"Хөвсгөл Эрчим" баг волейболын Дээд лигт хоёр жил дараалан түрүүлсэн шилдэг амжилтын эздээр тодроод байгаа билээ. Волейболын лиг сэргэснээс хойш Хосооноо, Хонгороо гэсэн хослол дөрвөн улирал дараалан финалдаж, хоёр дахь удаагаа түрүүлсэн нь энэ. Бид энэ удаа "Хөвсгөл Эрчим" багийн гол тоглогчдын нэг Г.Хонгорзулын талаарх сонирхолтой баримтуудыг онцолж байна.
#1 Тамирчны гараа
Г.Хонгорзул 14 настайдаа волейболын тамирчин болохоор шийдэж Улаанбаатар хотод анх ирсэн. Ингээд “Энагурэ” багт нэгдэж Б.Хэрлэн, Чон Ён Ха багш нараасаа волейболын техникийг суралцсан ажээ. Харин 2017 онд түүний "Энагурэ"-тэй байгуулсан гэрээний хугацаа дууссанаар "Хобби Эйс" рүү явсан. Гэхдээ “Энагурэ” багт өнгөрүүлсэн хугацаандаа “Холбооны цом”-ын тэмцээнд түрүүлж, Залуучуудын Улсын АШТ-д гурван удаа аваргалсан билээ.
#2 "Хобби Эйс" дэх дараалсан ялагдал
Хонгороо “Хобби Эйс”-ийн өмнөөс Үндэсний Дээд лигт анхлан тоглож байв. Улмаар тэдний бүрэлдэхүүнд байх хугацаандаа “Тэнүүн Огоо кап”-д түрүүлж, Дээд лигийн тэмцээнээс хоёр удаа мөнгөн медаль хүртсэн. “Хобби Эйс” баг 2021 оны Дээд лигийн тэмцээнд онцгой амжилт гарган, 17 тоглолтод дараалан хожсон юм. Өөрөөр хэлбэл, тэд лигийн эхнээс финал хүртэлх бүх тоглолтууддаа дараалан ялсан билээ.
Гэвч финалын цувралд "Хилчин" баг тэдний ялгуусан амжилтыг зогсоож, аваргын цомыг өргөж байв. Харин Г.Хонгорзул тухайн жил “Үндэсний Дээд лиг”-ийн тэмцээний “Шилдэг довтлогч”-оор шалгарсан юм. Тэрхүү улирлыг дуусгаад Хосооноо, Хонгороо гэсэн хослол шинэ аялалд зэхсэн нь "Хөвсгөл Эрчим"-д нэгдсэн шилжилт байлаа.
#3 Хосооноо, Хонгороогийн хамтрал
Эл холбоо үг хожим Монголын волейболын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нь лавтай биз ээ. Хосооноо, Хонгороо гэсэн хослол бол магадгүй Үндэсний Дээд лигт хамгийн удаан хугацаагаар тогтвортой амжилтаа барьж байгаа, шилдэг хамтрал юм. Сайн найзууд бие биетэйгээ хэрхэн ойлголцдог билээ, талбайд ч тэдний эл нөхөрлөл сайн холболт, төгс довтолгоог өрнүүлдэг.

#4 Оргил амжилт
Хонгороо, Хосооноо нар "Хөвсгөл Эрчим" багт нэгдсэнээр Үндэсний Дээд лигийн тэмцээнд хоёр жил оролцохдоо хоёуланд нь түрүүллээ. Өдгөө тэдний карьерийн хамгийн оргил амжилттай он жилүүд үргэлжилж байгаа билээ.
#5 Шийдвэрлэх асуулт
Тэрбээр волейболын тамирчин болохоор эрслэн шийдэж Улаанбаатар хотыг зорих үедээ 14 настай байсан. Тэгэхээр шийдвэр гаргах эрх түүнд байгаагүй гэсэн үг. Харин аав нь Хонгороогоос шийдвэрлэх асуултыг асуусан гэдэг.
“Чи волейболоор тууштай хичээллэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна уу” гэж аавыг асуухад нь юу ч бодолгүйгээр “Хүсэж байна” гэж хариулсан. Тэр явдлаас хоёр, гурав хоногийн дараа намайг хотод хүргэж ирсэн. Тухайн үед би сайн тоглогч байгаагүй. Арайчүү бөмбөгөө тор давуулдаг, доороос ч зөв авч чаддаггүй л хүүхэд байсан. Хөдөө суманд гадаа “төмс”-дөж тоглодог хүүхдүүд байдаг даа. Би тийм л хүүхэд байлаа. Яагаад сонгогдсон бэ гэхээр 14 настай хэрнээ 175 см өндөртэй учир цаашид өндөр болох магадлалтай юм байна гэж үзсэн хэрэг л дээ. Тухайн үед “Энагурэ” клубт 20-иод хүүхэд сонгогдон ирж байснаас би хамгийн муу тоглодог нь байлаа. Бусад нь өөр дасгал хийж байхад би ганцаархнаа доороос хэрхэн авахаа давтаад зогсож байдаг байв. Тийм учраас аав ээж маань намайг сайн тамирчин болгохоор хот руу явуулаагүй. Харин өөрөө хүсэж байгаа учир дэмжье гэж л ээж аав маань надад зөвшөөрсөн".
#6 Гэрээ санаад залгахад
"Өнгөрсөн хугацаанд надад шантрах тохиолдол өчнөөн байсан. Шантрахаараа аав, ээж рүүгээ залгаад “Би гэрээ санаад байна, харьмаар байна” гэж хэлэхээр “За, маргааш очоод авья” гэдэг байсан. Харин маргааш нь залгахаар “Би явахаа больчихсон” гэнэ. Ийм хоёр, гурван удаагийн тохиолдол бий".

#7 Гэр бүл
Түүний нөхөр Ц.Мөнгөншагай Үндэсний бөхийн сумын заан цолтой. Бас хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “Хоромхон” клубт тоглож байсан.
"Нөхөр маань “Энэ хүнийг зорилготой, карьертай байхад нь гэрлэсэн учир тэр хүсэл зорилго, тэмүүллийг нь унтрааж болохгүй, харин ч дэмжих ёстой” гэж боддог байх. Надад тэгж мэдрэгддэг юм. Бид анх есдүгээр ангидаа танилцаж байсан. Сайн карьерийн ард сайн хань байдаг".
#8 Олон улсад мөрөө гаргасан нь
Хонгороо 2015 онд зохиогдсон Азийн АШТ болон 2016 онд зохиогдсон Зүүн Азийн АШТ-д Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглосон. Мөн өнгөрсөн жил Челленж кап болон клубуудын Азийн АШТ-д эх орныхоо өмнөөс тоглож байв.
Та бүхэн түүнтэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарж, ярилцлагыг нь уншина уу.
