Оскарын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочдын дунд Израиль, Хамасын хооронд гал зогсоохыг уриалан улаан тэмдэг зүүсэн алдартан олон байв. Билли Эйлиш, найруулагч Ава ДуВернай, "Poor Things" киноны жүжигчин Марк Руффало, Рэми Юсеф тэргүүтэй хүмүүс энэхүү тэмдгийг зүүжээ.
Жүжигчин, комедиан Рэми Юсеф “Бид Газад нэн даруй бүрмөсөн гал зогсоохыг уриалж байна. Үүнд татагдан оролцож буй бүх хүмүүсийг аюулгүй байгаасай гэж хүсэж байна. Мөн Палестины ард түмэнд шударга ёс, энх тайвныг аврахыг хүсэж байна. Хүүхдүүдийн амийг хөнөөхөө зогсооё" хэмээн ярьжээ.
Энтертайнмент салбарын уран бүтээлчид нэгдсэн Artists4Ceasefire санаачилгыг эхлүүлж, гал зогсоохыг уриалсан нээлттэй захидлыг Ерөнхийлөгч Жо Байденд хүргүүлээд байна. Улаан хивсний ёслолд ирсэн алдартнуудын зүүсэн улаан тэмдэг ч мөн энэ санаачилгын нэг хэсэг аж.
Эрх чөлөө, шударга ёс, нэр төр, энх тайвны төлөө зогсож, цаашид улам их цус асгарахаас сэргийлэн гал зогсоохыг уриалсан энэхүү захидалд Марк Руффало, Кристен Стюарт, Махершала Али, Женнифер Лопез, Ава ДуВернай тэргүүтэй алдартнууд гарын үсэг зуржээ.
Холбоотой мэдээлэл: Газын зурваст 10 дугаар сараас хойш 30,000 хүн амь үрэгджээ
Эх сурвалж: The Guardian