Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү 2021 онд зодог тайлаад Мичинокү дэвжээнд туслах оякатагаар ажиллаж байна. Түүний дэвжээний арслан Киришима өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн билээ. Какүрюү “Дэйли Шинчё” сэтгүүлд ярилцлага өгөхдөө 2023 оны хамгийн сүүлийн тэмцээн болох Кюүшюү башёг дүгнэн ярьжээ.
-Кюүшюүд озэки Киришима 13 давж, хоёр дахь түрүүгээ авлаа. Ирэх тэмцээнд ёкозүна цолны төлөө барилдах боллоо.
-Киришима озэки цолтой барилдсан анхны башё болох Нагояд хавирганы гэмтлээс болж эхний 3 өдөр барилдаагүй. Ингээд 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй тул их бухимдаж байсан. Шууд Намрын тэмцээнд кадобан болж байгаа юм. Маш их дарамт дунд барилдсан даа. Кюүшюү башёд сайн барилдахын тулд харин аравдугаар сарын тойргийн барилдаанд бэлтгэлээ маш сайн хангасан. Намрын тэмцээний тэр харуусал том туршлага болж өгсөн гэж би боддог.
-Мичинокү ояката дуу цөөнтэй хүн ч түүнийг түрүүлсний дараа “Миний ачыг хариуллаа” гээд ихэд баярлаж байсан.
-Озэки болоод Б.Лхагвасүрэн Кирибаяма нэрээ багшийнхаа Киришима нэрээр сольсон. Багшийнхаа нэрээр барилдаад түрүүлсэн болохоор ояката их баярласан нь мэдээж. Ирэх жил багш тэтгэвэртээ гарах гэж байгаа тул сайхан бэлэг болсон гэж бодож байна.
-Та Изүцү дэвжээнээс Мичинокү дэвжээнд шилжиж очоод банцүкэ ахиж өгөхгүй зогсонги байдалд ороод байсан тэр үеийн Кирибаямад зөвлөгөө өгдөг байсан гэсэн.
-Кирибаяма жин огт нэмэхгүй байсан болохоор би хоолны үеэр нэмж хоол идүүлдэг байлаа. Үүний ачаар бие хаа томорч, өөртөө итгэлтэй барилддаг болсон. Түүнээс биш би барилдааны талаар тодорхой зөвлөгөө өгч байгаагүй. Заавал хэн нэгнээр хэлүүлж байж, хийдэг байж болохгүй. Өөрөө мэдэрч, өөрөө даван туулдаг байх хэрэгтэй. Киришима ингэж чаддаг болж байгаа.
-21 настай залуу бөх Атамифүжи 2 башё дараалан түрүүлэх тун дөхлөө.
-Намрын тэмцээнд озэки Такакэйшёотой халз барилдаан хийгээд ялагдаж, Эзэн хааны цом авч чадаагүй нь түүнд том туршлага болсон. Сая 11 давж, дайчин барилдааны шагнал авлаа. Үнэнийг хэлэхэд би түүнийг Кюүшюүд тийм сайн барилдана гэж төсөөлөөгүй. Атамифүжи мөр, тохойндоо гэмтсэн, ер нь гэмтэл авахаар барилдаан их хийдэг бөх. Дахиж гэмтэхгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Ирээдүйтэй бөх гэгдэж байсан ч гэмтлээр зодог тайлсан олон бөхийг би мэднэ.
-Кюүшюүд 11 давсан Ичиямамото өнгөрсөн тэмцээнд жюүрёод байсан бөх шүү дээ.
-Намрын тэмцээнд жюүрёод түрүүлээд улам сайжирсан. Барилдаанч, итгэлтэйгээр урагш дайрдаг нь надад таалагддаг. Ичиямамото нуруу өндөр (188 см) ч хөл нь хэт урт, нарийхан байсан. Хүндийн төв доор байх нь давуу тал болдог сүмод урт хөлтэй байх нь сул тал. Гэхдээ өнгөрсөн тэмцээнээс хөл нь бүдүүрч, булчинлаг болжээ. Ингэснээр урагш түрэн довтлоход өрсөлдөгч нь ухрахаас өөр аргагүй болсон нь ийм олон давах гол шалтгаан нь.
-Сэкивакэ Котоновака мөн тусгай шагнал хүртсэн.
-Сандруу барилддаг байсан ч сүүлийн үед тайван, тогтвортой барилддаг болоод байгаа. Аав нь сэкивакэ, өвөө нь ёкозүна байсан тул бөхийн удамтай. Алдарт бөхчүүдийн хүүхэд ч даруухан, бэлтгэл их сайн хийдэг. Аав нь хүүгээ өөрийн хүрч чадаагүй озэки цолонд хүрнэ гэж их итгэл найдвар тавьдаг. Котоновака өөрөө ч арслан болохыг хүсэж байгаа. Намрын тэмцээнд 9, Кюүшюүд 11 давсан болохоор нэгдүгээр сарын тэмцээнд озэки болох боломж бий. Дүрэм ёсоор 13 давахад озэки болно. Миний бодлоор одоо озэкид хамгийн ойрхон бөх бол Котоновака. Дараагийн озэки гэж хэлэгддэг байсан Дайэйшёо ирэх жил 30 нас хүрэх болохоор хамгийн сүүлийн боломж гэж бодож барилдахгүй бол цол ахихад хэцүү.
-Тэднээс өөр онцлох бөх гэвэл?
-Түлхэн урагшлах ошизүмод гарамгай Гонояма, дээд зиндаанд анх барилдахдаа тусгай шагнал авсан Шёонанноүми хоёр сонирхол татдаг. Шёонанноүми 193 см өндөр, 185 кг жинтэй тул хав золгоод барилдаад сурчихвал улам сайжирна. Жюүрёод 12 давж, дээд зиндаанд дэвшиж магадгүй байгаа Оносато, түүнтэй хамт дунд, их сургуульд байсан Такахаши нарыг онцолж болно. 2024 онд залуу бөхчүүдийн өрсөлдөөн дээд зиндааг сонирхолтой болгоно гэж найдаж байна. Шинэ ёкозүна, шинэ озэки гарч ирээсэй.