“Ираны чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Расул Хадем (1996 оны Атлантагийн олимпийн аварга) UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лаловичид хандан, эсэргүүцэл илэрхийллээ” хэмээн Ираны бөхийн холбооны албан ёсны фэйсбүүк хуудсанд бичжээ. Алдарт Хадемд энэ зунаас эхлэн хэрэгжиж байгаа дүрмийн өөрчлөлт таалагдсангүй.

Расул Хадем энэ жилийн ДАШТ-ий оноолт хийх арга болон онооны системийг шүүмжилснээс гадна жингийн өөрчлөлтийг маш их будлиан дагуулах зүйл гэж хэлээд “Яг юуны төлөө өөрчлөлт хийж байгаа юм бэ”, “Хэнд ашигтай эд вэ” гэж хилэгнэн асуужээ.Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмын 74 кг-ийн жингийн аварга Хасан Язданиг жишээ болгон дурдаж, “Яздани “Токио 2020” олимпод жингээ нэмэн, түрүүлэхээр бэлтгэж, Риогийн наадмын дараагаас биеэ томруулсан. Одоо тэр 86 кг-тай байгаа. (2-р сарын Дэлхийн Цомд 86 кг-д барилдсан) Гэтэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны техникийн хорооноос санал болгож буй шинэ жинд 86 кг байхгүй. Тэдний саналаар бол Яздани олимпийн наадамд 80 кг-д оролцохоос өөр аргагүй болж байгаа юм. Гэвч одоо тэр 80 кг-д жингээ хасаж чадахгүй. Яагаад тамирчдаа бодохгүй, ийм өөрчлөлт хийж байгаа юм бэ” гэж дүрмийн шинэчлэлд эргэлзэж байгаагаа хэлсэн байна. Мөн чөлөөт бөх олимпийн хөтөлбөрөөс хасагдах шахсан ч үлдэж чадсан явдалд ОХУ-ын нөлөө, хүч их байсан гэдгийг дурдсан ч дүрмийн өөрчлөлтийг ОХУ голлох үүрэг гүйцэтгэн, явуулж байгааг хатуу шүүмжилжээ. “Чөлөөт бөх хаашаа зүглэж байна вэ. Энэ маягаараа бол дахиад л олимпийн наадмаас хасагдах аюул тулгарна” хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Ираны спортын сэтгүүлч Мехди Аташин “Ираны эсэргүүцлийг олон орон дэмжиж байгаа. 10 жинтэй болбол Ираны бөхийн холбоо 59、62、65、70、75、80、86、92、100、130 кг-ийн жинтэй болох санал гаргаж байгаа” гэж бичжээ. Гэхдээ энэ санал нь албан ёсны эсэх болон ямар жинг олимпийн жин болгох талаар огт дурдсангүй. Харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны техникийн хорооноос (Ерөнхийлөгч нь ОХУ-ын Михаил Мамиашвили) гаргасан төсөлд 55、60、65、70、75、80、85、90、100、130 кг гэсэн 10 жин (Үүнээс олимпийн жинд 60、70、80、90、100、130 кг) дурдагдсан байгаа. Тэгвэл ОХУ-ын спортын сэтгүүлч Петр Павлов Оросын бөхийн холбооноос 55、 60、 65、 70、 75、 80、 90、 100、 110、 120 кг гэсэн 10 жинтэй болох саналтай байгаа (олимпийн жинг заагаагүй)” гэж бичжээ.Шинэ жинг ирэх наймдугаар сард болох Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр санал асуулгаар шийдэх учиртай. Тэр болтол бөхийн ертөнцөд маргаан их гарах шинжтэй боллоо.