Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
"Ханжоу-2022" Азийн наадмын хөлбөмбөгийн төрлийн хэсгийн тоглолтууд өчигдрөөс эхэллээ. Монголын шигшээ баг ОУХБХ-ны чансааны 95-д бичигдэж буй Вьетнамын шигшээ багтай эхний тоглолтоо хийж, 4-2 харьцаатайгаар хожигдов.
Тоглолтын эхний хагаст Вьетнамчууд бөмбөгийг түлхүү эзэмшиж, довтолж тоглосон нь үр дүнд хүрч 3:0-ээр тэргүүлсэн. Харин Монголын шигшээ багаас У.Тэмүлэн 46 дахь минутад, Б.Батмөнх 90+5 минутад гоол оруулснаар тус тоглолт 4:2-оор өндөрлөсөн юм.
Монголын шигшээ баг Азийн наадмын "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай өрсөлдөнө. Дараагийн тоглолтоо 9-р сарын 21-нд 16:00 цагаас Саудын Арабын багтай хийнэ. Эл тоглолтыг ТV9 телевиз шууд дамжуулах юм.
Монголын шигшээ 9-р сарын 7-нд 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатнаа Саудын Арабын шигшээтэй тоглож, эхний гоолыг оруулсан ч сүүлийн мөчид 3:1-ээр хожигдсон билээ.