Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аав хүний хайрыг мэдрүүлэх “Хүүдээ бичсэн захидал” номын 10 үнэт эшлэл


Батжаргалын Батбаяр хэмээх эрхмийн "Хүүдээ бичсэн захидал" номд аав минь их дуртай. Бүр ширээнийхээ ном болгочихсон үргэлж л дэргэдээ авч явдаг юм. Хавтасных нь чаминг ч хэлэх үү ямар гоё харагддаг гээч… Энэхүү нандин номыг би хэдэн сарын өмнө аавынхаа гэрт ганцхан цаг суугаад л уншиж дуусгасан. Унших уншихдаа бүр уйлж уншсан. Яагаад гэвэл хаанаас нь ч харсан ханхар том аавд минь тэнгэрт хальсан өвөөгийн орон зай ямар их дутагдаж байгааг тэгэхэд л ойлгосон юм. Аавд минь ч бас аав хэрэгтэй… Уншсаныхаа дараа “Хүү минь”, “Миний хүү” гэж ихэд дотночилж бичсэн энэхүү номыг эргэн тойрон дахь бүх хүмүүстээ бэлэглэчихмээр санагдсаныг нуух юун. "Хүүдээ бичсэн захидал" номоороо Батбаяр гуай хэдэн хүний сэтгэлд ‘Аав”-ын орон зайг мэдрүүлсэн бол? Ингээд та бүхэндээ зөвхөн эцэг хүнээс гарах халуун дотно эшлэлүүдийг хүргэж байна.

Хүү минь. Охин минь инээ, инээмсэглэж бай. "Хэрвээ чи инээхгүй бол, ад чөтгөр, айдас хүйдэс өндийн босож ирдэг юм. Хэрвээ чи инээхгүй бол, аз жаргал хайр халамж үргээд холдож зайлдаг юм." Тийм учраас инээ инээмсэглэж яв... Батжаргалын Батбаяр 

1. Хүү минь хэн нэгнийг биш, эхлээд чи өөрийгөө ял. Буруу муу дутагдлаа ялж дийлж чад. Нойрыг сэрж ял. Уурыг барьж дарж ял. Өвдвөл тэсэж ял. Өлсвөл гүрийж ял. Зовлонг сөрж ял. Жаргалыг ухаарч ял. Атаа хорсол, бардамнал, бахархал гурвыг аргадаж ял. Хайрыг хайрлаж ял.


2. Хүсэл мөрөөдөл бол агуу. Санаанд багтамгүй их хүч чадал. Тийм учраас мөрөөдсөн мөрөөдөлдөө итгэ. Хэзээ ч бүү эргэлз. Эргэлзвэл битгий мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө чи юм хий. Мөрөөдөл чамайг юу хийх бол гээд харж хүлээж байдаг юм. Тийм учраас чи эхэл. Эхэлж юм хий. Мөрөөдсөн мөрөөдөл дээрээ ажилла. Арч, зүлгэ, өнгө оруул. Ажиллахгүй бол битгий мөрөөд.


3. Хүү минь. Хүн юм алдаж болно. Хүн юуг ч алдаж мэднэ. Юм алдах юу ч биш. Гагцхүү итгэл, сэтгэл, үнэ цэнэ гурвыгаа бүү алд. Бүү гээ. Үнэ цэнийн тэнцвэр бол ҮЛЭМЖИЙН ИХ ТЭНЦВЭР. Тийм учраас юу их үнэтэйг биш, юу жинхэнэ үнэтэйг олж харахыг хичээж бай. 


4. Хүү минь "Тэвчээртэй бай. Аливаа сайн, муу юмыг аль алиныг нь тэсээд өнгөрөөж сур. Хүн нэг л юмыг сайн сурвал, бусад бүх юмыг сурдаг юм. Тэр бол тэвчээр".

5. "Би чадна гэж бодож бай. Хэрвээ хүсвэл миний хүү бүгдийг чадна".

6. Тиймээ. Хүү минь хүнд битгий гомд. Хүмүүс намайг тоохгүй байна даа гэж бүү гомдолло. Хүмүүс чамайг харж байгаа. Ойлгож харж байгаа. Харин хүмүүст чи өөрөө өөрийгөө ойлгуулан харуулж чадахгүй байгаа юм. Энэ л үнэн байдал, учир шалтгаан нь юм шүү дээ.

7. Хүйтэн цас, ширүүн бороо, халуун наранд бүү ажир. Алхаад бай. Өлсөж цангах, унтах хэвтэх, өвдөж шаналахыг битгий тоо. Алхаад бай. Зорьсон зорилгоо бүхний өмнө тавь. "МУУ АМЬД ЯВАХААР САЙН ҮХ" гэдэг юм. Тэгж бодоод л өлхөөд бай.Чи чаднаа. Аав нь мэдэж байна. Миний хүү чи чадна!  Хэрвээ тэгж чадвал миний хүү чи "ЖИРИЙН НЭГЭН ХАРАНДААНЫ БАЛЫГ ОЧИР АЛМААЗ БОЛГОЖ ЧАДНА", тэгж гэмээнэ чи! "ЭЦЭГ ЭХ, ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХЭД, НАЙЗ НӨХДИЙНХӨӨ БАХАРХАЛ БОЛЖ ҮЛДЭНЭ". Орчлонд чамд юу хэрэгтэй гэж? Өөр юу ч хэрэггүй. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

8. "Үхэл бол унтах байдал. Айх юм юу ч байхгүй шүү дээ. Би өөрийгөө мэдэж байгаа" гэж аугаа Сократ хэлжээ. Тиймээ хүү минь. Үхлээс айх хэрэггүй. Сайндаа л бид зуу насална. Эрт, орой хэзээг би хэлж мэдэхгүй. Үхэх л болно. Үзсэн, мэдсэн, дуулсан, сурсан огь хамаагүй. Тус үгүй. Үхэх л болно. Үхэх цаг ирвэл цаст уулын цагаан арслан байгаад ч нэмэр үгүй. Үхэх л болно. Тийм учраас хэрвээ Сократын хэлсэнчлэн үхэл биднийг илүү төгс юманд хүргэх аваас "ҮХЭЛ"  бол үнэндээ айх зүйл биш. Тиймээ хүү минь. Үхлээс айх хэрэггүй.

9. Өнгөрснөөр бүү амьдар. Өнгөрснөөс сурч амьдар.


10. Айдас хүйдэс, атаархал хорсол, уур хилэнгээр бүү амьдар. Гутрал гуньхрал, зовлон зүдгүүрт бүү сөгд!  Инээж яв. Инээмсэглэж яв. Миний сайхан хүү. Миний хөөрхөн охин. Инээ, инээмсэглэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.