АНУ-д өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаагийн улмаас америкчууд зардлаа танах аргуудыг эрэлхийлж эхлээд байна.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээллээр америкчууд 2022 онд татварын дараах орлогынхоо 1.3 хувийг хоол хүнсэндээ зарцуулж байжээ. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд (2023 оны нэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл) ресторанд хооллох зардал даруй 5.1 хувиар, хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.2 хувиар тус тус өсжээ.
Үхрийн мах, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөний улмаас ресторанууд үнээ нэмж, хоолны порцоо багасгахад хүрээд байгаа аж. Түүнчлэн 'WK Kellogg'-ийн гүйцэтгэх захирал Гари Пилник, 'PepsiCo'-ийн гүйцэтгэх захирал Рамон Лагуарта нар дундаж давхаргын иргэдийг оройн хоолондоо овьёосны будаа (cereal) идэхийг уриалсан нь шуугиан тарьсан билээ.

Нэгэнт үнийн өсөлт цаашид үргэлжлэх нь тодорхой байгаа тул америкчууд нөхцөл байдлыг даван туулах өөр өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тухайлбал, Уол Стрийт Жорналын саяхны нийтлэлд хүмүүс хэрхэн үнийн өсөлттэй тэмцэж байгаагаа хуваалцжээ.
Зарим хүмүүс гадуур хооллохгүй байх хатуу бодлого баримталж байгаа бол нөгөө хэсэг нь хүнсний купон цуглуулах, урт хугацаанд хадгалж болох хүнсээ бөөнөөр нь авч байна гэжээ.
Хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Бернард Бротман хүнсний ногоогоо өөрсдөө тариалдаг болсон тухай Уол Стрийт Жорналд ярьжээ.Тэрбээр 200 орчим доллараар бордоо, үр худалдан авч байцаа, лууван, хулуу, улаан лооль тариалсныхаа ачаар хүнсний зардлаа ихээхэн хэмнэж чаджээ.

Тэгвэл Хьюстонд амьдардаг Нэнси Рэндаллын гэр бүл ан агнуурт найдаж болсон гэнэ. Тэднийх ам бүл зургуулаа бөгөөд буга, загас агнаж махныхаа хэрэгцээг хангаж байгаа аж. Тэднийх жилд ойролцоогоор найман буга агнадаг бөгөөд махыг нь татаж хөлдөөдөг гэжээ.
Эх сурвалж: Business Insider