UBLife Logo
Newsfeed

"Хайрын хүрээлэл" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Н.Солонгоцацралт: Цэцэрлэгт ажиллаж буй хүн бүхэн хүүхдийг хайрлах сэтгэлээр хандаасай

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Хайрын хүрээлэл" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Н.Солонгоцацралт: Цэцэрлэгт ажиллаж буй хүн бүхэн хүүхдийг хайрлах сэтгэлээр хандаасай

Сургуулийн өмнөх боловсролыг шинэчлэх, хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн талаар улс нийтээрээ ярьж удсан ч бодит байдал дээр энэ стандарт шинэчлэл бүрэн дүүрэн хэрэгжиж байгаа бил үү? Тэгвэл "Хөх хүрээ" тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн судлаачид 2008 оноос хойш боловсролын системийг судалж, монгол хүүхдэд тохирох хөтөлбөрийг боловсруулжээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх Монголын анхны консьерж буюу боловсролын цогц үйлчилгээ бүхий "Хайрын хүрээлэл" цэцэрлэг нээгдэж, анхны элсэлтээ аван үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

Монгол хүүхдийн онцлог, сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл, хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн үйл ажиллагааны туршлага, хүүхдийг хайраар өсгөн бойжуулахуйн ач холбогдлын талаар бид "Хөх хүрээ" тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, "Хайрын хүрээлэл" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Н.Солонгоцацралттай ярилцлаа.

Монгол хүүхдэд тохиромжтой, СӨБ-ын хөтөлбөрийг "Хөх хүрээ" тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэн олон жилийн судалгаандаа үндэслэн боловсруулжээ. Анх хэрхэн яагаад эхэлсэн болон хөтөлбөрийн ач холбогдлын талаар хуваалцаач?

2008 оноос бид үндэстнийхээ боловсролын системийг судлахын зэрэгцээ өрнө ба дорнын хамгийн шилдэг системтэй улсуудын боловсролын бүх түвшний хөтөлбөр үйл ажиллагааны туршлагыг судалсан. Судалгааны эцэст бид сургах агуулга, аргазүйг Англи, Америк, Япон гэх мэт хөгжингүй улс орнуудаас импортолж болох ч хүн болгох, өөрөөр хэлбэл хүмүүжүүлэх агуулга арга зүй нь монгол хүүхдэд чиглэсэн соёл, сэтгэлзүйн тусгай хөтөлбөрийн дагуу хэрэгжих хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасны үндсэн дээр Монгол боловсролын түүх соёлын үнэт зүйл дээр тулгуурласан соёл хүмүүжлийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн.

Уг хөтөлбөрөө туршин хэрэгжүүлэх зорилгоор 2015 онд Хайрын орон лаборатори цэцэрлэг байгуулан ажиллаж байлаа. Тэнд язгуур соёлын орчин бүхий гэр өргөө, болон орчин үеийн нийтлэг соёлын орчин бүхий цэцэрлэгийг тусгайлан тохижуулж, 60 орчим хүүхдүүдэд Хорвоог буюу гадагш, Ертөнц буюу дотогш танин мэдэхүйн аяллыг хамтад нь хийлгэх хөтөлбөр үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.

Өнөөдөр боловсролын мэргэжилтнүүд болон эцэг эхчүүд боловсролын талаарх ойлголтоо эрс өөрчлөх хэрэгтэй болж байна. Дотоод ертөнцөө танин мэдэх хэрэгцээ шинэ эриний хүүхдүүдэд онцгой ихээр үүссэн. Өмнө нь энэ хэрэгцээ далд хэлбэрт байсан бол одоо ил хэрэгцээ болон асар өндөр эрэлтийг үүсгэж байна. Иймд энэхүү хэрэгцээг хангах хөтөлбөр үйл ажиллагааг боловсролын системд нэн даруй цаг алдалгүй нэвтрүүлэхийн төлөө манай багийнхан ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Манай улсад боловсролын шинэчлэлийн хүрээнд тодорхой алхмууд хийгдэж байгаа боловч  дан ганц сургах тогтолцоог хэрхэн өөрчлөх арга замаа бүрэн олоогүй л байна. Арга замаа олоход нь манай судалгаа, хөтөлбөр, үйл ажиллагаа жишиг загвар болоосой гэж  улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө бид хичээнгүйлэн зүтгэцгээж байна даа. Боловсролын систем нийгмийн загвартайгаа уялдан ажилладаг. Өмнөх нийгмийн үед бид социалист ухамсар сэтгэлгээтэй хүн болгон хүмүүжүүлэх хөтөлбөр үйл ажиллагааг боловсролын системээр дамжуулан амжилттай хэрэгжүүлсэн. 1990 онд шилжсэн ардчилсан нийгэм хүнээ хэн болгох талаар ямар ч соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулсангүй өнөөдрийг хүрч байна. Энэ нь нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгох түүнчлэн сэтгэлгээний хувьд уналтад оруулах үндсэн шалтгаан юм. 

Бид нэн яаралтай боловсролын үнэт зүйл, үзэл баримтлал, онол номоо томъёолж боловсролын харилцаа үйлчилгээг шинэ шатанд гаргаснаар нийгмээ засч сайжруулж, эмхэлж цэгцлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломжтой.  

Монголчууд бидэнд боловсролын онол буюу хүний тухай өндөр түвшний гүн ухааны мэдлэг байгааг бид судалж  байна. Хамгийн гол нь гүн ухааны өндөр түвшний мэдлэгийг  боловсролыг тойрч судалдаг есөн шинжлэх ухааны эргэлтэд оруулан судалж практикт хэрхэн буулган хэрэгжүүлэх вэ? гэдэг дээр манай хүрээлэн  анхаарал хандуулан ажилладаг. 

Бидний цаашдын зорилго бол эхний ээлжид хувийн цэцэрлэгүүдийг өөрсдийн боловсруулсан концепцийн дагуу  стандарт хөтөлбөртэй болгох явдал юм. Боловсролын  талбар бол хэн дуртай нь мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулах эрхгүй маш  хариуцлагатай ажиллагааны талбар гэдгийг хүн бүр ойлгох ёстой. Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний ихэнх нь үндэсний "Цөм" хөтөлбөрийн сайжруулсан агуулгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ч тэнд нөгөө л дотоод ертөнц рүү нь чиглэсэн буюу өөрийгөө нээж олоход нь туслах үйл ажиллагаа байдаггүй учраас бид хүрээлэнгийнхээ боловсруулсан хөтөлбөрийг дэлгэрүүлэн түгээхийг зорьж байна. 

"Хайрын хүрээлэл" цэцэрлэгт хэрэгжиж буй хөтөлбөр нь маш олон жилийн судалгаа нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд боловсорсон, шинэ эриний эрэлтэд тулгуурласан хөтөлбөр юм байна гэдгийг ойлголоо. Энэхүү нандин хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цэцэрлэгийн багш, хамт олноо танилцуулаач? Тэднийг хэрхэн  сонгон шалгаруулсан бэ?

Цэцэрлэг бол хүүхдийн хувьд хоёр дахь гэр юм. 

2-6 настай хүүхэд  эцэг эх, гэр бүлийн харилцааны хязгаарлагдмал орон зайнаас шинэ орон зай руу шилжин орж байгааг цэцэрлэгийн багш, тогооч, үйлчлэгч  нар маш нарийн мэдэрч, тэдэнтэй гэр бүлийнх нь гишүүд мэт дотно харилцааг үүсгэснээр, хүүхэд “аав ээжээс минь өөр намайг хайрлан хүрээлэх орон зай байдаг юм байна” гэдгийг мэдэрч маш хурдан дасаж, өөрийнхөө байр суурийг илэрхийлж эхэлдэг. Тэднийг эцэг эх, эмээ өвөө, ах эгчийнх нь  адил хайрлан хүрээлж  өөр өөрийн мэргэжлээр үлгэрлэн дагуулах тийм хамт олныг бүрдүүлнэ гэдэг амаргүй асуудал байдаг. 

“Хайрын хүрээлэл” нь бие махбодыг бойжуулах, сэтгэл санааг төлөвшүүлэх, оюун ухааныг хөгжүүлэх гэх үндсэн гурван агуулгатай Есөн дэд хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Бие махбодыг чийрэгжүүлэх үйл ажиллагааг Гирийн спортын дэлхийн аварга С.Туяацэцэг хариуцан ажиллаж байна. Түүний гирийн спорт дээр тулгуурласан хөдөлгөөн эрүүл мэндийн хичээл нь хүүхдийг тэсвэр хатуужилтай болгож, бүх босоо булчинг хөгжүүлснээр өсөлт хөгжилтөд онцгой нөлөөлдөг. Иог бясалгалын хичээлээр хүүхэд дотоод тэнцвэрээ олж, дотоод ертөнцөө ойлгон, сэтгэл зүйн хувьд өөрийгөө удирдаж сурах суурийг тавигдах ач холбогдолтой байдаг. Хичээлийг олон улсад багшлах эрхтэй хүүхдийн иогийн багш Б.Зулсайхан багш хариуцан ажилладаг. За тэгээд бусад хөтөлбөрүүд дээрээ ч мөн адил өөрийгөө таньж мэдэх дотоод туршлагатай өөр өөрийн мэргэжил мэдлэг, ур чадвараараа онцгойрох багш нарыг сонгон ажиллуулж байна.

Бид багш нараа өөр өөрийн мэргэжлийн оргилд гарсан хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд бүрэн дархлаажсан хүн байх тал дээр л онцгой анхаарч сонгодог доо.

Сэтгэлд чиглэсэн хөтөлбөрийн талаар урьд нь дуулж байгаагүй юм байна. Дэлгэрүүлээч? 

Сэтгэлийн ертөнц гэдэг бол нүдэнд харагдахгүй далд,  тийм учраас бид түүнийг танин мэдэх үйл ажиллагаагаа хэтэрхий хожуу, элдэв зовлонд унасны дараа эхэлж байна. Хүүхэд цэцэрлэгийн үе шатнаас эхлээд сэтгэл гэх дотоод ертөнцөө танин мэдэх үйл ажиллагаанд хамрагдсанаар сэтгэл зүйн хувьд өөрийгөө бүрэн удирдан жолоодох чадвартай болохын зэрэгцээ харилцааны олон үнэт зүйлсийг эзэмшиж, нийгэмд нөлөөлөх чадвартай хүн болон төлөвшдөг.

Хүүхдийнхээ төрөлхийн авьяас чадварыг нээхийн ач холбогдол байдаг юу вэ? 

Хүүхэд бүрийн авьяасыг нээх гэдэг нь өнөөгийн боловсролын үндсэн зорилго шүү дээ. Гэвч энэ зорилгодоо хүрч ажиллаж чадахгүй харин бүр эсрэгээрээ авьяасыг нь булж орхидог тийм боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаад би маш их харамсдаг. Хүүхэд бүхэн өөр өөрийн гэсэн авьяасын өгөгдлийг гений мэдээллийн сандаа агуулж төрдгийг шинжлэх ухааны судалгаанууд баталсаар байна. Тэр дотоод нөөцүүдийг нээн илрүүлэх маш нарийн арга технологийг  боловсруулж практикт хэрэгжүүлж чадвал бид боловсролын системийг шинэчилж чадлаа гэж зоригтой хэлж болно. Түүнээс бусад нь бол шинэчлэл биш. Хуучнаа хойно урд нь оруулах, энд тэндээс үеэ өнгөрөөсөн хуучин гологдсон хөтөлбөрүүд авчирч нутагшуулахыг оролдох зэрэг бол бүр хэрэгцээгүй. Заах аргаа шинэчлэх, багш нарын цалин нэмэх, багш нарыг үнэ төлбөргүй сургах гэх мэт ч дараагийн асуудал.  

Хүүхэд өөрийгөө  ухаж танин мэдэхэд нь түлхэц өгч, дэмжлэг үзүүлэх нь шинэ үеийн боловсролын эрхэм дээд зорилго болсон гэж бид үздэг. 

Танай цэцэрлэг "Зүгээр л хайраар” гэсэн уриатай юм. Хайраар үйлчилнэ гэдэг талаар бид юуг ойлгох вэ?

Манай хөтөлбөр өөрөө хайрын онолд тулгуурласан. Хайр бол хүний амин мөн чанар бөгөөд асар ихийг бүтээгч хүч юм. Хөтөлбөр маань  хүүхэд бүхнийг өөрийгөө сэрээж,  өөрийн дотор байгаа бүтээгч хүчийг эрхшээхэд туслахыг зорилго болгодог учраас тэдэнтэй харилцаж буй бүх хүмүүс ямар нэгэн албадлага, шахалт, дарамт үзүүлэлгүйгээр зөвхөн хайрын мэдрэхүйгээр тэдэнтэй харьцаж үйлчлэх ёстой гэдгийг сануулсан уриа юм.

Хүүхэд 3 түвшиндээ тэнцвэртэй хөгжихөд чимээгүй нөлөөлдөг хайрын  орон зайг бүрдүүлж ажиллахыг бид үнэт зүйлээ болгодог. 

Хайр байсан цагт ямар ч хэцүү асуудал шийдэгддэг. Цэцэрлэгийн багшийн ажил бол дэлхий дээрх хамгийн хэцүү ажлын нэг. Тэр хэцүү ажлыг багш нар маань  гагцхүү хайраар үйлдэж байж л маш амархан аз жаргалтай ажил болгон хувиргах боломжтой. Өөрөөр бол боломжгүй. Хүний 10,20 хүүхэд битгий өөрийн нэг хүүхдийнхээ учрыг олж чадахгүй хэцүү санагдах үе бүх эцэг эхчүүдэд тохиолддог шүү дээ.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүүхдэд өгөх шим тэжээл маш чухал. Танай цэцэрлэг буфет хоолтой нь маш сонирхолтой юм? 

Хүүхдийн биологийн хөгжлийг дэмжих зорилгоор, хоол технологийн доктор профессор багшаар ахлуулсан манай шим тэжээлийн судалгааны баг, улирлын онцлогт тохируулсан хоолны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бидний хийсэн ажиглалт судалгаанаас харвал монгол хүүхдүүд ихэвчлэн гурил мах зонхилсон бор цайвар өнгийн хоол их идэж байна. Тиймээс бид хүүхдийн нүдэнд олон төрлийн ногоо жимс давамгайлсан хоолыг дасгаж, өөрийнхөө сонголтоор хооллох бололцоог нь бүрдүүлж, багаасаа хоолны зөв сонголт хийх чадвартай болоход нь туслах зорилгоор буфет хоолоор үйлчилж байна. Хүүхэд хүчээр өгсөн хоолыг идэх бус, өөрийнхөө сонголтоор авах ёстой шим тэжээлээ авч байна гэсэн үг. 

Бид цэцэрлэгийн таван удаагийн хоолоороо хүүхдийн өдөрт авах ёстой шим тэжээлийн 90-100 хувийг хангаж байна. Тэгэхээр хүүхэд гэртээ нэмэлт хоол идэх шаардлагагүй. 

Цэцэрлэгийн дотоод орчноо танилцуулаач? Их дулаахан, гэгээлэг орчинтой юм. 

Цэцэрлэгийн орчин хүүхдэд гайхширал төрүүлэхээс гадна тав тухтай, тайван амгалан байдлыг мэдрүүлэх гоо зүйтэй орчин байх ёстой. Хүүхэд нүдэндээ харж байгаа бүхнээсээ суралцдаг бөгөөд улам ихийг сурч мэдэх эрмэлзэл тэндээс үүсдэг. Хүүхэд уйдахгүйгээс гадна цаг хугацаа өөрчлөгдөж, улирал солигдож, чи ч гэсэн дотроо өөрчлөгдөн нүүж байгааг хүүхдэд чимээгүйгээр ойлгуулах орчин бол “чимээгүй багш” буюу “silent teacher” гэсэн үг. Хүүхдэд бүх зүйлийг хэлж номлож ойлгуулах боломжгүй.

Бүх цэцэрлэг танай хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл боломж нь байхгүй ч та эхний ээлжид бусад цэцэрлэгт зөвлөвөл юуг л хамгийн эхэнд анхаараасай гэж хүсдэг вэ? 

Шинэ үеийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байх санаачилгыг гаргаж буй хамт олны хувьд цэцэрлэгт ажиллаж буй хэн бүхэнд хүүхэд бүрийн онцлогийг мэдэрч хайрлах сэтгэлээр хандаасай гэж хүсмээр байна. Ялангуяа цэцэрлэгийн орчинд  “боль”, “бос” ,”суу" гэх мэтээр хориг тавих ёсгүй. Ингэж тушаал авсан хүүхэд айдастай, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, стресстэй болдог. Хүүхэд дураараа байж, хүсэж буй зүйлээ хийгээд, тоглоом нурааж тараах нь хэвийн үзэгдэл. Харин энэ үед багш зөв чиглүүлж, юм бусниулбал “Чи эндээс юу хайхыг хүссэн бэ?” гээд туслах хэрэгтэй. Эмх замбараагүй тоглоод дараа нь хамтдаа тоглоомоо хураах гэхчлэн зөвөөр үлгэрлэх хэрэгтэй.

Багш нар захирангуйгаар тушаал өгөгч биш хүүхдийн найз нь дотны туслагч байж тэдний оршихуйг хүндэтгэн, хайраар хүрээлж харьцаж байж хүүхэд нээгдэж хөгжих боломжтой. Хүүхдийн ертөнцийг ойлгож мэдэрдэг мэдрэмжтэй, зөөлөн дулаан гэрэлтэй багш нар олон болоосой. 

Мөн эцэг эхчүүд цэцэрлэгийн нөгөө талд бүү ороосой, зорилго үзэл санаагаа нэгтгэж алхам тутам хүүхдийнхээ төлөө хамтран ажиллаасай  гэж хүсэж байна. 

Фото сурвалжилга: Монголын анхны боловсролын консьерж цэцэрлэг "Хайрын хүрээлэл"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.