Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Монголын уран зохиолд эр хүний хэв шинжийг ончтой илэрхийлсэн ДҮРҮҮД


"Лодойдамба гуай шиг л бичдэг болчихвол ч. Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр гэхэд хүний сэтгэлд яв цав бууж байдаг даа. Дүрийг амилуулдаг ийм эд эс нь дутаад байх юм" гэж зохиолч Д.Норов ярьсан байдаг. Харин Ч.Лодойдамба гуай "Аль нэг улс үндэстний зан заншил, ахуй байдал нь өвөрмөц боловч жирийн хүнд тохиолдох амьдралын баяр баясгалан, гуниг нь хаанахын ч жирийн хүнийхтэй адилхан байдаг. "Тунгалаг тамир"-ын баатрууд ийм л санаагаар бүтсэн, энэ хүмүүс хүнтэй л адил жаргаж зовсон, хүсэж эрмэлзсэн хүмүүс юм гэдгийг харуулсан" хэмээжээ.

Бид дараах хүмүүсийн хувьд "Монголын уран зохиолд эр хүний хэв шинжийг ончтой илэрхийлсэн дүрүүд"-ийг онцолж байна. 


Б.Наминчимэд |Зохиолч|

Монголчуудыг бусад үндэстнээс, ялангуяа хятад, солонгос зэрэг Азийн үндэстнүүдээс тод ялгаж, бидний Монгол хэмээх давтагдашгүй мөн чанарыг тодорхойлж байдаг ямар нэгэн өвөрмөц зан чанар, давуу болон сул талууд бидэнд хангалттай байдаг. Ёстой л зөвхөн монгол хүн л ингэнэ дээ гэмээр тийм сонин хэв шинж. 

Монголын уран зохиолын үе бүхэнд энэ хэв шинжийг тодорхойлох гэсэн хичээл зүтгэл янз бүрийн түвшинд анзаарагддаг. Өнөө нэлээн бүдгэрсэн, гэвч юутай ч тасарчихаагүй байгаа гэж найдаж байгаа. 

Тэдгээр оролдлогууд дотроос монгол эр хүний нэлээн олон сайн сайхан шинжийг цуглуулсан дүр бол яах аргагүй Цахиур Төмөр л дөө. За ямар ямар шинжүүд байна вэ гэхээр, 

  1. Ямаа шиг яль шалихгүй юманд годгоноод, хөөрөөд, онгироод, эсвэл орилоод, гутраад, уйлаад цорволзоод байдаггүй, уужуухан дотортой, дөлгөөн. Өөрийг нь Түгжил хутгалчихаад гүйж явахад араас нь “Хэдэн адсаганаас болж.... хүн алах нь үү дээ” гэсхийгээд. Төмөр өөрөө бол хэдэн адсага байтугайд нь хүний аминд хүрэхгүй нь. Нэлээн ноцтой шалтгаан үүнд хэрэгтэй байх нь. Энэ үгээр нь өөрийнх нь мөн чанар давхар харагдана. Энэ “Адсага” гэж байгаа нь хүртэл үнэлэмж. Уг нь тэдгээр морьд бол замын уртыг туулаад хөөгдөөд ирсэн шилдэг сайхан морьд шүү дээ. 
  2. Айхтар хэрсүү, ажигч юм шиг атлаа хүнд муу санаж чаддаггүй, өршөөчихдөг, тиймээс итгэмтгий гэнэн ч юм шиг. Түүнээсээ ч болж Төмөр алагдсан. 
  3. Самбаатай, хурдан хурц сэтгэж чаддаг. Энэ самбаа гэдэг нь зөвхөн үйл хөдөлгөөн, тэмцэл тулаанд төдийгүй тулсан хурц асуудалд хурдан бөгөөд гарцаагүй гарц олж чаддаг чанар юм. Жасын агуулга ухчихаад, баригдах болсон Хонгор арга барагдахдаа Төмөрийг зорьж ирдэг. Уяан дээр ухасхийгээд золгонгуутаа “Ахаа намайг авраарай” л гэж хэлнэ. Ямар учир, юуны учир гэдэг талаар огт мэдээлэл өгч амжаагүй. Гэтэл тэрхэн зуурт Төмөр ямар уран хурцаар асуудлыг бүрэн эргүүлж чадаж байна вэ? Энэ самбаа сүйхээ. Монголчууд самбаа сүйхээтэй хүнийг ихэд үнэлдэг байв. Гэхдээ самбаа сүйхээг сайн үйлд л зориулбал сайхан биш муу явдалд заль мэх болдог. 
  4. Бахдал бишрэл ихтэй, Цахиур Төмөрийн Хатанбаатартай харьцаж буй харьцаанд энэ тод харагдана. 
  5. Эмэгтэй хүнийг ойлгож, хайрлаж чаддаг нь Дулмааг хайрлаж байгаагаас харагдана. 
  6. Мөн эр зоригтой, бяр чадалтай, гүндүүгүй гээд олон сайхан шинжүүдийг Цахиур Төмөрөөс харж болно. 

Манай уран зохиолд мөн өвөрмөц содон ертөнцтэй эр хүнийг дүрсэлсэн зохиолууд цөөнгүй. Тухайлбал Д.Норов зохиолчийн “Тэжээвэр” туужийн Гөлгөө байна. Бараг гүн ухааны дүр гэхээр. Мөн сэхээтэнлэг, гэгээлэг дүр ч бий. 


Х.Нямхишиг |Зохиолч, орчуулагч|

Манай уран зохиол дахь хамгийн нийтлэг эрэгтэй дүр гэвэл гүндүүгүй, ухаалаг, “хал үзэж, халуун чулуу долоосон”, нэг тийм монгол өвгөний дүр шүү дээ. Нэр нөлөө бүхий хүүрнэл зохиолчдын маань бүтээлд, бараг бүгдэд нь тийм дүр бий. Хоорондоо нэн төстэй энэ олон өвгөний дүрээс би Зүмпэрэлийн Гүнсэн гэдэг зохиолчийн “Намрын шөнө” хэмээх өгүүллэгийн нэгэн дүрийг онцолмоор байна. Тэр дүрийг тодотгох гэж элдэв ухаалаг диалоги, дүрслэл хийгээгүй нь, олон таван үг, ааш аяггүй өвгөний зүгээр л оршиж байгаа нь, үг яриагаараа биш, энгийн юм шиг чимээгүй ганц үйлдлээр өөрийгөө бүрэн илэрхийлчихэж байгаа нь гоё санагддаг юм. 1970-аад онд бичигдсэн өгүүллэг байх. Зохиолын баатрын сайн, муу талыг маш тод гаргаж өгдөг байсан тухайн цаг үед уншиж эхлэхэд сөрөг талын дүр гэх сэтгэгдэл төрүүлж байгаад төгсгөлд нь эерэг болгочихдог арга барилыг хэрэглэсэн байдаг юм. З.Гүнсэн хэмээх энэ зохиолчийн тухай одоо төдийлөн ярихгүй, бичихгүй, мэдэхгүй байна л даа. “Зулай цагаан Алтай” хэмээх алдарт дууны үгийг бичсэн, өгүүллэг болоод жүжгийн сайн зохиолч байсан юм. 

Хоёрдугаарт, Сабахаттин Алигаас хоёр дүр нэрлэе. Манайханд хэдийнээ танил болсон энэ зохиолчийн “Тээрэм” өгүүллэгийн Атмажа хэмээх цыган эрийн дүр. Хайр сэтгэлийнхээ төлөө амиа золихоос ч буцахгүй, зүрхээ өгөх гэдгийг шууд утгаар нь; зүрх гэдэг тэр махыг цээжнээсээ суга татаж гаргаад, дурлалт бүсгүйнхээ өмнө чулуудах гэдгээр ойлгож явдаг жинхэнэ “галзуу” дүр байгаа юм. Мөн Сабахаттин Алигийн “Цийдэм” хэмээх өгүүллэгийн нэгэн бяцхан хүүгийн дүр. Өлсгөлөнд нэрвэгдэж, тураалд орсон жаахан дүүгээ тэжээхийн тулд ганц ямаагаа сааж, цийдэм исгэж, түүнийгээ тосгоноос алс байх галт тэрэгний өртөө рүү аваачиж зардаг, тэр нь санасны зоргоор зарагддаггүй.., цийдэмтэй хүнд сав, шавар шавхайтай урт зам, хүмүүсийн дээрэнгүй муухай зан ааш, зам зуурын цасан шуурга, шөнийн харанхуй, чонын улиан, айдас... Өөрөөс нь ахадсан амьдралын төлөөх тэмцэл. Үнэхээр “гашуун” дүр л дээ. Сабахаттин Алигийн шилмэл өгүүллэгийн түүврийг би орчуулсан юм. Энэ хавартаа уншигчдад хүргэнэ ээ.    


У.Бямбаням |Судлаач|

Зохиолч Пүрэвжавын Баярсайхан “Хөх туурийн тал” өгүүллэг

“... Лувсан дайнаас эргэж иржээ. Ирсэн хэдий ч Дэлгэрмаатай ханилж чадсангүй”

-Яагаад ханилж чадаагүй юм бол?

-Тэр бэртэнгэтэй буцаж иржээ. 

Тэгээд л насан туршдаа хайртай хүнийхээ бараа харагдах Хөх туурийн талынхаа баруун талд нэг гарч, зүүн талд нэг гарч амьдралаа туулжээ. Лувсан өвгөний хайр шиг ийм хайр орчлон дээр хэр олон бол. Тохиолоо гэхэд ийм нинж сэтгэлээр хайрлаж, ийм харгисаар өөрийгөө зориулж чадах нь хэдий хэр бол? 

Эр хүнийх нь хувьд үхсэнээс ялгаагүй болгосон бэртэнгийнхээ тухай эхнэртээ хэлж чадалгүй мордсон тэр өдрөөс хойш Лувсан өдийг хүртэл Дэлгэрмааг урьдынхаараа хайрлажээ. Дэлгэрмаа ч үлдсэн ганц үрээрээ элгээ дэвтээж, хэдэн жил элий балай яваад Дамбийтай толгой холбов. Одоо олон үр хүүхэдтэй, ач зээтэй болжээ. Үр хүүхдүүдийг нь Лувсан өөрийнх юм шиг бодно. Ийм л хувь тавилан тохиожээ.

Бүхнийг дотогш залгиж тэвчсэн Лувсангийн сэтгэлийг ойлгох нь эр хүнийг, бас хүнийг ойлгож болох нэг арга юм шиг санагддаг. Сэтгэл гэдэг эр эм хүйсээс үл хамаарах ч монгол эрэгтэй хүний дотоод сэтгэлийг гаргууд бүтээсэн зохиол гэвэл энэ жижигхэн өгүүллэг юм даа. 

Тиймээс (миний хувьд) эр хүн бол Хөх туурийн талаар шогшуулж яваа Лувсан өвгөн юм. Лувсангийн сэтгэл тэнгэрийн солир харваж унадаг Хөх туурийн талаасаа уужим билээ. 


А.Даваасүрэн |Хүүхдийн номын зохиогч|

Өнгөрсөн цаг үед эрэгтэй хүний үлгэр дуурайлал болгож, эр хүний дүр байдлыг цогцлоож байсан хэв шинжит дүрүүдийн нэг нь Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” туужийн Дорж гэж боддог. Өдгөө ч ил далд ямар нэг байдлаар эрэгтэй хүнийг энэ Дорж шиг шулуун шударга, өр зөөлөн, ханилсан хань үр хүүхдэдээ үнэнч байгаасай гэж нийтээрээ хүсэмжилж байгаа нь мэдрэгддэг. 

Өнгөцхөн харвал зохиолын төгсгөлд “Энэ үед Дорж гуайг харахад их үер юм уу салхинд хэсэг мөчрөө хугалуулсан боловч ялж гараад навчаа дэлгэн байгаа бүдүүн улиас шиг байв" гэж бичсэнчлэн үхэл хагацал, гүтгэлэг гээд зовлон бэрхшээлийг давж туулж гарснаараа Дорж эр хүн шиг эр хүний хэв шинжит дүр болоод байгаа мэт боловч үнэндээ зохиол эхлэхэд Должинг эхнэрээ болгохоор хүний морь, буу сэлмээр гангарч сагсалзаж очингуутаа өөрийн байдлыг хэрхэн ухаарч өөрийгөө зэмлэж байгаа, Чулуун Дулмаад сэтгэлтэй хэр нь ээ “Энэ зэргийн ятууг гуйж авдаг эр би биш” гэхэд нь яаж хандаж юу гэж хэлж буй, зовлонд сөхөрч архи хэтрүүлэн уугаад эрүүлжүүлэхэд нэг хоноод гарахдаа хүртэл “Би яаж байна вэ?” хэмээн өөрөө өөрийгөө татан босгож буй зэрэг үг үйлдэл, хандлага, уужуу ухаанаараа хэзээ ч хугарахгүй ноён нуруутай эр хүний хэв шинжит дүр болж буй мэт санагддаг. Үүний яг эсрэг дүр бол хөнгөн хуумгай явдалтай, биеийн амар хялбарыг эрж хайсан, зальтай, эр хүн гэж өөрийгөө өргөмжилж эмэгтэй хүнийг дорд үздэг Чулуун юм. Амьдрал дээр Дорж шиг эрчүүд ч бий, Чулуун шиг эрчүүд ч бий. 


Ш.Бадамрагчаа |Зохиолч|

Наймдугаар ангидаа зохиолч П.Пүрэвсүрэнгийн “Их тээлийн даваа” нэртэй гайхамшигтай туужийг уншсан юм. Тухайн үед сумын сургуулийн номын санд сонин содон, уншууртай ном тийм ч их байсангүй. Харин тэр бяцхан хэмжээтэй номыг нэг амьсгаан дор уншсан сан. Монгол зохиолуудын эрэгтэй дүрүүдээс “Их тээлийн даваа” туужийн Тулгын дүр хамгийн түрүүнд санаанд бууж байна. Сэтгэлд харагдтал чамбай дүрсэлсэн дүр. Цайлган, цагаан, байж боломгүй гэгээн дүр. Бас монгол хүний мартагдсан нандин чанарыг авч үлдсэн “түүхэн” дүр. Тулга шиг монгол хүн одоо байдаг гэвэл би барагтайд л итгэхгүй. Тус туужид Тулгатай эсрэгцүүлэн Цэдэн хэмээх эрийн дүрийг мөн л чамбай гаргасан нь Тулгын дүрийг зүрх сэтгэлд хоногшуулсан байж ч мэднэ. Бага жаахандаа эр хүнийг ааваараа л төсөөлөн бодож, үсэг бичиг тайлагдаад туульсийн сүрдэм баатруудаар төсөөлж, ид өсөж ухаан жигдэрч байхдаа Тулгад дурлаж байжээ. Тулгад дурласан минь угтаа өр зөөлөн, ухаан саруул, уужуу дэлгэр монгол ухаанд л дурласан байж. Сэтгэлээ задгайлаад сайхан дуулчихдаг, гунигаа харцнаасаа нисгэлгүй үлдээчихдэг, хайрласан бол хат үнэнчээр бат нот хайрлачихдаг, хэлсэн л бол түүндээ хэлцэлгүй хүрчихдэг ийм “хүн” бол Тулга юм. Угтаа ийм л “хүний хайлан”-д дурлачихаад өдийг хүрчээ. Тулгыг өрөвдөж уншвал буруудам. Тулга ижий аавыгаа алдаж байгаа нь эмгэнэлтэй ч өөрт тохиолдсон шударга бус, хатуу хүтүүг хэнд ч гомдлолгүй даван туулж байгаа нь хүчирхэг дүрийн илрэл юм. Энэ зохиолд олон сайхан “эрэгтэй” дүрүүд бий. Тулгын хадам аав болох хүнд “нүдтэй” Дэмбээ өвгөний цөлх дүр, хүний сайхныг олж илрүүлэн өгүүлж буй би баатар ч үлгэр жишээ юм. Бүгд л сэтгэл ажээ. 


 Р.Батхишиг |Зөгий театрын утга зохиол судлаач|

"Дүр" бол урлаг, уран зохиолын амин сүнс гэж эрдэмтэн судлаачид тодорхойлдог. Ерөөс сайхан, муухай ямар ч хэлбэрээр дүрсэлсэн тухайн дүр оршин тогтнож, улмаар уншигчийн сэтгэлд бүхий л талаараа гүн нэвтрэн өөрийн гэсэн орон зайг эзэлж, тархи оюуныг нь чилээж чадваас тэр зохиолч жинхэнэ дүрийг урлаж, сайн зохиол бүтээсэн нь гарцаагүй. Дээрх асуултад хариулахад хамгийн түрүүн, амьдралын олон нугачааг давж гарсан зориг тэвчээрт, эрэлхэг залуусын дүр, эсвэл амьдралын мөн чанарыг ухааран таньж, туйлын энгүүнээр сургамжилж яваа буурал өвгөдийн дүр л буух магад. Гэвч би энэ удаад гэнэн цайлган залуусын дүрийг онцолж байна. Бүгдийг бичвээс ихдэх тул жишээ болгож, Төрийн шагналт зохиолч С.Дашдооровын "Энх улирал ханхлахад" (1970) өгүүллэгийн Улаанхүү болон "Хатан Туулын ус" (1982) өгүүллэгийн Өлзий гэх дүрийн талаар өгүүлье. 
Энэ хоёр өгүүллэгийн өгүүлэмж ерөнхийдөө төстэй боловч дүрийн зан төрх, зарим зүйлээр ялгаатай. Тухайлбал, Улаанхүү өөр хүний өмнөөс гэнэт цэрэгт явж, таван жилийн дараа ирнэ. Ирэхдээ хайртай бүсгүйдээ дугуй толь, хуван сам авч нууцаар хадгалдаг. Харин Өлзий холын замд жин тээж ирэхдээ сэтгэлт охиныхоо хэлсэн Туулын усыг нууж авчирдаг. Хэн хэнийг нь "Аавын бийд газар үз" гээд аавууд нь явуулсан. Зорьсноо бүтээгээд ирэхэд хайртай бүсгүй нь өөр хүний гэргий болсон ижил өгүүлэмжтэй. Улаанхүүгийн дотнын найз Оргой, хайрт бүсгүй Дэнсмаатай нь хуримласныг мэдээд "Юундаа ч гэж Дэнсмаад гомдох билээ. Яалаа ч гэж, Оргой найздаа атаархах вэ? гэж бодоход амьдрал дурлалыг нь сарниулсан дайныг л үзэн ядах сэтгэл цээж дүүрчээ" гээд хэнийг ч үл буруутгах түүний сэтгэлийн өнгө аясыг ямархан уянга яруу илэрхийлснийг харж болох. Цэрэгт явахынхаа урьд жин тээж ирсэн Өлзийг эзгүй хойгуур үл таних нэгэн эр хайрт бүсгүй Гавааг нь авч одсоныг мэдээд "Гэвч Гавааг, Хатан Туулын усаар хар сайхан үсий нь угаалгасан бол... гэж бодсоор байлаа" хэмээн Өлзийгийн гуниг харууслыг цөөн үгэнд багтаан туурвижээ. Өлзий болбоос гомдол ойрхон, гэнэн цайлган хүү, цэрэгт явах нас болсон ч бодол сэтгэлээрээ балчир хэвээрээ байгааг, нөгөөтээгүүр нас биеэр хэчнээн том боловч хүний сэтгэл, тэр дундаа эр хүний сэтгэл гэдэг ямар гэнэхэн, эмзэгхэн байдгийг мэдэрнэ. Харин Улаанхүү бол цэрэгт явж, дайнд хүртэл оролцоод ирсэн, насаар арай ахимаг болоод ч тэр бодол цэгнэл, ухаан санаа нь илүү төлөвшсөн, намбалаг даруу шинжтэй. Уншсан бүхэн "Хайран юм" гэж халагламаар авч "хагацал" бол хайрын мөн чанарыг үнэнээр тодорхойлогч, жинхэнэ хайрыг таниулагч болохыг ойлгож Өлзий, Улаанхүү хоёр шиг үнэнчээр хайрлуулж, хайрлахыг эрмэлзэнэ гэдэгт итгэнэм. Ийнхүү зохиолч С.Дашдооровын урласан уг хоёр дүр нь хайр сэтгэлдээ үнэнч, цагаан цайлган эрчүүдийн төлөөлөл болсон дүр юм.

М.Маралмаа |МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант|

Эрэгтэй хүн гэхээр л хүчирхэг, хээгүй дүр төрх сэтгэлд буух нь бий. Гэхдээ энэ зүйлс нь гадаад талаасаа шүү дээ. Тэдний дотор юу болж байдаг бол?, Дотоод хэв шинж нь ямар бол? гэдэг асуулт сонирхол их татахад П.Баярсайханы “Хөх туурийн тал” хэлээд өгчих шиг санагддаг. Сэтгэл хөдлөм, уянгын, аядуу зөөлөн өнгө аяс энэ өгүүллэгт Лувсан өвгөнөөр тодорно. Аль эрт холдон одсон эхнэрээ зэрэглээ харж санагалзах, өөрийгөө биш хүнийг гэж явах, өөриймсөг хандаж бахархан хайрлах, дуунд уярч нулимс дуслуулах, тэгээд гомдоллоё гэвч гомдоллохгүй тийм сэтгэлийг уншаад халгиж цалгимаар мөртөө тэрүүхэн дотроо хадгалагдаж байдаг хайр эрэгтэй хүнд л байдаг байх даа гэж бодогдуулдаг. 

“Хөх туурь бол тэнгэрийн солир харван унаж байдаг, сар шөнөжин туулахдаа ч цуцдаг агуу уужим тал нутаг юм аа” гэх уншигчийг угтаж аваад бас үдэж өгөх өгүүллэгийн хэсэг Лувсан өвгөнийг тэр чигт нь илэрхийлчихсэн ч юм шиг, тэгээд дахин дахин санаа алдаж, уяран хайрлаж уншмаар болдог оо. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Lk 2024.03.16 202.21.107.92

Социализмийн үеийн гэнэн цайлган, бат үнэнч, эрэлхэг зоригийн туйл, хүний хайлан, эсвэл хар санаа, харанхуй дотортой, царай нь цаанаа л оёзгүй гэсн 2 туйлтай балай амьдралгүй, логикгүй ном, дүрүүдээ эрхэмлэхээс хэзээ салах вэ эрхэм зохиолч судлаачдаа, ядаж уран зохиолын анхны бүтээл болсон одиссейг уншиж үзчихээд балайраач дэ гуйя

0 Хариулах