Үндэсний Дээд лигийн финалд өрсөлдөж буй "Хасын Хүлэгүүд" багийн авьяаслаг тоглогч Алтангэрэлийн Азбаярын тухай сонирхолтой ДОЛООН баримтыг хуваалцаж байна. А.Азбаяр нь өнөө жил 19 нас хүрч байгаа хэдий ч сагсан бөмбөг болон таеквондогийн Үндэсний шигшээ багт дуудагдан олон улсад мөрөө гаргасан өндөр амжилтад хүрээд байгаа юм. Хамгийн чухал нь түүнийг Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн гол төлөөлөгчдийн нэгээр онцлох болсон билээ.
#1. Таеквондогийн авьяастан
А.Азбаяр сагсан бөмбөг тоглохын сацуу 2016 оноос таеквондогоор хичээллэж, Үндэсний шигшээ багт дуудагдан олон улсын өндөр түвшний амжилтыг гаргасан.
Тэрбээр таеквондогийн спортоор залуучуудын Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн агаад 2022 онд Насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр дэлхийн аварга, жингийнхээ шилдэг Симона Алессог ялж дуулиан дэгдээгээд амжсан юм. А.Азбаяр тухайн ДАШТ-ий V байрт шалгарсан. Харин дотоодын амжилтаас нь дурдвал, бүх ард түмний спортын наадмаас алтан медаль зүүсэн төдийгүй Залуучуудын ангилалд Монгол Улсын аваргаар тодорч байсан.

#2.
А.Азбаяр 2005 онд Улаанбаатар хотноо төрж, өссөн. Хоёр эгчтэй.
#3 Эргэлтийн цэг

Сагсан бөмбөг, таеквондог зэрэгцүүлэн хичээллэж, мөн хажуугаар нь хичээлдээ шамдан гэдэг амаргүй. Тиймээс А.Азбаяр аргагүй аль нэгийг нь сонгоход хүрч, өөрийгөө илүү дуртайд нь соръё гэж шийдээд сагсан бөмбөгөөр дагнан тоглох болсон ажээ.
#4 "Хасын Хүлэгүүд"-д нэгдсэн нь
Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигт 20 дахь улиралдаа өрсөлдөж буй "Хасын Хүлэгүүд" баг 2023 оны есдүгээр сард Зүүн Азийн залуучуудын наадмын алтан медальт, Оюутны шигшээ болон 3Х3 төрлөөрх 18 хүртэлх насны Үндэсний шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяртай зургаан жилийн гэрээг үзэглэснээ зарласан билээ. Энэ мөчөөс түүний хувьд, Дээд лиг дэх өндөр түвшний тоглолтуудад оролцох болж, илүү олон хүний анхаарлын төвд ороод байгаа юм.
#5 Төлөвшил

Түүнийг сагсан бөмбөгийн талбай дээрх хамгийн төлөвшсөн хөвгүүдийн нэгт нэрлэх хүн цөөнгүй. Харин өөрөө энэ тухайд "Аав маань цагдаа болохоор гэр бүлийн хатуу хүмүүжилд өссөн" гэж дурдсан байдаг.
#6 Үндэсний шигшээ багийн хамгийн залуу нь

Тэрбээр "Ханжоу 2022" Азийн наадмын үеэр сагсан бөмбөгийн 5х5 Үндэсний шигшээ багт дуудагдаж эл тэмцээнд тоглосон. Шигшээ багийн бүрэлдэхүүн насны хувьд харьцангуй залуу байсан ч тэдгээрээс хамгийн бага нь А.Азбаяр нэрлэгдсэн юм. Гэхдээ биеийн өндрөөрөө бол дээгүүрт эрэмблэгдэж байлаа. Харамсалтай нь, Монголын шигшээ баг эл тэмцээнийг хэсгийн шатаар өндөрлүүлсэн билээ.
Харин А.Азбаяр 2022 онд 3х3-ийн 17 хүртэлх насны Азийн АШТ-ээс хүрэл медаль авч, эх орондоо явагдсан Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 төрөлд түрүүлснээр Үндэсний шигшээ багт анхны амжилтуудаа дархалсан юм.
#7 Гэрэлт ирээдүй

Түүнийг үзэгчид хэдийн Монголын сагсан бөмбөгийн ирээдүй хэмээн үнэлээд эхэлжээ. Энэ нь одоохондоо таамаг төдий ч түүний авьяас чадвар өдрөөс өдөрт харагдталаа өсөж буй юм. Олны эргэлзээ ч төдий хэрээр тайлагдаж байна.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж үзээрэй.