчтэй өрсөлдөгч болох боломж бидэнд бүрэн бий. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болох залуу тоглогчид АНУ-ын болон бусад улсын лигт тоглож эхэлснээр “Хөх чононууд” бүс нутагтаа томоохон мэдэгдэл хийхэд ойрхон байна” гэж ярьжээ.
#4 Сингапурт алсын зайны шидэлтээр "бороо" оруулав
Тэрээр сагсан бөмбөгийн үндсэн дасгалуудыг Япон улсад суралцсан. Их сургуулийн багаараа 3х3 төрлийн бүх Японы АШТ-д оролцож, хоёрдугаар байрт шалгарсан амжилттай. Өнөө жилийн Азийн АШТ-ий өмнө ФИБА сайтдаа А.Анандыг онцолсон бөгөөд "Монголын өсөж яваа "од" А.Ананд Азийн АШТ-д шилдэг тоглолттой байх магадлал өндөр. Энэхүү гайхалтай шидэгч Сингапураас эхлэн, өөрийн тоглолтоо шинэ түвшинд харуулахаар төлөвлөж байгаа нь гарцаагүй. Сингапурт алсын шидэлтээр бороо оруулахыг зэхэж байгаа сагсан бөмбөгчний нэр нь Ананд юм" гэжээ.
#5 Цаг нь ирсэн залуу
А.Ананд өнөө жил 25 настай. Түүнийг 3х3 төрлөөр олон улсад анхны жимийг гаргасан Монголын шилдэг сагсан бөмбөгчин Д.Дэлгэрнямын халааг авч, шигшээ багийнхаа гол тоглогч болох цаг ирснийг ФИБА онцлоод буй юм. Тэрбээр 2019 онд Монголын шилдэг залуу тоглогчоор тодорсон билээ.
#6 "Хасын Хүлгүүд"-ийн ирээдүй
Тэрээр өнгөрсөн онд "Хасын Хүлэгүүд" багт гурван жилийн гэрээтэй эргэн нэгдсэн юм. А.Ананд 2019 онд Японд суралцаж байхдаа улирлын дундаас тус багт нэгдэн Дээд лигээс мөнгөн медаль хүртэж байв. Түүнийг "Хасын Хүлэгүүд" багт эргүүлэн авчрахад багийн ахлагч Б.Билгүүн гол нөлөөг үзүүлжээ. Энэ тухайд "Хүлэгүүдэд эргэн нэгдэхийн өмнө Билгүүн ахтай хэд хэдэн удаа уулзаж, ирээдүй рүү чиглэсэн саналыг нь хүлээн авахаар шийдсэн" гэжээ.
#7 Холын зайнаас шидэгч
Үндэсний Дээд лигийн энэ улирлын хасагдах шатны тоглолтуудад 30-аас дээш холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэн хоёр тоглогч бий. "Завхан Бродерс" багийн легионер Фредерик Лиш, "Хасын Хүлэгүүд" багийн А.Ананд нар тус бүр 31 холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ. Шигшээ багт ч түүний холын зайны шидэлт чухал нөлөөтэйг Азийн АШТ-ий шигшээ тоглолт бидэнд хангалттай мэдрүүлсэн билээ.
#8 Дэлхийн чансааны 60-рт эрэмблэгдэж байна
А.Ананд өдгөө хувийн үзүүлэлтээр дэлхийн чансааны 60-р байрт эрэмблэгдэж байна. Удахгүй түүний чансаа улам урагшлах нь тодорхой. Шигшээ багийн ойрын зорилго ДАШТ-ээс медаль хүртэх гэдгийг онцлон өгүүлэх тэрээр хэдийн энэ багийн амжилтаас салгашгүй хэсэг болжээ.