Иллюстрэшн зургийг Вашингтон Постоос авав
Коронавирус бидний амьдралыг олон талаар өөрчилж байна. Халдварт өвчин намжсан ч хүн төрөлхтний ажиллах, амьдрах хэв маяг өмнөх шигээ байж чадахгүй бололтой. Ялангуяа ажлын орчны зохион байгуулалтад дараах өөрчлөлтүүд орно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Холбоотой мэдээлэл: Тахлын улмаас ресторанууд бүхэлдээ өөрчлөгдөж буйг батлах 10 зураг
1. 6 фийт зарчимд тулгуурласан оффис

Ирээдүйд гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэх ч оффис огт байхгүй болно гэсэн үг биш юм. Харин шинэ нөхцөлд зохицохын тулд зарим нэг өөрчлөлт бий болж мэднэ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн Кушман & Уэйкфилд компани 6 фийт (1.8 метр) зарчимд тулгуурласан оффисын дизайныг гаргажээ. Хамгийн эхний зарчим бол ажилтнуудын ширээ багадаа 1.8 метрийн зайтай байрлах юм. Мөн оффисын орчинд ажилтан тус бүрийн хөдөлгөөнийг гар утсаар нь дамжуулан хянаж, бусад руу 1.8 метрээс ойр зайд дөхөж очсон тохиолдолд сэрэмжлүүлэг илгээдэг аж.
2. Энгийн шийдлүүд

Гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх нь халдварт өвчний тархалтыг хязгаарлахад үр дүнтэй гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгддэг. Тиймээс ажлын өдрийн төгсгөлд ширээгээ тогтмол цэвэрлэх, гараа ариутгах зэрэг энгийн дадлууд ирээдүйд бидний амьдралын салшгүй хэсэг болох нь.
3. Хамтын оффис цөөрнө

Сүүлийн хэдэн арван жил трэнд болсон хамтын оффисын хэв маяг өөрчлөгдөж магадгүй гэнэ. 1950-аад оных шиг ажилтан бүр тусдаа бүхээгт суухгүй ч нэг зааланд суух хүмүүсийн тоог цөөрүүлэх нь тодорхой гэжээ.
4. Илүү олон тэмдэглэгээ ашиглана

Лифт, коридор, хана, шал гээд оффисын хаа сайгүй тэмдэглэгээнүүд тавигдаж, таны хэрхэн биеэ авч явахыг, хаана зогсохыг зааварлах аж.
5. Шинэ технологи

Компаниуд халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд шинэ төрлийн технологиудад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж мэднэ. Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржа хотод байрлах Заха Хадид архитектурын компанийн шинэ оффисыг ирээдүйн ажлын орчны нэг жишээ гэжээ.

Учир нь, ажилчид оффисын орчинд байхдаа ямар нэгэн биет объектод гараараа хүрэх шаардлагагүй байхаар бүхнийг тооцоолжээ. Жишээ нь, оффисын хаалга, лифт нь хөдөлгөөн болон царай таних мэдрэгчтэй тул автоматаар онгойдог, кофег утсаараа захиалах боломжтой юм байна.
6. Барилгын зохион байгуулалтыг өөрчлөх

Аюулгүй байдлыг хангах үүднээс зарим компаниуд одоогийнхоос огт өөр зохион байгуулалттай барилга руу нүүж мэдэх гэнэ. Ядаж л коридор, үүдний хэсэг нь өргөн, хэлтэс хоорондын зай хол байх шаардлагатай гэжээ.
7. Цэвэр агаар сайн нэвтрүүлдэг байх
Гэр, ажлын орчны цонхыг тогтмол нээж, агаарын сэлгэлт хийх нь коронавирусийн тархалтыг бууруулахад үр дүнтэй гэж судлаачид мэдээлж буй. Тиймээс ирээдүйн оффисууд агаарын сэлгэлт сайтай, том цонхтой байх шаардлагатай болж байна.
8. Мэндчилэх хэв маяг өөрчлөгдөнө
Дэлхий даяар гар барьж мэндчилдэг уламжлалаас хэдийн татгалзаж эхлээд байна.
Эх сурвалж: We Forum