UBLife Logo
Спорт

Улсын арслан Б.Орхонбаярын тухай сонирхолтой ДОЛООН баримт

Улсын арслан Б.Орхонбаярын тухай сонирхолтой ДОЛООН баримт

Ирэх сард Монгол даяар Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817 жилийн ой Үндэсний их баяр наадмаа тэмдэглэх билээ. Бид өнөө жилийн баяр наадмаар цолоо ахиулах, дээгүүр даваанд хүрч барилдах магадлалтай хэмээн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаярын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1 Ирэх цагийн өнгө

Баярсайханы Орхонбаяр цэл залуу 18 насандаа сумын заан, 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэг, мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин, 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн билээ. Нас залуу түүнийг олон наадам хүлээж байна, итгэл найдвар ч төдий их бий. Арслан цолонд дүүрэн барилдаж, аварга болох боломж ч бүрэн байгаа. Тийм ч учраас олон наадмын дэвжээнд салхи мэт шуугиж барилдах болов уу. Улсын наадамд дөрвөн жил зодоглохдоо сүүлийн гуравт нь дараалан шөвгөрөөд буй тэрээр ирэх цагийн өнгийг тодорхойлох бөх гэдэг нь гарцаагүй билээ.


#2 Гуравхан унаатай арслан

Тэрээр улсын арслан цолтойгоор зодоглосон анхны барилдаандаа түрүүлж, удаахад нь Их шөвөгт шалгарсан. Б.Орхонбаяр өнгөрсөн жилийн наадмаар ес даван үзүүрлэж, улсын арслан цолонд хүрсэн бөгөөд төдийгөөс өдийг хүртэл таван барилдаанд зодоглон, хоёр түрүүлж, мөн хоёр удаа шөвгөрчээ. Тэрээр арслан цолонд хүрсэн цагаасаа хойш улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригтбаатар нарын гурван бөхөд унаад байна.


#3 Жудагт арслангийн дөмөг тусыг хүртсэн нь

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаярыг амлан авсан нь олныг гайхшруулсан. Гэвч тэрбээр барьцыг элбэг өгч, мэхийг нь хорьж зогсохгүйгээр Б.Орхонбаярт өвдөглөсөн юм. Үүнээс өмнө Ц.Содномдорж арслан Б.Орхонбаяртай хоёр удаа таарч, давж байв. Тухайлбал, 2019 оны наадмаар түүнийг улсын начин цол хүртээд байхад нь зургаагийн даваанд амлаж давсан байдаг. Ц.Содномдорж наадмын маргааш "Б.Орхонбаярын ээж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Би арсланг дэмжээд сайн сэтгэлээр гар амар давуулсан. Дүү маань сайхан барилдаж ахынхаа цолонд хүрлээ" хэмээн ярьсан юм. Ц.Содномдорж тухайн намраа Б.Орхонбаярын Арслан цолны мялаалга наадамд түрүүлсэн билээ. 


#4 Д.Анар: "Би тэгэхэд хоёр арсланг амлаж зүрхлээгүй"

Дээр дурдсанчлан Б.Орхонбаяр улсын наадмын дэвжээнд дөрвөн удаа зодоглосон. 2017 онд сумын заан цолтой байхдаа аймгийн хурц арслан Э.Ууганбаярын аманд гарч нэгийн даваанд өвдөг шороодож байв. Гэхдээ эл наадмаас ердөө хоёрхон жилийн дараа Хөвсгөл аймгийн арслан (тухайн үеийн цол) Ц.Сандагдоржтой тунана барилдаад улсын начин цолонд хүрсэн билээ. Тухайн наадмын тавын даваанд хамгийн сүүлийн амыг улсын начин Д.Анар авсан бөгөөд тэрээр "Би тэгэхэд улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Орхонбаяр, Ц.Сандагдорж гурваас ам авах болов. Өөрөө би тунаж барилдаад улсын цол авч байсан. Сайн барилдаж байгаа залуус цол горилдог ч тэдэнд тусалж дэмжих, харж хандах хүнгүй байх хэцүү л дээ. Үүнийг өөрийн биeэр туулсан болохоор "Хэнийг нь ялгах вэ, тунаж барилдаад одтой нь цол аваг" гэж бодоод хоёр арсланг амлаж зүрхлээгүй" хэмээн дурссан байдаг.  Харин Ц.Сандагдорж "Орхонбаяртай тунаад санасандаа хүртэл барилдаж чадаагүй ээ. Тэглээ гээд яахав дээ, дүүгээ "Сайн барилдаарай" гээд л тахимаа өгсөн дөө. Тухайн үeдээ жаахан харамсаж л байсан" гэж хожим ярилцлагынхаа завсарт хэлсэн байдаг.


#5 Допингтой бөхөд унасан нь

Б.Орхонбаяр 2020 оны наадмаар зургаагийн даваанд аймгийн арслан Б.Бат-Оршихыг амлаж барилдаад өвдөг шороодсон. Гэвч Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хожмоо Б.Орхонбаярт улсын харцага цолыг нөхөн олгосон билээ. Допинг хэн нэгнийг амжилтад хүргэж, харин өөр олон хүний боломжийг "үгүй" хийдгийн бодит нэгэн жишээ энэ юм. Б.Орхонбаяр тухайн наадамд өндөр цолонд хүрчихсэн бол дараа дараагийн барилдаануудад магад цол, амжилтын эрэмбээр илүү дээш өгсөж барилдах байсныг ч хэн эс мэдэх билээ. 


#6 Тавын давааны өмнө

Тэрээр заалны барилдаанд дөрөв түрүүлж, гурав үзүүрлэн, Их шөвөгт дөрвөн удаа шалгарсан амжилттай. Түүний амжилтын гол хөдөлгүүр нь улсын харцага Т.Өсөх-Ирээдүй юм. Т.Өсөх-Ирээдүй 2019 оны наадмаар гурвын даваанд өөрийн шавь Б.Орхонбаярыг амлан, тахим буулгасан билээ. Улмаар Б.Орхонбаяр Хөвсгөл аймгийн хоёр хүчтэнг дараалан давж, улсын цолтны эгнээнд багтаж байв. Тавын давааны өмнө Ч.Хөхчирэнгэр начин Ц.Сандагдорж арсланд "Б.Орхонбаяр зүүн талдаа хонгоддог юм байна. Ингэж хамгаална шүү" гэж зааж байгааг харсан Б.Орхонбаяр барилдааны үеэр баруундаа хонгодоод давжээ. Гэхдээ зургаагийн даваанд мөн Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Ц.Содномдорж түүнийг амлаад давж байсан билээ. Ийнхүү тухайн наадмаар нэг аймгийн гурван бөхтэй дараалан барилдсан байдаг.


#7 Хоёр талдаа барилддаг болсон нь

Тэрээр чөлөөт бөхөөр барилддаг байхдаа хөлөө бэртээж байсан. Хожим нь бэртлээ ахин хөндөж, хагалгаанд орсон юм. "Хагалгаанаас буцаж ирээд бэлтгэл дээр зовууриа хөндөхөөс айгаад гэмтсэн хөлөө ардаа тавьж зүүн талдаа мэх давтсаар хоёр талаараа мэдэрч, барилддаг болсон" хэмээн хожмоо дурссан байдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.