UBLife Logo
Дэлхий

ХАРЬЦУУЛАЛТ | Аль улс хамгийн урт хүүхэд асрах чөлөө олгодог вэ?

Ub.life
Ub.life
ХАРЬЦУУЛАЛТ | Аль улс хамгийн урт хүүхэд асрах чөлөө олгодог вэ?

Дэлхийн улс орнууд шинэ эцэг эхчүүдэд хүүхдээ бойжуулахад нь дэмжлэг үзүүлж хүүхэд асрах цалинтай чөлөө олгодог билээ. Тэгвэл аль улс, хэд хоногийн чөлөө олгодгийг харьцуулж харцгаая. 

2022 оны байдлаар хүүхэд асрах цалинтай чөлөөг хамгийн урт хугацаагаар олгодог орнуудын жагсаалтыг Грек тэргүүлжээ. Грек улс 43 долоо хоногийн чөлөө олгодог бөгөөд энэ нь 26.6 долоо хоногийн бүтэн цагийн ажлын чөлөөтэй тэнцэх аж. Түүний араас Бүгд Найрамдах Словак Улс 34 долоо хоног (25.5 долоо хоногийн бүтэн цагийн ажил), Эстони, Польш, Люксембург тус бүр 20 долоо хоног (20 долоо хоногийн бүтэн цагийн ажил)-ийн чөлөө олгож топ тавд жагсжээ. 

Тэгвэл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнуудаас 13 улс (үүний 8 нь Европын орнууд) дор хаяж 3 сар, 29 улс доод тал нь 2 сарын бүтэн цалинтай тэнцэх жирэмсний амралт олгодог байна.

Харин гишүүн орнуудаас АНУ ганцаараа хүүхэд асрах цалинтай чөлөө олгодоггүй бөгөөд үүнийг ажил олгогч компани хариуцах эсвэл ажилтан өвчтэй өдрүүдийн чөлөөгөө ашиглах замаар зохицуулдаг байна. Тус улсын Гэр бүл, эрүүл мэндийн чөлөөний тухай хууль (FMLA)-д зааснаар ажилтан 12 долоо хоног хүртэл цалингүй чөлөө авах эрхтэй байдаг аж. 

Түүнчлэн Австрали улс саяхан хуульдаа өөрчлөлт оруулж 2026 оноос эхлэн шинээр хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд олгодог цалинтай амралтын хугацааг 20 долоо хоногоос 26 долоо хоног болж нэмэгдүүлэхээр болжээ. Энэ өөрчлөлт нь 2024 оны долоодугаар сарын 1-ээс хойш хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд хамаарах аж. Мөн долоо хоногт олгох тэтгэмжийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод болох 882.75 австрали доллар юм байна. 

Азийн орнуудаас Өмнөд Солонгос саяхан хуульдаа шинэчлэл оруулаад байна. Тус улсад шинээр хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд хүүхэд нь нэг нас хүртэл сар бүр 520 долларын тэтгэмж олгодог байсныг 2024 оноос эхлэн эхний нэг жилийн тэтгэмжийг сард 750 доллар, хоёр дахь жилийн тэтгэмжийг сард 375 доллар болгожээ. Үүнээс гадна эмэгтэйчүүдэд өндгөн эсээ хөлдөөх, олон нийтийн эзэмшлийн талбайг хуримын зориулалтаар түрээслэх, хүүхэд асрах бодлогыг хэрэгжүүлдэг компаниудад урамшуулал олгох зэрэг санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг багтдаг. Учир нь, Өмнөд Солонгос төрөлтөөрөө дэлхийд сүүл мушгиж буй. Энэ нөхцөл байдал үргэлжилсээр байвал 50 жилийн дотор тус улсын хөдөлмөрийн насны хүн амын тоо хоёр дахин буурах тооцоо гарчээ. 

Тэгвэл Монгол Улсад гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргаснаар  хүүхэд асрах чөлөө авах эрхтэй байдаг. Шинээр хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн тухайд:

  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж: Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дөрвөн сарын хугацааны ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах байдлаар тооцож олгодог.

  • Эцэг эхийн тэтгэмж: Монгол Улс “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос нийгмийн халамжийн тэтгэмж хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн дагуу гурав хүртэлх насны хүүхдээ харж буй эх, эцгийн аль нэгт нь сар бүр 50 мянган төгрөг олгож байна.

  • Түүнчлэн шинээр төрсөн хүүхдээ асрах аавуудад ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгодог билээ.

Холбоотой мэдээлэл: Өмнөд Солонгос шинэ төрсөн хүүхдэд сар бүр 750 долларын тэтгэмж өгөхөөр боллоо

Эх сурвалж: Yahoo News

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.