UBLife Logo
Спорт

Япончуудын хамгийн дуртай 10 япон эмэгтэй жүдоч

Япончуудын хамгийн дуртай 10 япон эмэгтэй жүдоч

Японы ранкинг сайтаас уншигчдынхаа дунд “Таны дуртай япон эмэгтэй жүдоч хэн бэ” санал асуулга явуулжээ. Асуулгад эрэгтэй, эмэгтэй нийт 8978 хүн оролцсон байна. Эмэгтэйчүүдийн жүдо 1992 оноос олимпын хөтөлбөрт багтсан. 2021 оны Токио олимпод Японы эмэгтэй шигшээ баг 4 алтан медаль авсан билээ. Японд алдартай эмэгтэй жүдоч олон ч ард түмний хамгийн хайртай жүдоч нь хэн юм бол?

1, Тамүра Рёоко – 1543 санал

“Супер од болохоор нь”

“Түүнийг барилдаж байхаас нь л сэтгэлээсээ дэмждэг байлаа”

“Жүдод хандах хандлага, сэтгэлгээ, өрсөлдөгчөө хүндлэх байдал, хичээл зүтгэлийг нь хараад хайрлахгүй байхын аргагүй. Тамүра бол эмэгтэй жүдо бөхийн өв юм”

Алдартай манганаас авсан “Явара чян” нэрээр ард түмний баатар болсон Тамүра. Эмэгтэй жүдо бөхийн түүхийг бичсэн домог. Дунд сургуульд байхдаа анхныхаа олон улсын тэмцээн болох Фүкүокагийн тэмцээнд түрүүлээд 2000 оны Сидней, 2004 оны Афин олимпод дараалан түрүүлсэн. Нөхөртэй болж овог нь өөрчлөгдөхөд “Тамүра нэртэй ч алт, Тани нэртэй ч алт” хэмээн хэлээд хэлсэндээ хүрсэн жүдоч. Олимпын наадмаас 5 медаль, ДАШТ-д зургаан удаа түрүүлсэн алдартан.

2, Абэ Үта – 1398

“Залуу үеийн итгэл найдвар”

“Маш хөөрхөн төдийгүй хүчирхэг”

“Өнөөгийн эмэгтэй жүдод Үта хамгийн хүчтэй нь. Магадгүй түүхэнд хамгийн хүчтэй эмэгтэй жүдоч байх. Парист хэрхэн барилдахыг нь тэсэн ядан хүлээж сууна”

Абэ Хифүми ахыгаа даган, жүдо барилдаж эхэлсэн охин. 2018 оны ДАШТ-д Японы түүхэнд анх удаа ах дүү зэрэг дэлхийн аварга болж, олны анхаарлыг татсан билээ. Түүнээс хойш улам сайжирсаар Токио олимптой золгосон. Эхэлж барилдсан Үта нэмэлт цагт ялж түрүүлээд хүлээж суухад ах нь ч түрүүлж, “Түүхэнд хамгийн хүчирхэг ах дүү хоёр” нэр зүүсэн. 2024 оны Парист ч ах дүү хоёр түрүүлнэ гэдэгт япончууд итгэлтэй байна.

3, Мацүмото Каори – 984

“Мацүмотогийн хийморьтой сайхан барилдааныг хэзээ ч мартахгүй”

“Манай нутгийн баатар. Их хөөрхөн, дээр нь даруухан, хөгжилтэй”

“Телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт орох болгонд нь заавал үздэг. Барилдаж байхаас нь л дуртай”

Хөөрхөн царайтай алтан медальт “араатан” хэмээх Мацүмото. 2012 оны Лондон олимпод түрүүлсэн. Барилдах үеийн харц, барилдааны стиль болон хэт хүчтэйгээсээ болоод “Араатан” нэр зүүсэн. Өрсөлдөгчдөө эргэлзэлгүй шидэж, унагаасаар байгаад “Мацүмото Каоригийн хохирогчдын нийгэмлэг” байгуулагдсан шүү гэж тэр инээн ярьж байлаа. Гэхдээ яг үнэндээ хөөрхөн, инээх дуртай, зөөлхөн бүсгүй. Зодог тайлаад мөхөөлдөсний мухлаг нээж, хүмүүийг гайхуулсан. Багш, дасгалжуулагчаар ч ажиллаж байгаа. 

4, Танимото Аюүми – 473

“Мэх хийж байгаа нь үнэхээр цэвэрхэн, сайхан”

“Олимпын алтан медалийг нь мартахгүй”

“Царайлаг, хүчтэй”

Хоёр олимпын наадамд бүх өрсөлдөгчөө цэвэр ялан, олимпын хошой аварга болж, жүдогийн түүхэн амжилтыг тогтоосон. Хамт олны уур амьсгалыг өөдрөг, сайхан болгодог зөөлөн инээмсэглэл түүнийх.   2004 онд Афинд бүх барилдаанаа иппон дуусган, түрүүлээд Кога багшаа тэврэн, баярлаж байсан нь ард түмний сэтгэлд хоногшжээ. 2008 оны Бээжинд ч дандаа иппон ялсаар түрүүлсэн. Ёстой л өрсөлдөгчгүй жүдоч байлаа. Зодог тайлаад дасгалжуулагч болсноос гадна Анагаахын их сургуулийн докторын зэрэг хамгаалаад амжсан. Допингийн эсрэг лекц уншиж, сургалт явуулдаг.

5, Накамүра Мисато – 304

“Хөөрхөн болохоор нь дуртай”

“Олимпод алтан медаль аваарай гэж их дэмжсэн ч...”

“Хамгийн дуртай жүдоч минь”

Ялсан ч инээж, баярлаж, огт харагддаггүйгээрээ алдартай Накамүра. Алалдан, өрсөлдөх сэтгэлээ дотроо нуудаг, хөөрхөн жүдоч байлаа. 2008 оны Бээжинд хүрэл медаль авсан ч “Алтаас бусад медаль бүгд ижилхэн” гэж харамсаж байсан. 2016 оны олимпод мөн л хүрэл медаль. Одоо ч зодог тайлалгүй барилдсаар, хажуугаар нь багшилсаар, жүдо бөхийн ачийг хариулсаар байна.  

6, Сүгавара Норико – 256

“Гоё харагддаг жүдоч”

“Үнэхээр хүчтэй. Хамаг чадлаараа дэмждэг байлаа”

“Хамгийн дуртай тамирчин”

1996 оны Атлантад Сүгавара нэртэй хүрэл медаль авсан. Дараа жил нь гэрлээд Нарасаки нэртэй болж, гэр бүлийн амьдралд шилжсэн. Аспирантурт элсээд дахин барилдаж, 2000 оны олимпод Японы жүдогийн түүхэнд анх удаа гэрийн эзэгтэйн хувиар оролцсон. Мөнгөн медаль авсан гэж байгаа.

7, Танабэ Ёоко – 246

“Эрчүүдээс дутахгүй бяр чадалтай” 

“Байнга дэмждэг”

“Сайхан жүдоч шүү”

1988 оны Сөүлд хүрэл, 1992 оны Барселона, 1996 оны Атлантад мөнгөн медаль авсан. Эмэгтэй жүдогийн 72 кг-ын жинд олимпоос гурван медаль авсан домог. Ахлах ангид байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж байгаад жүдод шилжсэнээр хувь заяагаа олсон юм. Бүх Японы АШТ-д зургаа дараалан түрүүлсэн, бүх Японы АШТ-ий үнэмлэхүй жинд 7 дараалан түрүүлсэн, өрсөлдөгчгүй бөх байлаа. 

8, Сүгимото Мика – 231

“Маш хичээл зүтгэлтэй бөх”

“Инээж байгаа нь хөөрхөн”

“Инээмсэглэл, сэтгэлийн хөдлөл нь зүрхэнд үлджээ”

Японы хүнд жинг үүрч явсан жүдоч. Цайлган зантай, байнга инээмсэглэж явдгаараа хүн бүхний сэтгэлийг татсан. 2010 онд Токиод болсон ДАШТ-д +78 кг, үнэмлэхүй жинд түрүүлж байв. Японы эмэгтэй жүдогийн түүхэнд анх удаа хоёр жинд нэг ДАШТ-д түрүүлсэн. 2010 оны Лондон олимпод мөнгөн медаль авсан. 

9, Күсакабэ Миэ – 221

“Жинхэнэ хүчтэй жүдоч”

“Гайхамшигтай тамирчин”

2000 оны Сидней олимпын хүрэл медальт. Тамүра Рёоко шиг болохыг хүсэн жүдод оржээ.  Бага ангид байхдаа нас чацуу Иноүэ Косэйтэй барилдаж хайнцаад өөртөө итгэлтэй болсон гэдэг. Сидней олимпоос нэг жилийн өмнө өвдөгнийхөө шөрөмсийг тасалсан ч бэрхшээлийг даван туулж, медаль авсан юм.

10, Үэно Масаэ - 218

“Үэно эгч дүү 3”

“Хэт хүчтэй гэж хэлж болохоор байсан”

Анхны олимп болох 2000 оны Сиднейд жингээ хасаж чадалгүй 3 дахь тойрогт ялагдсан. Дараа нь 2004 оны Афин, 2008 оны Бээжинд дараалан түрүүлсэн. Хоёр эмэгтэй дүү нь ч жүдо барилддаг. Зодог тайлаад гэрийн тэжээвэр амьтдын салон ажиллуулж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.