UBLife Logo
Спорт

Б.Мөнхзаяа: Ид насандаа аваргаараа л байхыг хүсдэг дээ

Б.Мөнхзаяа: Ид насандаа аваргаараа л байхыг хүсдэг дээ

Хэдхэн хоногийн өмнө Азийн АШТ-ий 10 мянган метрийн гүйлтэд Баярцогтын Мөнхзаяа Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн, хүрэл медаль хүртэж, монгол даяараа баярласан билээ. Монголоос марафон гүйлтээр олон улсын тэмцээнд тогтмол оролцдог мэргэжлийн эмэгтэй тамирчин арав хүрэхгүй цөөн. Харин Б.Мөнхзаяа тивийн АШТ-ээс медаль хүртэж монгол тамирчдын нөөц, тэсвэр хатуужил хэр өндөр түвшинд хүрснийг дэлхий дахинаа тунхагласан юм. Хүн төрөлхтний баяр цэнгэл олимпын наадам, тамирчин бүрийн мөрөөдлийн оргил ДАШТ-д тус бүр хоёр удаа эх орноо төлөөлөн оролцож, уралдааны замаа амжилттайгаар туулсан билээ, тэр. 

Нэр хүнд, цар хүрээгээрээ Монголын хамгийн том тэмцээн болох “Улаанбаатар марафон” долоон удаа зохиогдоход зургаад нь түрүүлсэн амжилт ч мөн л түүнийх. Бид 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафоны төрөлд Монгол улсын дээд амжилтыг эзэмшдэг төдийгүй УАШТ-д 20 удаа түрүүлээд буй шилдэг гүйгч Б.Мөнхзаяатай ярилцлаа.


-Азийн АШТ-ээс авсан таны медаль монгол тамирчдын хувьд юугаараа анхдагч байв?

-АШТ-ээс задгай зайн төрлөөр авч байгаа анхны медаль юм даа. 

-Та өмнө нь Азийн АШТ-д оролцож байсан уу?

-Өмнө нь Азийн наадамд хоёр удаа оролцож байсан. Харин задгай талбайн Азийн АШТ-д анх удаа оролцлоо. Хоёр, гурван километр гүйж байгаад том дэлгэц рүү харахад эхний хоёр тамирчинтай зэрэгцэж яваагаа мэдсэн. Тэрнээс цааш өөртөө итгэлтэй болж, медаль авах боломжтой юм байна гэж бодсон л доо. Итгэл төрөөд, боломжийг мэдэрчихээр зориг орж, илүү хүч нэмэгдээд ирдэг юм байна. Марафоны суурь бэлтгэлээс дундын зайн гүйлт рүү шууд шилжихээр бэлтгэлжилт дутагддаг ч тэсвэрээрээ 10 км-т сайн гүйсэн. Уул нь алт авдаг тамирчинтай найман км орчим цуг явсан юм. Сүүлийн хоёр км-т л яг 10 км-ийн зайд дагнан бэлддэг тамирчдын зөрүү аргагүй гарч байна лээ. 

-Таны хувьд, одоо гучин настай. Ер нь гүйлтийн тамирчны хувьд, ямар нас юм бэ?

-Гүйлтийн тамирчны хувьд, ид хөдөлмөрлөж, амжилтад хүрдэг нас. Элиуд Кипчоге гуч гаруй насандаа Токиогийн олимпоос алтан медаль авсан шүү дээ. Нас ахих тусам илүү туршлагатай, илүү тэвчээртэй болж, өөрийгөө илүү мэдэрдэг шиг санагддаг. Гүйлтийн спорт чинь ерөөсөө л ганцаарчилсан төрөл шүү дээ, өөрөө өөрийгөө л ялахын төлөөх өрсөлдөөн. Өөрийгөө бэлтгэл дээр ялж байж, тэмцээн дээр ялна л даа.

-Танд замаа дуусгалгүй тэмцээнийг дундаас нь орхиж байсан тохиолдол бий юу?

-Марафон гүйлтээр хичээллэж эхэлснээс хойш замаас гарч байсан тохиолдол байдаггүй. Бас тамирчин хүн хамаагүй “байдаггүй” гэж хэлж болдоггүй. Гэхдээ би эхэлсэн л бол дуусгая л гэсэн зарчимтай гүйдэг. Бүх юм дууссан байсан ч, замаас гарах ёстой байсан ч гарна гэж боддоггүй. 

-Зарим тамирчин шагналт байранд орохгүй нь тодорхой болчихоор замаасаа гарчихдаг. Гэтэл таны энэ зүтгүүр зан юун төлөө юм бэ?

-Тэмцээний хуудсан дээр Монгол улсын тамирчин замаас гарсан гэж бичүүлснээс, замаа тэдээр дуусгажээ гэж бичигдсэн нь арай дээр гэж боддог. Марафон гүйгчийн хувьд замаа дуусгаж байж өөрийгөө ялна гэсэн зарчимтай. Надад уралдааны замаас гарна гэсэн төсөөлөл ерөөсөө санаанд буудаггүй юм аа (инээв).

-Тамирчид шахуу бэлтгэл сургуулилалтаасаа болоод хүүхдэдээ анхаарал сул хандуулдаг нь эргээд хүүхэд нь аав, ээждээ гэхээсээ илүү өсгөсөн хүмүүстээ илүү дотно байхад хүргэдэг. Танд ийм зүйл хэр мэдрэгдэж байна?

-Би хүүгээ гурван сартайгаас нь эмээ, өвөөд нь өгөөд өсгүүлсэн болохоор одоо энэ бүхнийг яг мэдэрдэг. Хол байхдаа бид хоёрыг санаад байна гэж ярьж байгаа ч яг уулзахаараа хоёрхон өдөр эрхэлж байгаад эмээ, өвөө нь хаашаа явна, дагаад л явдаг. Ерөөсөө л эмээ, өвөөгөөсөө салж чаддаггүй. Ээж, аав хоёр нь дэргэд нь дуртай юмыг нь хийгээд байхад тэр нь хүүхдэд ханамжтай санагддаггүй. Яг өсгөсөн тэр хүмүүстэйгээ л цуг байвал аз жаргалыг мэдрээд байх шиг мэдрэмж төрдөг. 

Тамирчин хүн их ачаалал аваад ирэхээрээ бие нялхраад жаахан юманд гэмтчих гээд, хүний хэлсэн жаахан хатуу үгэнд гомдож уйлчих гээд, нөхөр нь жаахан тоохгүй байвал тэрэнд гомдож уйлчихаад байдаг. Хэт мэдрэг, уян зөөлөн болчихдог байхгүй юу.

-Нөхөр тань таны дасгалжуулагчаар ажилладаг. Бас хэт холын зайн марафоноор Монгол улсын дээд амжилтыг тогтоосон гэсэн үү?

-Нөхөр маань хөнгөн атлетикийн спортоор 2009-2016 оны хооронд хичээллэж байгаад дасгалжуулагч болсон. Хэт холын марафон гүйлт буюу 100км-ийн зайд Монгол улсын дээд амжилтыг эзэмшдэг. Бид 2011 оноос нэг гэр бүл болсон. Дасгалжуулагчаар ажиллах шийдвэрийг манай хүн өөрөө гаргасан юм. Нэг гэрээс хоёулаа тамирчин байхаар санхүүгийн хувьд их эрсдэлтэй. Тэгээд ч хоёул хоёулаа өндөр амжилт үзүүлнэ гэхэд хэцүү учраас нэг нь дасгалжуулагч болоод нөгөө нь тамирчин байх юм бол илүү амжилт гаргах юм байна гэж шийдсэн.

-Хоёулаа тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалт гээд яваад байхад ар гэрийн ажил орхигдоод байх шиг мэдрэмж төрдөг үү?

-Манай нөхрийн удирдлагад надаас гадна арваад тамирчин бэлтгэл сургуулилалт хийдэг. Тэдгээр тамирчид дунд олимп, ДАШТ-д оролцож байсан болон ирээдүйтэй залуу тамирчид байгаа учраас тамирчдын сэтгэлзүй, хооллолт ,ар гэр гээд бүх зүйл дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр яалт ч үгүй ар гэрийн асуудал хаягдаад байдаг.

-Гэр бүлийн харилцаатай хэрнээ багш, дасгалжуулагч гэхээр хяналт хэр өндөр байх уу, найр тавих үе гарах юм уу?

-Дэргэд нь би байгаа учраас намайг сэтгэл зүй, хооллолт гээд бүх талаар хянаж, ойлгодог. Бэлтгэл сургуулилалт дээр зарчимч хандаж, шаардлага ч тавина. 

-Танд ганцаардах үе гарч байсан уу?

-Тамирчин хүн их ачаалал аваад ирэхээрээ бие нялхраад жаахан юманд гэмтчих гээд, хүний хэлсэн жаахан хатуу үгэнд гомдож уйлчих гээд, нөхөр нь жаахан тоохгүй байвал тэрэнд гомдож уйлчихаад байдаг. Хэт мэдрэг, уян зөөлөн болчихдог байхгүй юу.

-Тийм үед нөхөр тань ойлгодог уу? 

-Одоо ойлгодог болчихсоон. Ер нь дасгалжуулагч хүний үүрэг бол тамирчнаа сайн ойлгох, мэдрэх л хамгийн чухал. 

-Танай аав, ээж хоёул цэргийн хүн юм билээ. Харин та цэргийн сургуульд орох гээд чадалгүй, ХААИС-д элссэн гэдэг. Ингээд харахаар тэсвэр ер нь танай гэр бүлийн суурь төлөвшил юм биш үү?

-Дүрэмт хувцастай эмэгтэй надад гоё харагддаг байлаа. Ер нь л цэргийн хүмүүс ёс жудагтай санагддаг. Анх цэргийн хүн болно гэж шийдээд сургуульд очиж үзсэн ч орж чадаагүй. Тэр жил манай аймагт цэргийн сургуулийн эмэгтэй хуваарь ирээгүй юм. Хотод ирээд хөөцөлдөж үзсэн ч, хуваарьгүй болохоор орж чадаагүй. Спортынхоо замналаар явж байгаад л харин зэвсэгт хүчин рүү орж ирсэн. 

-Зэвсэгт хүчинд ороод дүрэмт хувцастай өөрийгөө толинд харахад багадаа гоё гэж харж байсан эгч нартайгаа адилхан санагдсан уу?

-Дүрэмт хувцсаа өмсөөд толинд харахаар гоё байдаг. Цаанаасаа л цэгцтэй, цэмбэгэр, өөртөө итгэлтэй гэх юм уу тийм гоё мэдрэмжийг дүрэмт хувцсаа өмсөөд анги дээр очихдоо одоо ч мэдэрдэг. Би одоо Дорнод аймгийн зэвсэгт хүчний 327-р ангид харьяалагддаг юм. Өмнө нь 2013-2018 он хүртэл “Алдар” спорт хорооны тамирчин байсан.

-Та эмэгтэй хүн гэдгээ ямар үед хамгийн гүн мэдэрдэг вэ?

-Бэлтгэл хийгээгүй, чөлөөтэй байгаа үедээ л илүү эмэгтэй гэдгээ мэдэрдэг. Тийм үедээ л плаж, дупль өмсөөд гадуур гарах, ажил төрлөө амжуулах дуртай. Байнга тамирын хувцас өмсөж бэлтгэл сургуулилалт хийж байгаа болохоор нэг өдөр ч гэсэн амарвал дупль, плаж гээд аль болох чөлөөтэй хувцас өмсөхийг илүүд үздэг.

Би гүйлтийн спортоор өөрийнхөө амьдралыг авч явдаг, мөн эх орныхоо нэрийг ч дэлхийд гаргаж чадаж байна. Бас энэ спортыг хүмүүст таниулж байна. Бэлтгэл дутуу байх, бэртэл гэмтэл авах үе гарч ирэхэд л “Би тэмцээндээ яах бол оо, түрүүлж чадахгүй бол намайг юу гэж бодох бол?” гэсэн юм их бодогдоно.

-Гэр бүлийн хүн тань таныг бараг л бэлтгэлээ хийж байгаагаар л төсөөлж хардаг болов уу. Тэгэхээр хааяа ч гэсэн дур булаам байдлаа мэдрүүлэхийг хүсдэг үү?

-Эмэгтэй хүн юм чинь хүснэ ээ. Тэгж хувцаслаад гарахаар заримдаа манай нөхөр “Яагаад дупль өмсчихсөн юм бэ, хөлөө амраагаад пүүз өмсөөч” гэнэ. “Биеийн тамирын хувцсыг жилийн 365 хоногт өмсдөг, ганц өдөр ч гэсэн өөрийнхөө хүссэн юмыг өмсөж гармаар байна” гэхээр “За, тэг ээ” гэдэг юм (инээв).

-Та насанд хүрэгчдийн УАШТ-д 2013 оноос хойш тасралтгүй 20 удаа түрүүлсэн. Тамирчин хүнд олон түрүүлээд ирэхээр “Ялагдаж болохгүй” гэсэн бодол суучихдаг юм болов уу гэж хардаг?

-Анх түрүүлэхэд маш их баярлаад хөөрч байгаа юм. Хоёр түрүүлнэ, бас баяр хөөр байж л байна шүү дээ. Цаашлаад таваас дээш түрүүтэй болоод ирэнгүүт “Би заавал түрүүлж, байгууллагынхаа нэрийг хамгаалах ёстой” гэсэн баримтлалтай болж, хариуцлага үүрэхэд хүрнэ. Монголчууд “Хар хүйтэнд гүйж, хөлсөө гоожуулах чинь та нарын амьдралд ямар хэрэгтэй юм бэ?” гэдэг. Гэтэл хөнгөн гэдэг маань ерөөсөө л бүх спортын суурь шүү дээ.

-Ид насандаа яваа олон түрүүтэй аваргад ялагдана гэдэг мөнхийн айдас байдаг шиг санагддаг. Танд ер нь тийм айдас төрдөг уу?

-Бэлтгэл дутуу байх, бэртэл гэмтэл авах үе гарч ирэхэд л “Би тэмцээндээ яах бол оо, түрүүлж чадахгүй бол намайг юу гэж бодох бол?” гэсэн юм их бодогдоно. Өөрийнхөө ид гялалзаж байгаа үедээ аваргаараа л байхыг хүсдэг дээ.

-Та юуны тулд гүйдэг юм бэ, таны гүйж байгаагийн утга учир нь юундаа байдаг юм бол?

-Би гүйлтийн спортоор өөрийнхөө амьдралыг авч явдаг, мөн эх орныхоо нэрийг ч дэлхийд гаргаж чадаж байна. Бас энэ спортыг хүмүүст таниулж байна. Ямар ч спортод золиос байж л амжилтад хүрнэ. Сурч, ажлын байранд гарах ид залуу насандаа яалт ч үгүй өөрийн боломжуудаа золиосолж, амжилтад хүрснээр л цааш гүйх боломжтой болдог.

-Та сая “Гүйлтийн спортоор өөрийнхөө амьдралыг авч яваа” гэлээ. Монголд эл спорт харьцангуй дэмжлэг сул, олимп, ДАШТ-ээс медаль авах найдвараар нэлээн хойгуур яригддаг. Тэгэхээр өнөөгийн энэ нөхцөлд зөвхөн гүйлтийн спортоор дагнан хичээллээд амьдралаа аваад явах боломж байдаг уу?

-Марафоны төрөл дэлхийд бизнес-спорт хэлбэрээр хөгжиж байгаа. Өмнө нь монгол тамирчид олимп, ДАШТ-д цагаан хуудсаар ордог байсан бол одоо өөрсдөө цаг, нормативыг нь биелүүлж эрхээ аваад оролцдог болчихлоо. Бидний цагийн үзүүлэлтийг харах юм бол дэлхийн түвшинд хүрсэн. Ер нь бол олимп, ДАШТ-ээс медаль авахад ч ойрхон байгаа спортын нэг. Хөнгөн атлетикийн спортыг илүү ойлгож дэмжээд өгвөл монгол тамирчид олимп, ДАШТ-ээс медаль авах хэмжээний болчихсон шүү дээ.

-Ер нь тамирчдад ямар төрлийн дэмжлэг үгүйлэгддэг вэ?

-Тамирчин хүнд бэлтгэл сургуулилалт хийх орчин хэрэгтэй. Мөн бэлтгэлийн дараа ядарсан булчинг маань хурдан сэргээх массажистийн үйлчилгээ үгүйлэгддэг. Үндэсний шигшээ багийн хувьд эмч, массажистийн хүрэлцээ, хангамж муу төдийгүй бидэнтэй байнга цугларалтад гарах боломжгүй байдаг юм л даа.

-Монгол улс “Улаанбаатар марафон” тэмцээнийг долоон удаа зохион байгууллаа. Энэ тэмцээн маань олон улсад хэр өндөр чансаатай юм бэ?

-Олон улсын хэмжээнд үзвэл, “В” зэрэглэлийнх юм уу даа. Бүр олон улсын жишиг байдлаар өндөр түвшний зохион байгуулалттай байж чадахгүй байгаа ч гэсэн тамирчид, хамрах хүрээний хувьд жил ирэх тусам нэмэгдэж, алдаа дутагдлаа засаж, сайжруулаад явж байгаа. Шагналын сан ч гэсэн тамирчдын хувьд боломжийн.  

-Таныг гүйлтээр хичээллэж эхлэх үедээ тэмцээнд оролцохын тулд цалингийн зээл авч байсан гэж сонссон. Ийм эр зориг тамирчдаас л гарах болов уу гэж санадаг юм?

-Үндэсний шигшээ багт ороогүй, “Алдар” спорт хороонд байхдаа гурван жил орчим хугацаанд цалингийн зээл авч л бэлтгэл сургуулилалтаа хийж, тэмцээнд оролцдог байсан. Мэдээж, тэмцээнд сайн оролцож байж Үндэсний шигшээ багт орно, тэгж байж би зардал, мөнгөний асуудлаас гарна. Тамирчин хүн зоригтой алхам хийж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Миний хувьд, 2016 онд Үндэсний шигшээ багт орж байлаа. Тэр хүртэлх хугацаанд заримдаа шантарч, бууж өгмөөр “Юуны төлөө ч ингээд хамаг юмаа зарцуулаад яваад байгаа ч юм бэ?” гэж бодох үе байсан, тэр бүхнийг тэвчиж л энэ хүрлээ шүү дээ.

-Ер нь Азиуд, цаашлаад дэлхийн тамирчид монголын марафончдыг хэрхэн үнэлдэг вэ?

-Азиас япон, хятад, солонгосын тамирчид дэлхийд дээгүүр өрсөлддөг. Эдгээр улсуудын дасгалжуулагчид нь биднийг сайн үнэлнэ ээ. “Монголчууд тэсвэр тэвчээртэй. Ийм хэцүү нөхцөлөөс тамирчид нь тэвчээд, бэлтгэл сургуулилалтаа хийгээд боломж хайгаад явж байгаа, ёстой мундаг тамирчид” гээд л ер нь бол өндөр амжилтад хүрнэ гэж хүлээдэг. 

-NHK телевиз таны тухай баримтат киног бүтээж, цацсаны дараа Японд таныг дэмжигчдийн клуб бий болсон гэж дуулсан. Тэр клуб одоо байгаа юу? 

-Байдаг. Ер нь бол Японд намайг гайгүй мэднэ ээ. 

-Тус кинонд цар тахлын үед тамирчдын хангамж багасч, бэлтгэл хийх газар олдохоо болих зэргээр олон бэрхшээлүүд гарч эхэлсэн тухай гардаг. Та тэр үеийн байдлаасаа тамирчны энгийн хэмнэл рүүгээ хэзээ шилжив?

-2020 оноос хойших хоёр жилд цар тахлаас үүдэн тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох хүрээ багасаад, өвлийн улиралд гадаадын улс орнууд руу явж бэлтгэлээ хийдэг байсан нь бас боломжгүй болсон. Хүйтэн ч гэсэн Монголдоо хоёр жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилалтаа хийж, яг олимпын өмнөхөн Архангай аймаг руу явж, бэлтгэлээ базаасан. Өвлийн улиралд Монголд -20 градусаас дээш буюу хэтэрхий хүйтэн байдаг учраас зарим чухал бэлтгэл сургуулилалтаа базаахад хүндрэлтэй болчихдог. 

-Ер нь цаг агаарын эрс тэс нөхцөл байдал гүйлтийн тамирчдад ямар байдлаар нөлөөлдөг юм бэ?

-Нэг талдаа тэсвэр суулгана. Нөгөө талдаа, -20 градусаас дээш хүйтэрчихээр бэлтгэл хийх ямар ч боломж байхгүй. Энэ хэмийн хүйтэнд бэлтгэл хийх нь тамирчдын уушги, бие махбодид сөрөг нөлөөг үзүүлдэг.

-Та өдийг хүртэлх хугацаанд олон улсын тэмцээнд олон ч удаа оролцсон. Тэмцээн бүрийн өмнө медальд хүрнэ гэж санадаг ч бас амжилтгүй үеүд ч зөндөө байсан шүү дээ. Санасандаа хүрч чадалгүй ирэхдээ бусдын харцнаас нуугдах ч юм уу, эмээх тохиолдол гарч байв уу?

-Байнга медаль авч, тэмцээн бүртээ дээгүүр амжилттай оролцоно гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ бууж өгч л болохгүй. Тамирчин хүнд чинь алдах онох юм байлгүй л яахав. Би ямар буруу зүйл хийчихсэн биш, өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор хүнээс нуугдаж явья гэж боддоггүй.  

Надад ДАШТ, олимпоос медаль авна гэсэн том мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдөлдөө л хүрчихвэл миний энэ хүртэл тууштай хичээллэсний үр дүн гарах юм. Нэгэнтээ л энэ спортод бүхнээ зориулчихсан болохоор “Ухаръя” гэсэн бодол төрж байгаагүй. Алдах юм бол илүү их хичээх ёстой юм байна гэж боддог байснаас “Болъё”гэж ер боддоггүй.

-Тамирчны амьдралыг юу сонирхолтой болгодог юм бол?

-Би гүйлтээс сэтгэл ханамжийг мэдэрдэг. Багш, дасгалжуулагч нар “Амар” гэсэн ч гүйчихээд ирэхээр л сая амар амгалан, тайван байдлыг бодитоор мэдэрдэг. 

-Эрүүл мэндээ эрсдэлд оруулдгаараа марафон аюултай тоглоомын нэг. Танд эрсдэлээс айж байсан үе байдаг уу?

-Нэгэнтээ л энэ спортод бүхнээ зориулчихсан болохоор “Ухаръя” гэсэн бодол төрж байгаагүй. Алдах юм бол илүү их хичээх ёстой юм байна гэж боддог байснаас “Болъё”гэж ер боддоггүй.

-Олон улсын тэмцээнүүдээс гаргасан амжилтуудаа төрийнхөө далбайн дээр тэмдэглэдэг гэсэн. Таны амжилтууд одоогоор хэр том талбайг дүүргээд байна вэ?

-Нэлээн их амжилт бичигдсэн. Цаашдаа дахиад шинэ далбаа гаргаж бичнэ ээ л гэж бодож байгаа. 

-Энэ зуурт олимп, ДАШТ-д тус бүр хоёр удаа оролцоод амжсан. Анх олимпын зам дээр гарна гэдэг хэр шинэ мэдрэмж вэ?

-2016 оны олимпод Монгол улсын шилдэг тамирчин Л.Отгонбаяр эгчийн хамтаар оролцож байлаа. Дэлхийн хэмжээний тамирчидтай мөр зэрэгцээд зогсож байна гэж бодохоор том боломж, маш азтай гэх юм уу. Тухайн үед маш сайхан байсан. Ямартаа ч олимпод амжилттай оролцоод замаа гүйцэд туулж байлаа. Гүйлтийн тамирчны хувьд бол марафоны замыг дуусгаж, өөрийгөө ялах нь хамгийн том амжилт гэж үздэг. 

-2016 оны олимпод 72-р байрт орсон бол 2021 оны олимпод амжилтаа ахиулж, 45-р байраар барианд орсон. Хэт халуунаас болоод уралдааныг нэг цагийн өмнө эхлүүлсэн ч, 88 хүнээс 77 тамирчин барианд орсны нэг нь та. Цаг агаар тэр өдөр 32 градусын халуунтай байж. Энэ хэмд тамирчин ямар нөлөө мэдэрч эхлэх вэ?

-Олимпын өмнө бэртэл авч, түр бэлтгэлээ багасгахад хүрсэн. Тиймээс жаахан амралтын байдалтай байж байгаад тэмцээндээ явсан. Өндрийн бэлтгэл сайн базаагаад байсан болохоор тэр бэлтгэлжилтээрээ уралдааны замаа дуусгаж байлаа. Цаг агаарын хувьд маш халуун байсан болохоор тамирчдаас асар их тэсвэр, тэвчээр, хатуужлыг шаардсан өдөр байсан. Гэхдээ бас жаахан салхитай. 

-Говьд салхи гарахаар бүлээнээр үлээж байдаг даа?

-Японд яг тийм байсан.

-Залуу явахад хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа мөрөөдөж ханадаггүй. Танд хаа эртийн биелээгүй мөрөөдөл бий юу?

-Надад ДАШТ, олимпоос медаль авна гэсэн том мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдөлдөө л хүрчихвэл миний энэ хүртэл тууштай хичээллэсний үр дүн гарах юм. 

-Дорнод гэхээр тал нутаг хамгийн түрүүнд санаанд буудаг. “Талын хүмүүс морь, зээр шиг ээ хурдан” ч гэж монголчууд егөөддөг шүү дээ. Ер нь төрж, өссөн нутгийн байгалийн онцлог тамирчны тэсвэрт нөлөөлдөг болов уу?

-Тэр үнэн байж магадгүй. Би Эрдэнэцагаанд төрөөд Дорнодод өссөн. Багадаа тийм ч сүйдтэй гүйж харайдаг хүүхэд байгаагүй. Ерөнхийдөө аравдугаар ангиасаа л гүйж эхэлсэн. Тэгэхээр байгаль орчин, уур амьсгалаа дагаад тэсвэр суусан байх гэж боддог юм. Өөрөө наанаа гүн мэдэрдэггүй ч гэсэн хүний бие махбодид байгалиасаа тэсвэр заяагддаг байх. Манай ээж, аав хоёр одоо ч Дорнод аймгийнхаа төвд байгаа. 

-Анх гүйлтээр хичээллэж эхэлсэн тань 17 настайдаа бил үү?

-2010 онд өсвөрийн УАШТ-д анх оролцоод, 3000м, 5000м-ийн зайд хошой мөнгөн медаль авч байсан. Тэрний өмнөх жил сургуулийнхаа тэмцээнд түрүүлж, аймагтаа нэг тэмцээнд ороод байлаа. Биднийг дөнгөж гарч ирж байх үед хөнгөн атлетикаар цаашид тууштай хичээллэнэ гэхэд хэцүү байсан юм шүү дээ. Эцэг, эхчүүд бол хэрэггүй л гэдэг байлаа. Олон ч хүүхэд гэр бүлийн дэмжлэг, туслалцаа муу, ойлгохгүй байсан болохоор спортоо орхисон болов уу. Харин намайг УАШТ-ээс медаль аваад ирэхэд ээж, аав хоёр маань их баяртай хүлээж аваад, цаашаа бэлтгэл сургуулилалт хийхэд аль боломжоороо тусалж байсан тулдаа би энэ спортод гарч ирж чадсан. Гэр бүл маань илүү сайн дэмжиж чадсан болохоор.

-Та одоо ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?

-ДАШТ 8-р сард болно. Монголоос Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцож байгаа. Миний хувьд, ДАШТ-д оролцох боломжтой байсан ч Азийн наадамд энэ жил нэлээн дээгүүр өрсөлдөж, медаль авья гэж бодож бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Азийн наадамд анх оролцохдоо 5000м болон 10000м-ийн зайд гүйж, Монгол улсын дээд амжилтыг шинэчилж байлаа. Хоёр дахь удаагаа оролцохдоо марафоны төрөлд долдугаар байранд орж байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.