Хөвсгөл аймаг нь Монгол Улсын аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл бөгөөд байгаль, цаг агаарын ер бусын өвөрмөц байдал нь хүмүүний сэтгэлийг эзэмдэх чадалтай билээ.
Тус аймагт халх, хотгойд, дархад, уйгар, буриад, урианхай гэсэн зургаан угсаатан ажиллаж, амьдардаг. Эдгээр угсаатны өвөрмөц зан үйл, намрын тос даасан идээ ундааны дээж, үйлдвэрлэлийн нарийн ур шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, худалдаалахаар хоймор нутгийн зон олон Сүхбаатарын талбайд хүрэлцэн иржээ.
Аравдугаар сарын 6,7-ний өдрүүдээр үргэлжлэх эл үйл ажиллагааны бас нэгэн чимэг нь Хөвсгөл нутгаас төрөн гарсан урлаг, соёлын зүтгэлтнүүд уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж, зохиолч, урчууд бүтээлийн үзэсгэлэн худалдааг дэлгэх юм. Үүнд, МУГЖ Ө.Уянга тэргүүтэй Монголын урлаг, соёлын томоохон төлөөллүүд оролцож, уран бүтээлээ хүргэх болно. Та бүхэн эдгээр өдрүүдэд нийслэлийн Төв талбайд зочлон Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоны соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, Дархад, духа угтсаатны аж төрдөг урцаар зочлон тэдний өвөрмөц зан үйлүүдтэй танилцаарай.