Өнгөрөгч 3 сарын 1-нд нээлтээ хийсэн "Dune: Part II" яг одоо дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Нийт 2 цаг 46 минут үргэлжлэх тус бүтээл үзэгчдийн зүгээс 95 хувийн үнэлгээ, мэргэжлийн шүүмжлэгчдээс 93 хувийн үнэлгээ аваад байна.

Дэлхийн алдарт Rotten Tomatoes сайт дээр гарсан шүүмжүүдээс онцлох хэсгүүдийг танд орчуулан хүргэж байна.
Кино шүүмжлэгчдийн зүгээс юу гэв?
Dune киноны хоёрдугаар хэсэг бол эрүү мултарч унам тийм л гайхалтай аялал байлаа. Хамгийн шилдэг тусгай эффектүүд болоод хараа булаам зураглал хоёр тун тансаг хослуулжээ. Нэгдүгээр анги дээрх үйл явдлыг яс гэж үзвэл энэ бүтээл мах цус, булчин, арьс болж биежүүлж чаджээ.
-Венди Иде, Observer UK
Сүүлийн үед кинонууд урт л болно уу гэхээс өөр онцын зүйлгүй болоод байсан. Харин 166 минут үргэлжлэх кино тэр чигтээ бүрэн дүүрэн, бүх минут нь үнэ цэнтэй, зөв санагдана гэдэг боломжгүй мэт санагдана.
-Адам Муллин-Катиб, Chicago Reader
Энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй бүтээл. Харахад бол сайхан ч хоосон жүжиглэлттэй, гайхалтай жүжигчдэд өгсөн гэхэд дутуу зохиолтой болсон нь харамсалтай.
-Стивен Ромей, The Australian
Оскарын түвшний зураглал, эвлүүлэг, хөгжим, тусгай эффект, продакшн дизайн болон дууны найруулга бүхэлдээ Дени Вильнёвын Dune: Part II-ийг чимжээ. Эргэлт, хэсэг болгон дээр энд ямар галзуу түүхийг өгүүлээд байна вэ гэдгийг бид бүхий л биеэрээ мэдэрч байв.
-Ричард Роэпер, Chicago Sun-Times

Зүгээр л нэг тайз засал, тоглоомын талбай биш, энэ бол сүм дуган юм. Ёслол төгөлдөр, ухаалаг, үзэсгэлэнтэй бас хориотой. Грейг Фразерын зураглал, Ханс Циммерийн хөгжим хоёр гайхамшгаар дүүрэн юм.
-Кайл Смит, Wall Street Journal
Нэг дор маш их гайхширч бас маш ихээр уйдах нь үнэхээр боломжтой зүйл гэж хэн мэдэх билээ дээ?
-А.А. Доуд, Digital Trends
Энэ ангийн сүүлийн хагас бүхэлдээ сүр жавхлантай, чамин бас сэтгэл хөдлөлийн бодит мэдрэмжийг өгсөн Зендаягийнх байлаа. Эхний анги Тимотигийнх байсан. Харин энэ ангид гарцаагүй Зендая гялалзаж, бас бидэнд замчилж байв.
-Алисон Уиллмор, New York Magazine, Vulture
Вильнёвын энэ бүтээл эхний Dune-ээс ч илүү өргөн цар хүрээг хамарчээ. Гэхдээ илүү их гашуудлын уур амьсгалтай бөгөөд энэ нь ч бусад блокбастер кинонуудаас ялгарах онцлог нь болж өгдөг юм.
-Дэвид Симс, The Atlantic
Вильнёв "Avatar" бүтээл дээрх байгалийн нөөц баялгаас үүдэн хэрхэн хагарал явагддаг тухай санааг маш муу, хамгийн тэнэг байдлаар хуулан авч, дээр нь Инстаграмын улбар шар филтер нэмээд, хүчтэй ая дэвсэж өгчээ.
-Кэвин Маэр, Times (UK)

Линчийн маш их хор хөнөөлтэй, зөрүүд дүрслэлд дурладаг бидний талын хүмүүс Вильнёвын бүтээлээс юу дутагдаж байгааг маш сайн мэдрэх болно. Уран сэтгэмжийн нягт байдал, аюул заналхийлэл, амьд амьдралаар дүүрэн гараг дээрх тэр бүдүүлэг, буцалсан уур амьсгал...
-Жастин Чан, New Yorker
Dune Part I-ээс илүү том, илүү зоригтой, бас мэдээж илүү сайн болжээ. Найруулагч Дени үнэхээр бүхнээ зориулж, өөрийгөө маш сайн шахаж гүйцэтгэсэн нь мэдрэгдэж байна.
-Дэвид Фир, Rolling Stone
Хоёрдугаар хэсэг үнэхээр сүр жавхлантай, орчин үеийн кино урлагийн шилдэг гэх шинж чанаруудыг өөртөө шингээжээ. Анхны киноноос хойших амлалтаа биелүүлж, тэнгэрт тулсан хүлээлтийнхээ түвшинд очиж чадлаа.
-Брайн Ловри, CNN

"Verified" үзэгчдийн зүгээс юу гэв?
Би энэ бүтээлийг хоёр удаа үзэхдээ хоёуланд нь уйлсаар хоцров. Би сүүлийн 10 жил киноноос ийм их сэтгэл хөдлөлийг мэдэрсэн удаагүй. Зохиол, жүжиглэлт, зураг авалт, хөгжим гээд бүхэлдээ төгс бүтээл.
-Мичелл
Киног үнэхээр сайн найруулжээ. Киноны бүхий л баг маш сайн ажиллаж чадсан байна. Тимоти Шаламе болон Зендая хоёрын жүжиглэлт, туслах дүрүүд үнэхээр гайхалтай байлаа. Тимоти, Зендая хоёрыг өөрсдийн бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшинэ хэмээн найдаж байна. Мөн энэ кинонд хүртэх ёстой бүх шагналыг нь өгнө хэмээн найдаж байна.
-Девин Пиппс

Номыг үнэхээр гайхалтайгаар кино болгон хувиргажээ. Сайн жүжиглэлт, цаг өнгөрөх тусам улам бүр хүчирхэг болж буй дүрүүд, хараа булаам цөлийн зураглал, тулааны чадварлаг хэсгүүд, хүч эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө тоглож буй тоглоом болоод төлөвлөгөө доторх төлөвлөгөөг харуулж буй байдал зэрэг нь гайхмаар. Dune: Part 3-ийг хүлээж тэсэхгүй нь!
-Би Лоу
Ирээдүйд классик бүтээлд тооцогдох эсэхийг хэлж мэдэхгүй ч суугаад үзэхэд дурлахгүй байхын аргагүй. Энэ кино хэдэн жилийн өмнөөс л гарч, зүрхэнд үлдсэн байсан кинонуудын нэг шиг нөлөөлсөн. Гэхдээ номыг нь уншиж байсны хувьд, хэд хэдэн түлхүүр санаануудыг орхисон санагдлаа. Гэхдээ энэ бол зохиолчоо хүндэлж буй гайхалтай бүтээл байна. Дараагийн үзэх өдрөө тэсэн ядан хүлээж байна. Тимоти Шаламегийн шилдэг дүр болжээ.
-Эл Чапмэн
2 цаг 46 минут дэндүү богино санагдлаа
-Лэй
