Технологийн хөгжлийн ачаар компаниуд фрилансер, гэрээт ажилтнуудыг хөлслөх нь нэмэгдсээр байна. Бүтэн цагийн ажлын хажуугаар нэмэлт орлого олох боломж хэзээ хэзээнийхээс илүү хялбар болжээ. Одоогийн байдлаар, АНУ-д 44 сая хүн цалингаас гадуур нэмэлт орлого олох ажил хийж байгаа ба үүнд таксинд явах, байраа түрээслэх, гар урлалын бүтээгдэхүүн хийж онлайнаар худалдахаас эхлээд төрөл бүрийн ажил багтдаг аж.
Ийм төрлийн ажил нэмэгдэх болсон нэг шалтгаан нь эхлүүлэхэд хялбар байдагтай холбоотой. Жишээ нь, Амазоны Механик Турк дээр судалгаа бөглөхөд хоёрхон минут л шаарддаг бөгөөд хариу иртэл цөөн хэдэн минут хүлээнэ. Такси дуудлагын Lyft компанид жолоочоор орохын тулд хүчинтэй жолооны үнэмлэх, машин, онлайнаар бөглөсөн өргөдөл байхад л хангалттай. Түүнчлэн график дизайнер, вэб хөгжүүлэлт гэх мэт мэргэжлийн ур чадвар шаардсан ажил хийдэг хүмүүс ганц хоёрын өдрийн дотор Upwork гэх мэт платформ дээр профайлаа үүсгээд л ажлаа эхлүүлж болно.
Тэд нэмэлт орлого олох ажилдаа долоо хоногт дунджаар 13 цагийг зарцуулж, ойролцоогоор сард 5000 долларын орлого олдог байна. Мөн судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь нэгээс илүү нэмэлт орлогын эх сурвалжтай гэж хариулжээ.
Гэсэн хэдий ч үндсэн ажил ба нэмэлт орлого олдог ажлынхаа тэнцвэрийг хадгалахад тодорхой бэрхшээл учрах нь гарцаагүй билээ. Харвардын Бизнесийн тойм сэтгүүл саяхан нэмэлт орлого олох ажил хийдэг 1000 хүний дунд судалгаа явуулжээ. Хүний нөөцийн зөвлөх ажлынхаа хажуугаар үнэт эдлэл хийж худалддаг, дата аналист хийхийн зэрэгцээ хүргэлтийн ажил хийдэг, сувилагчийн ажлынхаа хажуугаар онлайнаар судалгаа бөглөдөг, чөлөөт цагаараа нийтлэл бичдэг график дизайнер гэх мэт үндсэн ажлынхаа хажуугаар төрөл бүрийн "халтуур" хийдэг хүмүүс уг судалгаанд оролцжээ. Тэд нэмэлт орлого олох ажилдаа долоо хоногт дунджаар 13 цагийг зарцуулж, ойролцоогоор сард 5000 долларын орлого олдог байна. Мөн судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь нэгээс илүү нэмэлт орлогын эх сурвалжтай гэж хариулжээ.
Нэмэлт ажил хийснээр үүсэж буй эерэг сэтгэл хөдлөл үндсэн ажлын гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг талтай. Гэвч зарим тохиолдолд үндсэн ажлаа цалгардуулах шалтгаан болдог байна. Сайн мэдээ гэвэл, өөрт тохирсон нэмэлт орлогын эх сурвалжийг сонгож, хөгжүүлж, бүтэн цагийн ажилтайгаа хоршуулах олон арга байдгийг судлаачид хэлж байна.
Нэмэлт ажил хийх нь ганцхан мөнгө олох тухай асуудал биш юм.
Нэмэлт орлого олох нь "халтуур" хийх үндсэн шалтгаан мөн боловч тухайн ажлын онцлог шинж чанар, түүнийг хийх болсон мотиваци зэрэг нь нэмэлт ажлыг илүү утга учиртай, баялаг болгодог ажээ. Тодруулбал:
Юун түрүүнд, ажилчдад бие даасан байдал, ажлын хуваариа төлөвлөх, шийдвэр гаргах, ажлаа хэрхэн гүйцэтгэх эрх чөлөөг олгодог.
Ажил эхлэхээс дуусах хүртэл бүх үйл явцыг харж, хэмжих боломжтой байдаг тул тухайн хүнд чухал туршлага болж үлдэнэ.
Эргэх холбоотой. Ажлын гүйцэтгэлээ сайжруулахад тань туслах товч, тодорхой санал, хүсэлтүүдийг ажил олгогч хэлэх боломжтой. Жишээ нь, Lyft, Uber зэрэг дуудлагын такси үйлчилгээний компани жолоочдын үнэлгээ, тарифтай холбоотой санал хүсэлт, зөвлөмжүүдээр тогтмол хангадаг.
Ач холбогдолтой. Хүмүүсийн ажил, амьдралд эерэг өөрчлөлт оруулах ажил.
Төрөл бүрийн ур чадвар шаарддаг. Нэмэлт орлого олохоор хийж буй ажил тань таны одоогийн ур чадварыг сайжруулах эсвэл, шинэ ур чадвар хөгжүүлэхэд
Нэмэлт ажил хийх болсон шалтгааны тухайд хүн бүрийн хувьд харилцан адилгүй юм. Жишээ нь, дээрх судалгаанд оролцсон хүмүүсийн 45 хувь нь орлогоо нэмэгдүүлэх, мэргэжлийн нэр хүндээ ахиулах зорилгоор нэмэлт ажил хийдэг гэсэн бол 34 хувь нь бие даасан байдал ба үндсэн ажлаас өөр төрлийн ажил хийх боломжтой учраас гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, нягтлан бодогчоор ажилладаг хүн сонирхлынхоо дагуу гэрэл зурагчин хийж нэмэлт орлого олох боломжийг хэлж буй юм. Мөн нийгмийн харилцаанд оролцохын тулд гэж 7 хувь нь хариулсан байна. Эндээс харвал, нэмэлт ажил хийх нь ганцхан мөнгө олох тухай асуудал биш гэдгийг харж болно.
Хэрэв та нэмэлт орлого олох ажил хийхээр шийдсэн бол дараах дөрвөн зүйлийг анхаараарай.

Үндсэн ажилтайгаа төстэй эсвэл тэс ондоо ажил хийх үү?

Бүтэн цагаар нягтлан бодогч хийдэг хүн ажлын бус цагаар байгууллагуудын улирлын тайланг гаргаж өгдөг бол хоёр ажлаа хослуулах, нэгээс нөгөөд шилжихэд харьцангуй хялбар байх нь ойлгомжтой. Гэвч ийм тохиолдолд үндсэн ажлаасаа завсарлага авч, толгойгоо сэргээх боломж хумигдана гэдгийг санах хэрэгтэй. 8 цагийн турш нягтлан бодохын ажил хийдэг байснаа 12 цаг болгож нэмэгдүүлэх үү эсвэл, нэмэлт 4 цагтаа огт өөр ур чадвар шаардах, тэс өөр орчинд ажиллавал тустай юу гэдгийг сайтар эргэцүүлээрэй.

Ажлын ачааллаа тохируулах нь

Онлайн дэлгүүр ажиллуулах, таксинд явах зэргээр нэмэлт орлого олдог бол ажлын ачааллаа тэнцвэржүүлэхд төдийлөн асуудал үүсэхгүй. Харин орчуулагч, график дизайнер, вэб хөгжүүлэгч мэргэжилтэй хүмүүс заримдаа эцсийн хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай болдог. Захиалагч тал "Хоёр хоногийн дотор гүйцэтгэх хэрэгтэй байна" гэж асуухад "гүрийгээд" ажиллахаас өөр сонголтгүй шүү дээ. Харин ийм ачааллаас зайлсхийж байгаа бол нэмэлт ажил хийж эхлэхдээ л тодорхой төлөвлөгөө гаргаж, түүнийгээ мөрдөөрэй. Жишээ нь, нэг дор хоёр ажил гүйцэтгэхгүй, нэг долоо хоногт нэг л нэмэлт ажил дээр төвлөрнө гэх мэт баримтлах зарчмыг өөртөө бий болговол ажлын ачааллаас ирэх дарамт, стрессийг бууруулах боломжтой.

Нэмэлт ажил хийж байгаагаа удирдлагууддаа тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй юу?

Зарим байгууллага нэмэлт ажил хийхийг ашиг сонирхлын зөрчил эсвэл, хөдөлмөрийн гэрээний зөрчсөн гэж үздэг. Тиймээс нэмэлт ажил хийж эхлэхээсээ өмнө байгууллагын бодлого, журмыг сайтар судалж, иймэрхүү асуудалд орохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Цаашлаад байгууллагын дотоод дүрмийг зөрчөөгүй байсан ч хамтран ажиллагсад, удирдлагуудад чинь хэрхэн нөлөөлөхийг бодолцох хэрэгтэй. Хэрэв та нэмэлт ажил хийж байгаагаа ажлынхандаа хэлэх үү, хэлэхгүй юу гэж эргэлзэж байвал байгууллагынхаа соёлыг харгалзан үзээрэй. Жишээ нь, танай байгууллага ийм боломжид хэр уян хатан, нээлттэй ханддаг билээ? Танай ажилтнууд дундаас нэмэлт ажил хийж орлого олдог хүн бий бил үү? Тэд энэ тухайгаа нээлттэй ярьдаг уу? Мөн удирдлага чинь танд хэр их итгэл үзүүлдэг вэ, та тэдэнд хэр их итгэдэг вэ, нэмэлт ажил хийж байгаагаа нууснаар энэ итгэлцлийг нураах юм биш биз? гэдгийг өөрөөсөө асууж, сайтар эргэцүүлээрэй.
Хэрэв та энэ тухайгаа хэлэхээр шийдсэн бол үндсэн ажлаа цалгардуулахгүй, цаашлаад уг ажлаас суралцаж буй мэдлэг, ур чадвар бүтэн цагийн ажилд эерэгээр нөлөөлнө гэдгийг хамтран ажиллагсаддаа ойлгуулах нь чухал юм. Дэлхийн шилдэг 100 компанийн нэгд хүний нөөцийн зөвлөхөөр ажилладаг эмэгтэй ажлаас гадуур гоёмсог гоёл чимэглэл урлаж, онлайнаар худалддаг хэмээн ярьжээ. Тэрбээр үндсэн ажлынхаа үеэр илэрхийлэх боломжгүй бүтээлч байдлаа ийнхүү ашигласнаар ажлын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлж, ажил, амьдралын сэтгэл ханамж нь нэмэгдсэн болохыг хамт олондоо тайлбарласнаар нэмэлт ажлаас үүдэн гарч болзошгүй үл ойлголцлыг зохицуулж чадсан байна.

Үндсэн ажил ба нэмэлт ажлын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ?
Энергиэ удирд: Судалгаанд оролцогчдын дийлэнх нь ажлын өдрүүдэд оройн цагаар нэмэлт орлого олох ажлаа хийдэг гэж хариулсан байна. Та хэдийдэд ч нэмэлт ажлаа хийдэг байж болно. Гол нь, аль аль ажлаасаа завсарлага авч, амрах цагийг өөртөө гаргах нь зүйтэй. Энергиэ удирдах хамгийн эхний алхам бол долоо хоногийн хэдэн өдөр, аль аль гарагт нэмэлт ажлаа хийхийг эхнээсээ төлөвлөх юм. Мөн үндсэн ажлаа дуусгаад шууд нэмэлт ажил руугаа орохын оронд дунд нь бага зэрэг завсарлага авахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Ер нь, ямар ч үед удаан хугацаагаар тасралтгүй ажиллаж болохгүй, 10 минутын жижиг завсарлага ч чухал ач холбогдолтой байдгийг сануулъя.
Санал болгох нийтлэл: Цагийн менежментийн талаар эмэгтэйчүүдийн заавал мэдвэл зохих 'тактик'
Нэмэлт ажлаасаа эерэг зүйл олж харахыг хичээ: Бүтэн цагийн ажлын хажуугаар нэмэлт ажил хийнэ гэдэг амаргүй. Гэлээ ч зарим хүн үүнээс эрч хүч, урам зориг, баяр хөөрийг мэдэрч, маргаашийн ажилдаа яарах шалтгаан болдог гэнэ. Тэр бүү хэл үндсэн ажлаас үүдэлтэй стресс, түгшүүр, бухимдлыг арилгах хөшүүрэг болдог гэжээ.
Эх сурвалж: Harvard Business Review